Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

     2020        05          28                                     2020/ШЦТ/340  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,     

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,    

шүүгдэгч Н.Чинзориг, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат /ҮД:0713/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Олхонууд овогт Нармандахын Чинзоригт холбогдох эрүүгийн 210004580289 дугаартай 187/2020/0320/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8-360 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Нармандахын Чинзориг /РД:УЗ88072050/   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Н.Чинзориг нь Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан, шахмал түлшний борлуулагчаар ажиллаж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8-360 тоотод шахмал түлшийг зарж, борлуулж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 5.756.250 төгрөгийн шахмал түлшийг гэртээ хэрэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Чинзориг нь Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан, шахмал түлшний борлуулагчаар ажиллаж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8-360 тоотод шахмал түлшийг зарж, борлуулж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 5.756.250 төгрөгийн шахмал түлшийг гэртээ хэрэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл

2. . Хохирогч Л.Оюунтунгалагын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанитай хөдөлмөрийн гэрээ хийж сайжруулсан түлш зарах цэгийн борлуулагчаар ажиллаж байсан Н.Чинзориг нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа нийт 18.960.000 төгрөгийн сайжруулсан түлш татаж авсан боловч 13.211.750 төгрөгийн борлуулалтыг хийж компанид тушаасан. Одоо үлдэгдэл 5.756.250 төгрөгийн борлуулалт өгөх дутуу. Манай компанийн зүгээс Чинзоригийг 2019 оны 12 дугаар сард түлш зарахаа болих үед тооцоо нийлж тулсан бөгөөд түлшийг буцааж татаж авах гэтэл түлш байхгүй, зарсан эсвэл хэрэглэсэн нь тодорхойгүй 5.906.250 төгрөгийн түлшний мөнгө дутаж байсан. Ингээд энэ тухай Чинзоригоос тайлбар авахад төлнө гэж хэлж байсан. Гэвч үүнээс хойш 2020 оны 2 дугаар сарын 10-нд 50.000 төгрөг, 2 дугаар сарын 19-нд 100.000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Одоо 5.756.250 төгрөг дутуу байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/ 

3. Гэрч Ц.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ орж зарж байгаа түлшнээс түлдэг байсан. Манай байшин нилээн том хэмжээтэй, дулаан алдалт их байдаг юм. Тийм учраас түлш их түлдэг байсан. Манай байшин нам даралтын зуухтай учраас галаа таслаж болдоггүй байсан, өдөрт дунджаар 5-6 шуудай, хүйтэн өдрүүдэд 7-8 шуудай түлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/ 

             4. Хөлсөөр ажиллах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт материалын зарлагын жагсаалт, харилцагчийн дансны хуулга, зарлагын падаанууд, шахмал түлш хүлээлцсэн акт, өглөгийн дэлгэрэнгүй журнал /хх-24-31, 36-74/

             5. Шүүгдэгч Н.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн нягтлантай тулж үзэхэд би ажиллаж байх хугацаандаа 18 удаагийн таталтаар нийт 18.960.000 төгрөгийн сайжруулсан түлш татаж авсан. Энэ 18.960.000 төгрөгийн түлшийг 2019 оны 12 дугаар сарын сүүл гэхэд зарж, заримыг нь гэртээ хэрэглээд дуусгасан. Би “Таван толгой түлш” ХХК-нд 13.361.000 төгрөг өгсөн. Одоо 5.756.250 төгрөг өгөх ёстой. Би өмнөх мэдүүлэгтээ хэлсэнчлэн гэртээ бага насны хүүхэдтэй учраас гэрээ дулаан байлгах гээд Таван толгойн сайжруулсан түлшнээс гэртээ түлээд байсан. Манай байшин нилээн том хэмжээтэй нам даралтын зуухтай учраас бусад байшингуудыг бодвол илүү их нүүрс хэрэглэдэг юм. Би өдөр бүр тооцоо хийхгүй, сайжруулсан түлшийг өдөр бүр бага багаар түлсээр байгаад ийм өрөнд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Н.Чинзориг нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Чинзориг нь Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан, шахмал түлшний борлуулагчаар ажиллаж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8-360 тоотод шахмал түлшийг зарж, борлуулж байхдаа 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 5.756.250 төгрөгийн шахмал түлшийг гэртээ хэрэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Н.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Чинзоригийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хохирогч “Таван толгой түлш” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн “...манай компанийг хохиролгүй болгосон нь үнэн болно...” гэсэн албан бичиг /хх-ийн 101/, шүүгдэгч Н.Чинзоригийн хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Олхонууд овогт Нармандахын Чинзоригт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогт Нармандахын Чинзоригт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.     

            Шүүгдэгч Н.Чинзоригт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Олхонууд овогт Нармандахын Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Олхонууд овогт Нармандахын Чинзоригт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.         

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогт Нармандахын Чинзоригт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

            4. Шүүгдэгч Н.Чинзоригт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Н.Чинзоригт сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Чинзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР