| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0031/Э |
| Дугаар | 0040 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 0040
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Б.Г,
шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Жы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Жы Х нь Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д гадна тохижилт хариуцсан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119-31 тоотод “унтуулж амраасангүй” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Гтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Хаас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Гаас: Тухайн үед Хын ажил дээр 20 цаг өнгөрч байхад очсон. Х бид хоёр ажлынх нь хоёр эмэгтэйтэй хамт Батболдынд очсон. Гэтэл Х “жижиг гэр байна” гээд байхаар нь Батболдынхоос гараад 02 цаг өнгөрч байхад Хын гэрт очсон. Тэндээ ууж сууж байгаад 03 цагийн үед Х намайг “унтаач” гэхээр нь би “пивоо ууж дуусгаад унтъя” гэтэл “унтуулсангүй” гэж уурлаад намайг цохиод авсан. Гэр дотор ноцолдож байхад Хын гэрийн угаалтуурыг унагаж эвдсэн. Маргалдаж байгаад гэрээс гарч ирээд машин дотор сууж байхад Х гарч ирээд дахиад маргаан болоод намайг дахин цохисон, миний хамраас цус гарсан. ЭМЖЖ эмнэлэгт хамраа үзүүлэхэд хамар яс хугарсан тул хагалгаанд орох шаардлагатай, хагалгааны зардал 1.800.000 төгрөг болно гэсэн. Мөн ЭМЖЖ эмнэлэгт үзлэг хийлгэхэд 35.000 төгрөг төлсөн. Энэ зардлыг нэхэмжилнэ гэв.
Хоёр.Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:
18-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчимд найз Батболд, Ганчимэг,
Цогзолмаа, Х, Уранцэцэг бид Хын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-38 тоотод очсон. Замаараа дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг, 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво хоёрыг авсан байсан. Цогзолмаа, Ганчимэг хоёр пиво хувааж уугаад, Батболд бид хоёр архи хувааж уусан. Тэгээд 01 цагийн орчимд Цогзолмаа унтлаа гээд орон дээр хэвтсэн. Удалгүй араас нь Ганчимэг унтлаа гээд Цогзолмаагийн хажуугаар хэвтсэн. Батболд бид хоёр үлдсэн нэг том пивоо хувааж уугаад талдаа орж байсан. Тэр үед 02 цаг өнгөрч байсан. Тэгтэл Х “одоо амар, өглөө эрт босно” гэхээр нь “за за хөгшөөн, унтлаа” гэхэд “хурдлалдаа чи” гээд над руу орилохоор нь “чи ямар сүртэй хар пизда вэ, удахгүй дуусах” гэж байхад гэж хэлсэн чинь Х орноосоо босч ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Батболд ирж салгах хооронд би Хтай барилцаж аваад ноцолдож эхэлсэн. Хаас салаад “одоо болъё хоёулаа, сонин зантай юм бэ, би одоо харьлаа” гээд хувцсаа аваад Батболд бид хоёр гараад машиндаа суутал Х гарч ирээд миний хамар руу гараараа дахиад нэг удаа цохисон. Гэрээс нь Ууганцэцэг гарч ирээд салгахаар нь би машинаа асаагаад хашааных нь гадаа гаргаж тавиад цагдаа дуудсан. Бид согтуу байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),
2. Гэрч Ц.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад Х, Ганчимэг, Г, Уранцэцэг бид Батболдын гэрт очсон. Замдаа 0.75 литрийн хэмжээтэй архи хоёр шилийг, 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг авсан. Тэгээд хөзөр тоглоод байж байтал Батболдын дүү нь ирэхээр нь бид дөрөв Хын гэрт очъё гээд Батболдын гэрээс гарсан. Хын гэрт нь очоод дэлгүүрээс авсан архи, пивоо хувааж ууж дуусгаад амарсан. Би тасарсан байсан. Гэрт нь юм пижигнээд байхаар нь сэрээд хартал гэрийн эд зүйл нурсан, Г, Батболд хоёр гараад явсан, Х, Уранцэцэг, Ганчимэг гурав байж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
3. Гэрч Т.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Х ...21 цагийн орчимд ажлаасаа тарах үед Гыг ажлаас нь очиж аваад Батболдынх руу очсон гэсэн. Манай гэрт 23 цагийн үед Ганчимэг, Цогзолмаа, Батболд, Г, нөхөр Х нар ирсэн. Тэд нарт хоол цай хийж өгөөд унтлаа гээд хэвтсэн. Манай нөхөр тэд нарт архи хундгалж өгөөд миний хажуугаар орж ирж хэвтсэн. Би Г, Батболд, Ганчимэг, Цогзолмаа нарт ор засаж өгсөн. Удалгүй Цогзолмаа, Ганчимэг хоёр унтсан. Г, Батболд хоёр уугаад, унтахгүй юм яриад сууж байснаа Батболд унтлаа гэсэн чинь Г арчаагүй юм бэ, ганц пиво уучихгүй, босоод ир гээд нуруу руу нь цохисон чинь Батболд босч ирээд тэр хоёр хоорондоо ноцолдоод гэрийн эд хогшил эвдсэн. Тэгсэн чинь Х уурлаад “та хоёр яагаад байгаа юм бэ, унтаж амар” гэсэн чинь Г “хуц, чамд ямар хамаатай юм бэ” гээд салаавч гаргасан чинь Х Гын нүүр рүү нэг удаа цохисон. Батболд цаанаас нь “чи яагаад Гыг цохиж байгаа юм бэ” гээд Хыг тэврээд авсан чинь Х уурлаад “манайхаас зайлцгаа” гэж хэлсэн. Батболд, Г хоёр явлаа гээд гарсан. Тэгээд араас нь Х гараад “та хоёр яагаад согтуу машин барих гээд байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд хашааны хаалга дайраад гарсан. Удалгүй Ганчимэг, Цогзолмаа хоёр харьлаа гээд явсан. Гэрийн хаалганы нугас салаад бас нугасны хажууд байдаг мод салсан. Гар нүүр угаадаг гоожуур хагарч, шүүр хугараад, аргалын хайрцаг хонхойгоод, хашааны төмөр чихигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
4. Гэрч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой Цогзолмаа, Ганчимэг, Г, Х, Уранцэцэг бид Хын гэрт 0.75 литрийн хэмжээтэй архи хоёр шилийг Ганчимэг, Г бид гурав хувааж уусан. Цогзолмаа, Ганчимэг хоёр унтлаа гээд хэвтсэн. Тэр үед Х, Уранцэцэг хоёр орондоо орсон амрах гээд байж байсан. Тэгсэн Х “та нар одоо амраачээ” гэсэн чинь Г “энэ пивийг уучихаад амарлаа, юун сүртэй юм бэ” гэж хэлтэл Х уурлаж, орноосоо босч ирээд Гын нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би голоор нь ороод салгах гэтэл ноцолдоод унасан. Тэгээд салгатал Г “Батболдоо явъя” гээд гэрээс нь гараад машиндаа суусан. Х араас гарч ирээд машины цонх онгорхой байхад гараа оруулаад нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Бид хоёр машинаа асаагаад хөдөлж яваад хашаанаас нь холдож байгаад цагдаад дуудлага өгсөн. Г бага зэргийн согтолттой байсан. Хын гэрийн эд зүйлийг Х, Г хоёр ноцолдож байхдаа эвдэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
5. Шүүгдэгч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад гартал гадаа Г машинтайгаа зогсож байсан. Гын машинд Ганчимэг бид хоёр суугаад замаараа Цогзолмааг аваад Батболдын гэрт очсон. Ганчимэг, Цогзолмаа бид гурав буугаад Г гэр рүүгээ харьлаа гээд явсан. Цогзолмаа, Ганчимэг бид гурав Батболдын гэрт ороод Батболдыг дагуулаад дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй архи хоёр шилийг, 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг аваад буцаад Батболдын гэрт орсон. Ганчимэг, Цогзолмаа, Батболд бид гурав 1 шил архийг тал хүртэл нь уугаад сууж байтал Г гаднаас орч ирээд архинаас уусан. Г танайд очиж ууя гээд надаар машинаа бариулаад манай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-38 тоот гэрт очсон. Гэрт ороод хоол цай хийж идээд үлдсэн архи пивоо ууцгаахаар нь би хундгалж өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад Ганчимэг, Цогзолмаа хоёр унтаж амарлаа гээд орондоо орсон. Удалгүй Батболд унтлаа гээд орондоо унтаж байсан чинь Г ганцаараа үлдээд, үлдсэн нэг том пиво ууж байгаад Батболдыг ууя, босоод ир гэтэл Батболд би уухгүй, өглөө ажилтай гэсэн чинь Г уурлаад арчаагүй юм бэ гээд хоорондоо маргалдаад гэрийн эд хогшил эвдээд байсан. Тэгэхээр нь би “та нар болиоч, унтаж амраач” гэсэн чинь Г “чамд ямар хамаатай юм пизда минь” гээд салаавч өгөхөөр нь би босоод Гын хамар руу гараараа нэг удаа цохиод, та нар арай даварлаа, явцгаа гэсэн чинь Батболд, Г хоёр яваад өгсөн. Удалгүй Г эргэж орж ирээд уучлалт гуйгаад, маргааш янзлаад өгье гэж хэлээд явсан. Би араас нь гараад хашааны хаалгаа хаагаад гэртээ орж гэрээ цэвэрлээд унтсан чинь цагдаа нар ороод ирсэн. Батболд гэрээс гарахдаа хаалга өшиглөөд эвдсэн. Бусад эд зүйлийг Батболд, Г хоёр хоорондоо ноцолдож байгаад эвдэлсэн. Гэрийн эд зүйлс эвдсэнд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13470 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамарт хаван, цус хуралттай, хамрын зүүн хажуу талд 0.7х0.2 см шалбаралттай.
ГССҮТ-д үзүүлсэн үзлэгт: Хамар ясны хугарал гэжээ.
Дүгнэлт:
“...-Б.Гын биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч С.Одончимэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал),
7. Шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал), “...” ХХК-ний “...Ж.Х нь тус компанийн ҮХХАМГ-т гадна тохижилт хариуцсан ажилтан албан тушаалд ажиллаж байгаа, сарын үндсэн цалин 600.000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр тал), Ж.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал), Голомт банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 78-93 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119-31 тоотод “унтуулж амраасангүй” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Гтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Ж.Х нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Мөн шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Хын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.Х, хохирогч Б.Г нар нь найз нөхдийн харилцаатай хүмүүс байх ба, 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ж.Хын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119-31 тоот гэрт очиж найз нөхдийн хамт архидан согтуурсан байна. Гэрийн эзэн Ж.Хаас унтаж амрах талаар хохирогч Б.Гад шаардлага тавихад пивоо ууж дуусгаад унтъя гэж хэрүүл маргаан үүсгэсэн байх ба, улмаар шүүгдэгч Ж.Х нь “унтуулж амраасангүй” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Гтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Батболд бид хоёр үлдсэн нэг том пиво хувааж уугаад талдаа орж байсан, тэр үед 02 цаг өнгөрч байсан, тэгтэл Х одоо амар, өглөө эрт босно гэхээр нь за за хөгшөөн, унтлаа гэхэд хурдлалдаа чи гээд над руу орилохоор нь чи ямар сүртэй хар пизда вэ, удахгүй дуусах гэж байхад гэж хэлсэн чинь Х орноосоо босч ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-гэрч Т.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г, Батболд хоёр уугаад, унтахгүй юм яриад сууж байснаа Батболд унтлаа гэсэн чинь Г арчаагүй юм бэ, ганц пиво уучихгүй, босоод ир гээд нуруу руу нь цохисон чинь Батболд босч ирээд тэр хоёр хоорондоо ноцолдоод гэрийн эд хогшил эвдсэн. Тэгсэн чинь Х уурлаад “та хоёр яагаад байгаа юм бэ, унтаж амар” гэсэн чинь Г “хуц, чамд ямар хамаатай юм бэ” гээд салаавч гаргасан. Х Гын нүүр рүү нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-гэрч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хын гэрт нь Ганчимэг, Г бид гурав хоёр шил архи хувааж уусан. ...Х “та нар одоо амраачээ” гэсэн чинь Г “энэ пивийг уучихаад амарлаа, юун сүртэй юм бэ” гэж хэлтэл Х уурлаж, орноосоо босч ирээд Гын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
-шүүгдэгч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Г ...танайд очиж ууя гээд надаар машинаа бариулаад манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-38 тоотод очсон. ...Тэгээд архиа ууж дуусаад ...удалгүй Батболд унтлаа гээд орондоо унтаж байсан чинь Г ...Батболдыг ууя, босоод ир гэтэл Батболд би уухгүй, өглөө ажилтай гэсэн чинь Г уурлаад арчаагүй юм бэ гээд хоорондоо маргалдаад гэрийн эд хогшил эвдээд байсан. Тэгэхээр нь би “та нар болиоч, унтаж амраач” гэсэн чинь Г “чамд ямар хамаатай юм пизда минь” гээд миний ам руу салаавч өгөхөөр нь би босоод Гадбадрахын хамар руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13470 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн архидалт болон хохирогч Б.Гын зүй бус үйлдэл нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл хохирогч нь шүүгдэгчийн гэрт очиж архидан согтуурахдаа гэрийн эзнээс унтаж амар гэсэн шаардлагыг тавихад уг шаардлагыг эсэргүүцэж, шүүгдэгчийн гэрийн эд хөрөнгийг эвдэх, устгах зэргээр танхайрсан зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Харин хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ж.Х нь хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Хыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч Ж.Хын гэрийн эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн асуудлыг шалгаж, эд хөрөнгийн үнийг “Тэнцвэр эстимэйт” ХХК-иар тогтоолгоход 401.800 төгрөгөөр үнэлсэн байх ба, гэрийн хаалгыг тухайн үед хамт архидан согтуурсан Н.Батболд эвдсэн, мөн хаалганы үнэ 200.000 төгрөгөөр тогтоогдсон, бусад эд зүйлийг хохирогч Б.Г нь бусадтай ноцолдож байгаад эвдсэн гэх ба, тэдгээр эвдэрсэн хөрөнгийн үнийг 201.800 төгрөгөөр тогтоосон байна. Иймд хохирогч Б.Г, Н.Батболд нарын үйлдэл тус бүр нь бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх эрүүгийн гэмт хэргийн шинжид шаардагдах хохирлын хэмжээнд хүрээгүй байх ба, Н.Батболд, Б.Г нарт Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсан байгааг дурдах нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Х нь хохирогч Б.Гын биед хөнгөн хохирол учруулсан ба, хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд “ЭМЖЖ” эмнэлэгт үзлэгийн төлбөр 35.000 төгрөг төлсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргасан. Иймд шүүгдэгч Ж.Хаас 35.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гад олгох үндэстэй.
Харин хохирогч Б.Г нь хамрын хагалгаад ороход 1.800.000 төгрөг болох талаар мэдүүлсэн бөгөөд энэхүү хамрын мэс ажилбар хийлгэхэд гарах 1.800.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй, тухайн зардлыг гаргасан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт;
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Х нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин шүүгдэгчийн бусдын эрх, эрх чөлөө, биед халдаж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Ж.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой ажил эрхэлдэг орлоготой байдлыг тус тус харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Жы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Хын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хаас 35.000 (гучин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Б.Г нь хамрын мэс ажилбарын болон бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА