| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07475/И |
| Дугаар | 102/ШШ2017/00155 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/00155
2017 оны 01 сарын 09 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00155 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа, “Эрин интернэйшнл” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 76 тоотод оршин суух, Боржигин овогт Батмөнхийн Батбаяр /РД-УМ89110576/-т холбогдуулан гаргасан,
Ажил хүлээлцэхийг даалгах, ажлын байрыг дур мэдэн орхиж явснаас үүдэж байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдсоны хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах, байгууллагын нууцын журамд заагдсан мэдээллийг бусдад задруулахгүй, ашиглахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрин интернэйшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батбаяр нь “Эрин интернэйшнл” ХХК-д 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдээлэл технологийн инженерээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.
Б.Батбаяр нь 2016 оны 5 дугаар сард ээжийн бие муу хэмээн 3 хоногийн чөлөө аваад өнөөг хүртэл ажилдаа ирээгүй, байгууллагын бүх сүлжээний паспорт вэб хостуудад нэвтрэх эрхийг хүлээлгэн өгөөгүйгээс байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдож байна.
Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд интернетээр видео хурал хийх, тайлан тэнцэл явуулах, дотоод хяналт тогтоох зэрэг хамтран ажиллагааны хүрээнд техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг төдийгүй, гаалийн тусгай бүс болон олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааны онцлогт зориулж программ хангамж, хяналтын нэгдсэн системийг хэрэгжүүлдэг.
Зөвхөн цонх үйлдвэрийн хувьд Польш улстай хамтран ажилладаг бөгөөд цонхны өртөг зардал тооцоолох программыг компанийн үндсэн серверт суулган ажиллуулдаг бөгөөд программ шинэчлэх зорилгоор Польшийн 2 мэргэжилтнийг авчирсан боловч сүлжээнд нэвтрэх эрх байхгүйгээс хийгдэх боломжгүй болж байгууллага ихээхэн хохирол амсаж байна.
Дээрх байдлаар мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байсан Б.Батбаяр нь өөрийн чиг хүрээнд хариуцаж байсан компанийн дотоод сүлжээ, камерын хяналтын систем, интернет акаунтууд, веб хаягуудад нэвтрэх админ эрхийн паспортуудыг өөрчилж, компанийн удирдлагад мэдэгдэхгүй алга болсноос компанийн үйл ажиллагаа доголдож, ихээхэн хэмжээний хохирлыг амсч байна.
Бид байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, кибер гэмт хэргийн нөхцөл байдал үүссэн байж болзошгүй үүднээс Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
Иймд бид Б.Батбаярыг ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд тушаалд заасны дагуу ажил хүлээлцэх зайлшгүй шаардлагатай байх тул дээрх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Мэдээлэл технологийн инженерийн хувьд хариуцаж байсан ажлаа хүлээлцэхийг даалгах шаардлагын хүрээнд Б.Батбаяр нь өөрийн бурууг ухамсарлан, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч өөрийн чиг үүргийн хүрээнд хариуцаж байсан ажлаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн хүлээлцэж, Эрин хорооллын холбоо дохиоллын ажилтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хүрэлцэн ирж холбогдох мэдээ, мэдээллийг өгч байхаар, мөн өөрийн хийж гүйцэтгэсэн Гоодойн зуслан дахь камерын тэжээлийн асуудлыг цаг тохиролцон газар дээр нь шалгаж акт үйлдэх,
Ажлын байрыг дур мэдэн орхиж явснаас байгууллагын үйл ажиллагаа доголдсоны хохирол 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас “Эрин интернэшнл” ХХК бүрэн татгалзаж,
Байгууллагын нууцын журамд заагдсан мэдээллийг бусдад задруулахгүй байх шаардлагын хүрээнд Б.Батбаяр нь “Эрин интернэшнл” ХХК-д ажиллах хугацаандаа олж мэдсэн мэдээллийн аюулгүй байдал, холбоо дохиолол, программ хангамж, камерын хяналтын системтэй холбогдох бүхий л мэдээллийг хугацаагүйгээр хадгалах, бусдад задруулахгүй байх үүргийг хүлээж талууд харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрин интернэйшнл” ХХК нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан ажил хүлээлцэхийг даалгах, ажлын байрыг дур мэдэн орхиж явснаас үүдэж байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдсоны хохирол 2,500,000 төгрөг гаргуулах, байгууллагын нууцын журамд заагдсан мэдээллийг бусдад задруулахгүй, ашиглахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд, нэхэмжлэгч нь байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдсоны хохирол 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Батбаяр нь өөрийн чиг үүргийн хүрээнд хариуцаж байсан ажлаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн хүлээлцэх, Эрин хорооллын холбоо дохиоллын ажилтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хүрэлцэн ирж холбогдох мэдээ, мэдээллийг өгч байх, мөн өөрийн хийж гүйцэтгэсэн Гоодойн зуслан дахь камерын тэжээлийн асуудлыг цаг тохиролцон газар дээр нь шалгаж акт үйлдэх, “Эрин интернэшнл” ХХК-д ажиллах хугацаандаа олж мэдсэн мэдээллийн аюулгүй байдал, холбоо дохиолол, программ хангамж, камерын хяналтын системтэй холбогдох бүхий л мэдээллийг хугацаагүйгээр хадгалах, бусдад задруулахгүй байх үүргийг хүлээхээр харилцан тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 70,200 төгрөг, хариуцагч Б.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 70,200 төгрөгийг тус тус гаргуулан “Эрин интернэйшнл” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Эрин интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Батбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдсоны хохирол 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Батбаяр нь өөрийн чиг үүргийн хүрээнд хариуцаж байсан ажлаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн хүлээлцэх, Эрин хорооллын холбоо дохиоллын ажилтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хүрэлцэн ирж холбогдох мэдээ, мэдээллийг өгч байх, мөн өөрийн хийж гүйцэтгэсэн Гоодойн зуслан дахь камерын тэжээлийн асуудлыг цаг тохиролцон газар дээр нь шалгаж акт үйлдэх, “Эрин интернэшнл” ХХК-д ажиллах хугацаандаа олж мэдсэн мэдээллийн аюулгүй байдал, холбоо дохиолол, программ хангамж, камерын хяналтын системтэй холбогдох бүхий л мэдээллийг хугацаагүйгээр хадгалах, бусдад задруулахгүй байх үүргийг хүлээж талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 70,200 төгрөг, хариуцагч Б.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 70,200 төгрөгийг тус тус гаргуулан “Эрин интернэйшнл” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД