Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0613

 

 

 

 

 

 

 

  

 

“Н р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 559 дүгээр шийдвэртэй, “Н р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших “Н р” ХХК-ийн эзэмшиж байгаа “Д” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-017981 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж ирүүлээгүй үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот шийдвэр үндэслэл муутай гарчээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ... 3 жилийн хугацаагаар тодорхойлогдож энэ хугацаанд шинэчлэн боловсруулж тухайн сумын Засаг даргаар батлуулахаар зохицуулсан байна гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсаргах зохицуулалттай. Уг зохицуулалтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” батлуулахаар заасан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан нөхцөл шаардлагыг ханган ажиллаж байна.

Гэтэл нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 онд шинэчлэн боловсруулж ирүүлээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н р” ХХК-аас “Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдын нутагт орших “Н р” ХХК-ийн эзэмшиж байгаа “Д” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн XY-017981 тоот тусгай зөвшөөрлийн[1] хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот шийдвэрээр[2] “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзан шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 38 дугаар зүйлийн 38.1.5-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж  тус тус зохицуулжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 3 жилд нэг удаа шинэчлэн гаргана, харин уг төлөвлөгөөний тайланд байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэх агуулгатай байна.

Нэхэмжлэгч “Н р” ХХК-ийн хувьд Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал сумдын нутагт “Д” нэртэй 5695.48 га талбайд XV-017981 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн бөгөөд уг тусгай зөвшөөрөл 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчинтэй хугацаатай[3] байсан бөгөөд эхний удаа хугацаа сунгуулах хүсэлт гаргахад шаардлагатай “байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар уг шийдвэрийг хариуцагч сумын Засаг даргаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгэн, нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөө[4] 2020 онд батлагдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй бөгөөд эхний хугацааг сунгуулахад шаардагдах “байгаль орчны менежментийн 2018 оны төлөвлөгөөг” 2020 онд батлуулсан, энэ нь 2018-2021 он хүртэл 3 жилийн хүчинтэй, хугацаа нь дуусаагүй байхад хариуцагчаас 2020 онд батлуулсан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг” нэхэмжлэгчээс дахин шаардаж, түүний тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд хариуцагчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-ыг хавсаргах зохицуулалттай... Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан нөхцөл шаардлагыг ханган ажиллаж байна. “Н р” ХХК-ийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 онд шинэчлэн боловсруулж ирүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунган, үргэлжлүүлэн тооцохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1][1] Хэргийн 7 дахь тал

[2] Хэргийн 57 дахь тал

[3] Хэргийн 7, 8 дахь тал

[4] Хэргийн 160, 163-174 дэх тал