Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00175

 

   2017 оны 01 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00175

               Улаанбаатар хот

                                        

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз, 3 дугаар давхарт оршин байгаа, “Шунхлайтрейдинг” ХХК /РД:5506239/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 67 дугаар байр, 11 тоот хаягт оршин байгаа “Наранбетон зуурмаг” ХХК /РД:5708869/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 149,325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Шунхлайтрейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Наранбетон зуурмаг” ХХК нь манай компанитай 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Т/504 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Бидний хороонд харилцан тохиролцож байгуулсан Т/504 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 4.4-т “...худалдан авагч 4.3-т заасан нөхцлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 /гуч/ хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн 1 өдөрт хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Иргэний хуулиар тогтоосон ...бие даасан үүрэг...” гэж үзнэ. 5.1-т “...худалдан авагч тал шатахууны болон барааны төлбөрийг тээврийн хөлс, хүүгийн хамт гэрээний 4.4-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө. Алдангийн үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон барааны нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан.

“Наранбетон зуурмаг”  ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Т/504 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөр 90,550,000 төгрөг, алданги 150,087,500 төгрөгийг хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 49,775,000 төгрөг, нийт 149,325,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Наранбетон зуурмаг” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь “Шунхлайтрейдинг” ХХК-ийн нэхэмжилсэн 149,325,000 төгрөгөөс гэрээний үлдэгдэл төлбөр болох 99,550,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Манай компани нь эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас алданги болох 49,775,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ үүгээр хүргүүлж байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас “Шунхлайтрейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, нөгөө талаас “Наранбетон зуурмаг” ХХК-ийн захирал З.Энх-Амар нар харилцан тохиролцож байгуулав.

Үүрэг гүйцэтгүүлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн төлбөр 99,550,000 төгрөг, алданги 49,775,000 төгрөг, нийт 149,325,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжилсэн.

Үүрэг гүйцэтгэгчийн хариуцан төлөх үүрэг нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 99,550,000 төгрөг, алданги 49,775,000 төгрөг, нийт 149,325,000 төгрөг байгааг талууд үүгээр баталгаажуулав.

Үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр болох 99,550,000 төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 49,775,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 49,775,000 төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд алданги төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө.

Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 3.1-т заасан төлбөрийн графикаа ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд үндсэн төлбөр 99,550,000 төгрөг, алданги 49,775,000 төгрөг, нийт 149,325,000 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгч талд үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Шунхлайтрейдинг” ХХК нь хариуцагч “Наранбетон зуурмаг” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 149,235,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч үндсэн төлбөр 99,550,000 /ерөн есөн сая таван зуун тавин мянган/ төгрөгийн 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгөөр тус тус төлсөн тохиолдолд алданги 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх, харин хариуцагч нь гэрээний 3.1-д буюу дээр дурдсан хугацааг зөрчсөн тохиолдолд үндсэн төлбөр 99,550,000 /ерэн есөн сая таван зуун тавин мянган/ төгрөг, алданги 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөг, нийт 149,325,000 /нэг зуун дөчин есөн сая гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг нэхэмжлэгчид үл маргах журмаар, бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.   

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 452,287 төгрөг, хариуцагч Г.Гантөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 452,287 төгрөгийг тус тус гаргуулан “Шунхлайтрейдинг” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.”Шунхлайтрейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Наранбетон зуурмаг” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч үндсэн төлбөр 99,550,000 /ерэн есөн сая таван зуун тавин мянган/ төгрөгийн 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 49,775,000 /дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг тус тус төлсөн тохиолдолд алданги 49,775,000 дөчин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх, харин хариуцагч нь гэрээний 3.1-д буюу дээр дурсан хугацааг зөрчсөн тохиолдолд үндсэн төлбөр 99,550,000 төгрөг, алданги 49,775,000 төгрөг, нийт 149,325,000 төгрөгийг нэхэмжлэгчид үл маргах журмаар, бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 452,287 төгрөг, хариуцагч “Наранбетон зуурмаг” ХХК-иас 452,287 төгрөгийг тус тус гаргуулан “Шунхлайтрейдинг” ХХК-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

                                     

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД