Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00173

 

2017 оны 01 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00173

Улаанбаатар хот

 

                              

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамж, 89 тоотод оршин суух, Урайнхан овогт Жанцангийн Буян-Өлзий /РД-ИЭ80062965/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 88 дугаар хороо, 5-3 тоотод оршин суух, Боржигон овогт Буржгарын Эрдэнэбат /РД-ТЕ79110916/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, хариуцагч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Буян-Өлзий шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Эрдэнэбаттай 2000 онд танилцаж, 2001 онд хуримаа хийж, хамтран амьдарч байгаад 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр охин Э.Намуун төрсөн. Тухайн үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч охиноо Б.Эрдэнэбатаар овоглосон.

Б.Эрдэнэбат охиноо төрөөд 4 сартай байхад чамтай амьдарч чадахгүй, сална гээд явснаас хойш 13 жил надтай болон охинтойгоо уулзалгүй ор сураггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Охин Э.Намуун одоо 13 настай Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 9а ангид суралцаж байгаа бөгөөд би өнөөдрийг хүртэл ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн ч хүүхэд томрох тусмаа мөнгө төгрөгийн хэрэгцээ улам ихэсч байгаа тул охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.

Мөн онцгой шаардлагатай үед гарах нэмэлт зардал буюу охин өвдөх, их сургууль болон сургалт дамжаанд суралцах үед гарах зардлыг эцэг эх нь тавь, тавин хувиар хариуцах ёстой тул тухай бүрт нь нэхэмжлэл гаргаж гаргуулна гэв.

Хариуцагч Б.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Буян-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Э.Намуун нь миний төрсөн охин гэдэг нь үнэн. Тухайн үед бид нэхэмжлэгчийн буруугаас болж үл ойлголцох байдал үүсч салсан бөгөөд би охиноо авах гэсэн боловч өгөөгүй.

Би охиндоо хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхэд ямар ч сургуульд орсон сургалтын төлбөрийг тавь тавин хувиар төлөхийг зөвшөөрч байна. Мэдээж охиндоо цаашид чадахаараа тусална гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Буян-Өлзий нь Б.Эрдэнэбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Учир нь Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг бөгөөд эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгсөн.

Иймд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Намууныг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Б.Эрдэнэбатаас гаргуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Ж.Буян-Өлзийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Э.Намуунд 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Б.Эрдэнэбатаас гаргуулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД