| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07438/И |
| Дугаар | 102/ШШ2017/00212 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/00212
017 оны 01 сарын 12 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 50 мянгатын 30 дугаар байрны 18 тоотод оршин суух, Холингор овогт Батсэнгээгийн Бүжханд /РД-ХП67122568/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 12 дугаар гудамжны 128 тоотод оршин суух, Цөөврүүд овогт Түвшингийн Түмэндэмбэрэл /РД-ОГ71020309/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай /шүүхэд төлөөлөх эрх-2294/, хариуцагч Т.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бүжханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Түмэндэмбэрэл нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 5 сая төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөнгийг төлөх үүрэг хүлээсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өдөр бүр 125,000 төгрөг төлж байхаар тохиролцсон бөгөөд нийт 4 сая төгрөгийн төлөлт хийсэн.
Иймд төлөөгүй үлдсэн зээл болох 1 сая төгрөгийг, зээлийн гэрээний 3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн нийт 1,500,000 төгрөгийг хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Т.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Бүжхандтай зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөг авсан гэдэг нь үнэн. Өнгөрсөн хугацаанд 4 сая төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Үлдэгдэл 2,700,000 төгрөгийг төлөхгүй удсан учир 1,000,000 төгрөгийг хүү, алдангид тооцон 3,700,000 төгрөг болгон өгөхөөр тохиролцсон. Ингэхдээ би барьцаанд өөрийн Хархорин захын лангууныхаа бичиг баримтыг өгсөн байсан тул 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч бичиг баримтаа авсан. Энэ үед бидний хажууд надтай хамт лангуу түрээслэн ажилладаг н.Мягмарсүрэн байсан. Тухайн үед би Б.Бүжхандад үлдэгдэл нэг сая төгрөгийг боломжтой үедээ өгье гэхэд нэхэмжлэгч одоо ингээд болсон гээд надад лангууны бичиг баримтыг өгсөн учир зээлийн асуудлыг дууссан гэж бодсон.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бүжханд нь хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “... зээлээс 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөөгүй .... гэрээний дагуу алдангийг 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу ... нэхэмжилж байна” гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангав.
Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас харахад нэхэмжлэгч Б.Бүжханд нь хариуцагч Т.Түмэндэмбэрэлтэй 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, 5,000,000 төгрөгийг, 20 хувийн хүүтэй, 28 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохирч, мөнгийг түүнд шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-11, 29-30 дугаар хуудас/
Ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
Хариуцагч Т.Түмэндэмбэрэл нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “... Б.Бүжхандад зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөгийг өгөөгүй удсан учир 1 сая төгрөг хүүд нэмж өгөхөөр тохиролцоод нийт 3,700,000 төгрөг өгөх ёстойгоос бэлнээр 2,700,000 төгрөг өгсөн, үлдэх 1 сая төгрөгийг боломжоороо өгье гэхэд одоо ингээд дууссан гээд лангууны бичиг баримтыг өгсөн учир зээлийн асуудал дууссан гэж бодсон ... мөнгө өгөхөд хамт ажилладаг н.Мягмарсүрэн хамт байсан гэж” тайлбарладаг. /хх-27, 29-30 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Т.Түмэндэмбэрэл нь шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараа гэрчийн мэдүүлэг авахуулах замаар нотлох эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхийг хүсээгүйн гадна зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.Бүжхандаас шилжүүлэн авсан мөнгөний үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул түүнийг хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Талууд гэрээний 3 дахь заалтаар зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон учир нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол буюу алдангийг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардсан нь Иргэний хуулийн 232.4 дэх заалтад нийцсэн байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бүжхандад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,000,000 төгрөг, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бүжхандад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Түмэндэмбэрэлээс 38,950 төгрөг гаргуулан Б.Бүжхандад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |