| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0343/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 356
2020 06 03 2020/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Ө.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө Л холбогдох эрокүүгийн 2010000000387 дугаартай 187/2020/0343/Э индекстэй хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны.... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдсэн, Х овогт Ө Л РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Л нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан хотхоны 40 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ц.Б эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан 718.971 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.Л нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан хотхоны 40 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ц.Бум-Эрдэнийн эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 718.971 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ө.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 13 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хайрхан 40 дүгээр байрны гэрийн гадаа ажлаасаа дугуйгаа унаж ирээд тавьж гэр лүүгээ орох гэтэл гэрийн хаалганы хажууд нэг согтуу хүн хэвтэж байхаар нь дуудаж сэрээхэд босоод шатаар буугаад явахаар нь гэр лүүгээ ороод нүүр гараа угааж байхад орцны хаалганы чимээ гарахаар нь цонхоороо гадаа тавьсан байсан дугуйгаа харахад байхгүй болохоор нь гэрийн үүдэнд байсан согтуу хүн аваад явчихлаа гээд байрны гадаа гарахад дугуй алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
3. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн цагдаа дэд ахлах Б.Батцэнгэл, Б.Эрдэнэбаатар нарын илтгэх хуудсаар хулгайд алдсан дугуйг илрүүлэн барьсан тухай /хх-ийн 13х/
4. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15х/
5. Хөрөнгийн үнэлгээний тайланд Ц.Бум-Эрдэнийн хулгайд алдсан дугуйг 718.971 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 35-36/
6. Шүүгдэгч Ө.Л мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2 жил архи уучихсан нилээн согтуу байдалтай явж байхдаа дугуйг хулгайлсан нь үнэн. ...Би уг цахилгаан дугуйг зарах гэж явж байгаад цагдаад баригдаад хураалгасан нь үнэн. Надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй. Би ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Л нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1048 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ө.Л нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан хотхоны 40 дүгээр байрны гадна талын зогсоол дээрээс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Ц.Бум-Эрдэнийн эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 718.971 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ө.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө.Л гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хохирогчид биет байдлаар буцаан өгсөн/, түүний хувийн байдал /...33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ах, эгч дүүгийн хамт амьдардаг, 2 удаа гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүйгээр дахин гэмт хэрэгт холбогдсон...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ө Л 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Л эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Л цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Л холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ө Л 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Л эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Л цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ө.Л холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хяна н шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалан үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Л авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР