| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0136/Э |
| Дугаар | 0147 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 0147
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
О овогт Тын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт Тын Б Монгол Улсын иргэн , 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Стай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний биед зулай дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“... Би Бтэй 2018 оноос хойш хамтран амьдардаг болсон. Дундаасаа нэг охинтой. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт байх нийтийн байранд Б бид хоёр хүүхдийн хамт байж байхад Бийн гар утас дуугарсан чинь Б гэрээс гараад утсаар яриад байсан. Гэрт орж ирэхээр нь би Бөд “чи хэнтэй ярьсан юм бэ” гэхэд “чамд хамаагүй” гэхээр нь “чи одоо болиоч” гэсэн чинь Б “чамд ямар хамаатай юм” гээд намайг өшиглөхөөр нь би Бөд “чи арай дэндүү байна, ямар хүнтэй яриад байдаг юм” гэж хэлсэн. Тэгсэн дахиад миний толгой, баруун хөл, гэдэс, дух хэсэгт цохиод байхаар нь би “чамд зодуулж чадахгүй, явлаа” гэж хэлсэн чинь “чи хаашаа явах гээд байгаа юм” гээд намайг хэл амаар доромжлоод дахиж цохиж зодоод байсан. Тэгээд би гэртээ уйлаад сууж байхад гаднаас манай ээж Цэцэгсайхан орж ирээд юу болсон талаар асуухад нь би ээжид “Б намайг цохиж зодоод байна” гэж хэлсэн чинь ээж Цэцэгсайхан цагдаад дуудлага өгсөн. ...Б гараараа миний толгой, дух руу, мөн хөлөөрөө баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),
-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“... Б бид хоёр 2018 оны 8 дугаар сард анх танилцаад манай гэрт хамт амьдрах болсон. Тэгээд 8 дугаар сардаа хүүхэдтэй болоод хамт амьдрах явцад Б архи ууж намайг элдэв янзаар хэлээд агсам тавиад байдаг байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Тэгээд Б зун нь ажилдаа яваад 2019 оны 10 дугаар сард ажлаасаа ирээд хэд хонож байхад Бийн утас дуугарахад гэрээс гараад явсан. Тэгээд би “хэн юм бэ, юугаа нуугаад байгаа юм” гэж хэлсэн чинь миний толгой болон гэдэс, хөл рүү өшиглөөд байсан. Манай ээж гаднаас орж ирээд цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б намайг элдвээр хэлээд, цохиж зодоод, ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга аваад миний толгойг хутганы ишээр цохид байсан. Тухайн хутга одоо байхгүй. Миний биед зулай, дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг Б учруулсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),
-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр:
“... Б бид хоёр анх 2018 оны 8 дугаар сард танилцаж байгаад манай гэрт хамт амьдардаг болсон. 2011 онд танилцаж байгаагүй, би буруу хэлсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б намайг элдвээр хэлээд намайг цохиж зодоод ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга аваад миний толгойг хутганы ишээр цохиод байсан. Б намайг удаа дараа цохиж байсан асуудал байхгүй. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
2. Гэрч Б.Цэцэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад манай охиных Ханын материалд байдаг юм чинь гэрээр нь нэг ороод гаръя, ямархуу байдалтай байдаг юм бол гэж бодоод гэрт нь очиход Б, С хоёр хоорондоо маргалдсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг гэрт нь ороход С орон дээр хэвтсэн, толгой нь хавдсан байдалтай хэвтэж байсан. С надад “Б гадаа гарч утсаар яриад хэнтэй ярьснаа хэлэхгүй байсан, тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан” гэж хэлсэн. С уйлсан байдалтай, нүд нь бүлцийсэн, толгой нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
3. Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр бид хоёр эмнэлэг орчихоод замаараа би картаа сэргээгээд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэртээ ирсэн. Тэгээд утсаа асаасан чинь миний утас дуугарахаар нь би аваад нойл орох замдаа утсаар ярьсан. Бие засчихаад буцаад гэртээ ороход эхнэр С “чи хэнтэй яриад байгаа юм” гэхээр нь би “хүнгүй болчихоод байна, ирээд ажил хийгээдэх гээд ажлаас залгаад байна” гэж хэлсэн чинь “чи дөнгөж ирчихээд аятайхан гэртээ байж чадахгүй худлаа яриад явах гэлээ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа Сын хөл рүү нь өшиглөхөд С над руу уурлаад дайраад байхаар нь дахиад хацар руу нь алгадаж, толгой руу нь гараа цохиж, ширээн дээр байсан цэнхэр иштэй хутга нь байхаар нь аваад хутганы ишээр толгойн тус газарт нь цохисон. Хэрэлдээд байж байхад гаднаас Сын ээж Цэцэгсайхан орж ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Бид хамт амьдраад жил гаран болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. Гэрлэлтээ одоогоор батлуулаагүй. ...Би Сын биед учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12776 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 7х8 см талбайд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. Зулайн хуйхны баруун ард хэсэгт 5х5 см, дагзны зүүн хэсгийн хуйханд 4х4 см орчим талбайд овойж хавдсан, эмзэглэл ихтэй. Баруун шилбэний урд дунд хэсэгт 6х4 см хөх ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэл ихтэй.
Дүгнэлт: “...Ц.Сын биед зулай, дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Г.Ханхүү/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал),
6. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 49 дугаартай хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 40-42 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 43-46 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
7. Шүүгдэгч Т.Баямөнхийн иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар(хавтаст хэргийн 50 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), 2007 оны 4 дүгээр сараас 2007 оны 5 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 55-62 дугаар тал), “...” ХХК-ний “...Т.Б нь хүнд даацын авто машины жолоочийн албан тушаалд 2016 оноос хойш ажиллаж байгаа, сарын цалин 1.500.000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 89-90 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Бөд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Бөд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Баямөнх, хохирогч Ц.С нар 2018 оны 08 сараас гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаар байна.
Шүүгдэгч Т.Баямөнх нь нь ... тоот дахь гэртээ 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Стай тухайн үед үүссэн эр эмийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай дагзны хуйх, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
-хохирогч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Б гэрээс гараад утсаар яриад байсан. ...би Бөд “чи хэнтэй ярьсан юм бэ” гэхэд “чамд хамаагүй” гэхээр нь “чи одоо болиоч” гэсэн чинь Б “чамд ямар хамаатай юм” гээд намайг өшиглөсөн. ...дахиад миний толгой, баруун хөл, гэдэс, дух хэсэгт цохиод байхаар нь би “чамд зодуулж чадахгүй, явлаа” гэж хэлсэн чинь “чи хаашаа явах гээд байгаа юм” гээд намайг хэл амаар доромжлоод дахиж цохиж зодоод байсан. ...гэртээ уйлаад сууж байхад гаднаас манай ээж Цэцэгсайхан орж ирсэн ...би ээжид “Б намайг цохиж зодоод байна” гэж хэлсэн чинь ээж Цэцэгсайхан цагдаад дуудлага өгсөн. ...Б гараараа миний толгой, дух руу, мөн хөлөөрөө баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 22, 24 дүгээр тал),
-гэрч Б.Цэцэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай охиных Ханын материалд байдаг, ...гэрээр нь нэг ороод гаръя, ямархуу байдалтай байдаг юм бол гэж бодоод очиход Б, С хоёр маргалдсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Намайг гэрт нь ороход С орон дээр хэвтсэн, толгой нь хавдсан байдалтай хэвтэж байсан. С надад “Б гадаа гарч утсаар яриад хэнтэй ярьснаа хэлэхгүй байсан, тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан” гэж хэлсэн. С уйлсан байдалтай, нүд нь бүлцийсэн, толгой нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
-шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...миний утас дуугарахаар нь би аваад нойл орох замдаа утсаар ярьсан. ...С “чи хэнтэй яриад байгаа юм” гэхээр нь би ...ажлаас залгаад байна” гэж хэлсэн чинь “чи дөнгөж ирчихээд аятайхан гэртээ байж чадахгүй худлаа яриад явах гэлээ” гээд бид маргалдсан. ...би уурандаа Сын хөл рүү нь өшиглөсөн. ...дахиад хацар руу нь алгадаж, толгой руу нь гараа цохиж, ширээн дээр байсан цэнхэр иштэй хутгыг аваад хутганы ишээр толгойн тус газарт нь цохисон. ...Сын биед учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12776 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 49 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-42 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 43-46 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Т.Баямөнх нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Сыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.Б, хохирогч Ц.С нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Ц.Сын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ц.С нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Т.Бтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Т.Баямөнх нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Т.Баямөнх нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Т.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Т.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Тын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Т.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА