| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0215/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 376
2020 06 09 2020/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Х.Еркебулан,
шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Х овогт Б О холбогдох эрүүгийн 2002001720139 дугаартай 187/2020/0215/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны ....дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Хар чонотын 11 дүгээр байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Б О /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” дэлгүүрийн гадна талд шавар гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” дэлгүүрийн гадна талд шавар гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
1. Шүүгдэгч Б.О ы шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн “Б О нь өөрийнх нь куртиканы баруун халаасан доторх тамхины саван дотор байх жижиг ууттай шавар мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг стандарт бус жин дээр тавьж жинлэж үзэхэд 3.6 граммыг зааж байсныг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-6-7/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1714 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
-“1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн.
-Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн жагсаалтад багтдаг болно.
-Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 4,3063 грамм, цэвэр жин нь 3,3417 грамм байна” гэх дүгнэлт /хх-23-24/
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “2020.03.14 О УП95050771” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн жагсаалтад багтдаг болно.
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 339 дугаартай:
- Б.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
- Б.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
- Б.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
-Б.О нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Б.О нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
-Б.О нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна /хх-35-36/
7. Шүүгдэгч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 03 сарын 14-ний өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2020 оны 03 сарын 12-ны орой 23 цагийн үед зүс таньдаг байсан хүнтэй тааралдаад Баруун 4-н замын “Өгөөж” ХХК-ийн байрны урд талын сааданд утаат тамхи татаад юм яриад сууж байтал тэр хүн өөрийнхөө халааснаас тамхины хайрцагтай зүйл гаргаж ирээд “хэрэглэж үзэх үү” гэж асуухаар нь би тэр хүнээс “энэ юу юм бэ” гэж асуутал “шавар” гэж хэлсэн. Би ийм зүйлийг урьд нь харж байгаагүй учраас сонирхоод авсан. Тухайн үед би хэрэглээгүй бөгөөд тэр хүн яваад өгсөн. Ингээд зүс таних хүнээс авсан тэр зүйлийг ганцаараа байхдаа хэрэглэсэн. Хэрэглээд үзэхэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Би ч сонирхолгүй тамхины хайрцагтай нь халаасандаа хийгээд мартчихсан байсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жетро” дэлгүүрийн урд талд ганцаараа явж байтал цагдаа нар ирээд надад бичиг баримтаа үзүүлээд “шалгах зүйл байна” гэж хэлээд хэлтэс рүү авч явсан. Надад уг зүйлийг өгсөн хүнийг одоо харвал танихгүй. Надад тамхины хайрцагтай зүйл өгсөн хүн хариуд нь төлбөр аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1714, 1706, 339/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” дэлгүүрийн гадна талд шавар гэх нэршилтэй гялгар ууттай жин нь 4,3063 грамм, цэвэр жин нь 3,3417 грамм Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх учиртай.
Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.О ы үйлдэл нь өөртөө ашиг олох, худалдаалах зорилго агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодис /шавар гэх нэршилтэй/ хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.О д хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.О ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал /...24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б О 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.3417 грамм жинтэй, цэвэр жин нь 3,3417 грамм шавар шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б О 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Мөнхтулгад эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.3417 грамм жинтэй, цэвэр жин нь 3,3417 грамм шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР