| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2016/02094/и |
| Дугаар | 1963 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1963
Д.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05755 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Э” ХХК-д холбогдох
Гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 11 064 470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н ,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь “Э” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр В/06/03 тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 000000 хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-2 орон сууцны 000000 тоот 48.6 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж, тус гэрээний 2.2-т заасан Орон сууцны төлбөр хийх хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т зааснаар 2015 оны 2 дугаар улирал гэж орон сууцыг барьж дуусгах хугацааг тохиролцсон боловч гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй болно. Улмаар гүйцэтгэгч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 015/163 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “...орон сууц хүлээлгэн өгөх хугацаа 2015 оны 11 дүгээр сар” гэж хойшлогдох тухай мэдэгдсэн боловч уг хугацаа өнгөрсөн хэдий ч орон сууц бүрэн ашиглалтад өдийг хүртэл ороогүй байна. Миний бие нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлсэн ба захиалагчийн зүгээс гэрээгээр тохиролцсон, нэмэлтээр өөрсдийн санаачлагаар тогтоосон хугацаандаа орон сууцыг барьж дуусгаагүй буюу үүргээ биелүүлээгүй тул гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги болох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны буюу хугацаа хэтрүүлсэн 78 хоногийн алданги болох нийт 5 640 710.40 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Э нь “Э” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 00000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-2 барилгын 000000 тоот 48.6 м.кв 2 өрөө орон сууцанд хөрөнгө оруулагчаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан. Тус Б/06/03 тоот орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох барилгыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч огт хүлээхгүй юм. Гэрээний 5.3-д зааснаар зөвхөн барилгыг барьж дуусгахаар төлөвлөж байсан хугацаа 2015 оны 02 дугаар улирал гэж урьдчилан төлөвлөж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “Гүйцэтгэгчээс үл хамаарах, түүнийг урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай дараах тохиолдлын улмаас орон сууцыг бүхэлд нь болон зарим хэсгийг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох тохиолдолд гүйцэтгэгч энэ тухай хөрөнгө оруулагчид мэдэгдэж, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоох бөгөөд хөрөнгө оруулагч энэ хугацааг хүлээн зевшөөрнө. Энэ тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй” гэж гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаан гэдгээ гэрээний 5.4.1-5.4.8-д талууд тодорхойлсон байгаа.
Гүйцэтгэгчээс үл хамаарах дараах шалтгааны улмаас барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хойшилсон болохыг анхаарч үзнэ үү. Манай компанийн барилгын ажил эхлэхэд анх олгогдсон дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл 3 удаа өөрчлөгдөж, хамгийн сүүлд буюу 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирсэн албан бичигт 7 дугаар хороололд шинээр баригдаж буй Ус дулаан дамжуулах В төвөөс дулаанаар хангах болсон. Гэвч ус дулаан дамжуулах В төвийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажил 2015 оны 7 дугаар сард эхэлж 2015 оны 11 дүгээр сард хийгдэж дууссан. 7 дугаар хорооллын Ус дамжуулах төв В төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх техникийн болон Улсын комисст хүлээлгэн өгөх нь манай компанид хамаарахгүй асуудал бөгөөд энэ ажил нь ББХЯ-ны Улаанбаатар хотын 7, 8, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл, ББХЯ-ны Дэд бүтэц төсөл зэрэг байгууллагуудын захиалгаар, гүйцэтгэгчээр “Э” ХХК, “Б” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэлээр баригдаж байгаа тул дээрхи ажил нь манай компанийн ажилд хамаарахгүй болно. Бидний зүгээс дулааны шугам сүлжээг тавихад хүндрэл учраад байсан газар чөлөөлтөнд хувь нэмрээ оруулж 151, 151 а гэсэн 2 газрыг чөлөөлж оронд нь 45.3 м.кв-тай 2 байрыг компанийн зүгээс өгч асуудлыг шийдвэрлэсэн. Гэрээний 6.3-д гүйцэтгэгч ямар тохиолдолд алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар зохицуулсан бөгөөд 6.3.1-д ... Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 2.3-д тодорхойлсон хөнгөлөлттэй үнээр захиалга хийсэн тохиолдолд гүйцэтгэгч нь “Э” ХХК нь хөрөнгө оруулагчид гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр заасан. Нэхэмжлэгч Д.Э тэй байгуулсан гэрээ нь хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулсан гэрээ юм. Тодруулбал, гэрээ байгуулах үед орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1 950 000 төгрөг байсныг хөрөнгө оруулагч хөнгөлөлтийг үзүүлж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э нь гэрээний 6.3.1-д зааснаар гүйцэтгэгчээс алданги нэхэмжлэх эрхгүй юм. Энэ нь Д.Э-ийн манай компанид 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт болон, бусад хөрөнгө оруулагч нартай м.кв-ийн үнийг 1 950 000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулж байсан зэрэг бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдоно. Иймд “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон нь талууд гэрээндээ урьдчилан тохиролцсон хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас шалтгаалсан, мөн нэхэмжлэгч нь гэрээгээр алданги шаардах эрхгүй байгаа зэргийг анхааран үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 11 064 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ээс улсын тэмдэпгийн хураамжид төлсөн 206 941 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 206 941 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Д.Э нь “Э” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн В/06/03 тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч буюу захиалагч нь алданги шаардах эрхгүй талаар гэрээний 6.3-1-т тодохой тусгагдсан.
Нэхэмжлэгчийг орон сууцны захиалга өгөх үеийн “Э” ХХК-иас 1 м.кв талбайн нийтэд санал болгож байсан үнэ 1 950 000 төгрөг байсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнтэй хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв үнийг 1 488 000 төгрөгөөр гэрээг байгуулсан. Хэрэгт нэхэмжлэгчийн хөнгөлөлт эдлүүлэхийг хүссэн өргөдөл нотлох баримтаар авагдсан байгаа. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд захиалагч нь алданги шаардах эрхгүйгээр гэрээг байгуулсан болно.
Гэтэл анхан шатны шүүх “орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдан аваагүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар хугацаа хойшлогдож болзошгүй тохиолдлуудыг урьдчилан тохиролцож, энэ тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй байхаар харилцан тохиролцсон байдаг.
Дээрх тохиролцоо нь гэрээний 5.4-т тусгагдсан. Эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан цэвэр ба бохир усны хангамжийн байгууллагуудаас шууд шалтгаалах хугацаа, Төр
захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, зэргээс шалтгаалан барилгыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон. Энэхүү бодитоор тулгарсан нөхцөл байдлыг нотлохоор шүүхэд хангалттай нотлох баримтыг өгсөн, шүүх ч хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас шалтгаалсан болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа алданги гаргуулахаар шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05755 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 11 064 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчөөгүй, барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон нь хүндэтгэн үзэх шалтгаан нөлөөлсөн, нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж гэж маргажээ.
Талууд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр В/06/03 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 00000 дүгээр хороонд баригдах Залуу гэр бүл-2 барилгын 00000 тоотын 48.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулж, нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь нийт 73 316 800 төгрөгийн төлбөрийн 10 хувийг гэрээ байгуулах үед, үлдэх 90 хувийг сарын дотор төлөх нөхцөлтэйгээр тохиролцож, нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлбөрийг бүрэн төлж, гэрээгээр тохиролцсон үүргээ хугацаанд гүйцэтгэсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.
/хэргийн 16-20 дугаар тал/
Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх боловч талуудын байгуулсан гэрээний 5.4 дэх хэсэгт “Гүйцэтгэгчээс үл хамаарах, түүний урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай дараах тохиолдлын улмаас орон сууцыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох тохиолдолд гүйцэтгэгч нь энэ тухай хөрөнгө оруулагчид мэдэгдэж, орон сууц хүлээлгэн өгөх хугацааг шинээр тогтоох бөгөөд хөрөнгө оруулагч энэ хугацааг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй” гэж заажээ. /хэргийн 18 дугаар тал/
Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах боломжгүй болсон тул мөн оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах талаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 015/163 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба үүнээс хойш дахин орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх боломжгүй байгаа талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гэрээний 6.2 дахь хэсэгт “Гэрээний 5.4-т заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсоны дараа, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд хөрөнгө оруулагчийн гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хөрөнгө оруулагчид төлнө” гэж зааснаар алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас болсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.
Мөн хариуцагч нь 1 м.кв-ыг нь 1 950 000 төгрөгөөр борлуулагдаж байсан орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 488 000 төгрөгөөр тооцож хөнгөлөлттэй үнээр нэхэмжлэгч авсан тул гэрээний 6.3.1-т зааснаар алданги шаардах эрхгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сарын дотор 100 хувь төлөх нөхцлөөс түүний нийт төлөх төлбөрийн хэмжээ хамаарсныг хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй талаар гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
Өөрөөр хэлбэл төлбөр төлөх нөхцөл байдлаас хамаарч гэрээний үнийн дүн өөр байгааг хөнгөлөлт гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хэргийн 138-142 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч Д.Э нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус зааснаар дээрх гэрээнд тохиролцсны дагуу 2015 оны 12 дугаар сараас эхлэн гэрээний үнийн дүнгээс хоногийн 0.1 хувиар тооцож хариуцагчаас алдангийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 982 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР