Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 088

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, НДҮ-ийн 08-08 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ72121172, Боржигон овогтой Жамбалдоржийн Анхбатад холбогдох,

          Баривчилгааны зардал 66.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Анхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулж, зөрчил гаргасан тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 52 тоот Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд Цагдаагийн газрын захиргааны журмаар баривчлах байранд саатуулагдсан бөгөөд нэг хоногийн 6.685 төгрөг, нийт 66.850 төгрөгийн зардал гаргуулсан. Иймд баривчилгааны шууд зардал 66.850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ж.Анхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн газрын баривчилгааны 10 хоногийн мөнгө 66.850 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2017 оны 2 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Ж.Анхбатад холбогдуулан баривчилгааны зардал 66.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

        Хариуцагч Ж.Анхбат нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 52 тоот шийтгэвэрээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 10 хоногийн хугацаатай баривчлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

       Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 66.850 төгрөгийг 2017 оны 2 дугаар сард төлж барагдуулах тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

        Нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Анхбатаас 4.550 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Анхбат нь баривчилгааны зардал 66.850 /жаран зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг 2017 оны 2 дугаар сард төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ж.Анхбатаас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Н.ГЭРЭЛТУЯА