Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0638

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.У-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасныг тус тус баримтлан иргэн Б.У-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/980 дугаартай тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч Б.У-ын согтолтын түвшинг шалгахдаа битүүмжлэл, лацгүй төхөөрөмжөөр шалгасан болох нь үзлэгийн явцад тогтоогдсон.

Гэрчийн мэдүүлгүүдээр Б.У нь согтууруулах ундаа хэрэглээгүй, хариуцагч тал нь нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахдаа согтууруулах ундаа хэмжигч багажийн хошууг солиогүй болох нь, дахиж шалгуулах хүсэлт тавихад авч хэлэлцээгүй зэрэг нь тогтоогддог.

Шүүх хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд “0.47 хувийн согтолттой байгаагаас өөр ямар зөрчил гаргасан юм” гэж тусгасныг үнэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү сонсох ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй, хийгдээгүй ажиллагаа гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас өөрсдөө бэлдсэн баримтыг нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай үнэн зөв мэдээлэл гэж үнэлж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчимтай нийцэхгүй байна.

Видео бичлэгээр нэхэмжлэгчийн согтуурлын түвшинг шалгахдаа согтууруулах ундаа хэмжигч багажийн хошууг солиогүй болох нь тодорхой харагддаг.

Албаны шалгалтыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдал хариуцсан нэгж явуулах ёстой, гомдлын үндсэн дээр үүсэж байгаа хяналт шалгалт нь батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой гэж тус тус маргадаг.

№112 журмын 112.3.10 “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтыг энэхүү журмын 112.4.1-д заасан албан тушаалтны баталсан удирдамжид заасан асуудлын хүрээнд гүйцэтгэнэ” гэж заасан. Хяналт шалгалт, Дотоод Аудитын хэлтсийн дарга нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Г холбогдох мэдээлэлд шалгалт хийх төлөвлөгөө”-г баталсан. Харин энэхүү албаны шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хийсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2 дахь хэсэгт “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ” гэж заасныг маргаан бүхий албаны шалгалт зөрчсөн байхад шүүх журам болон хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний илэрхий алдаа байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий албаны шалгалтыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдал хариуцсан нэгж явуулах ёстой буюу албаны шалгалт нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн эсэх, хариуцагч байгууллага нь маргаан бүхий албаны шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын өгсөн үүргийн дагуу явуулсан эсэх дээр дүгнэлт хийгээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/980 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.У нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтыг сулруулж, албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.4.6-д заасныг зөрчсөн хэмээн цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн ахмад” цолыг хураажээ.

Анхан шатны шүүх дээрх маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл тус бүрд үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...видео бичлэгээр нэхэмжлэгчийн согтуурлын түвшиг шалгахдаа согтууруулагч хэмжигч багажийн хошууг солиогүй нь тодорхой харагддаг ... шүүх дээр дурдагдсан нотлох баримтыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцэхгүй”, “...Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасныг маргаан бүхий албаны шалгалт зөрчсөн байхад шүүх журам болон хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний алдаатай” гэсэн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 220-д “Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах”, 220.4.9-д “Шалгуулсан хүн согтуурал хэмжигч багажинд гарсан үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шалгахыг хүссэн тохиолдолд түүний хүсэлтээр 1-ээс 2 удаа согтруурал хэмжигч багажаар дахин шалгаж, үр дүнг баримтжуулж болно”, 220.4.10-д “Согтуурал хэмжигч багажинд гарсан үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хүн тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан гарын үсэг зурахаас татгалзсан тухай тэмдэглэнэ” хэмээн заажээ.  

Хавтас хэрэгт авагдсан дүрс бичлэгт нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг шалгахын өмнө төхөөрөмжийн хошууг сольсон эсэх нь тодорхой харагдахгүй боловч нэхэмжлэгчээс согтуурал хэмжигч багажид гарсан үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн, дахин шалгуулах талаар хүсэлт тавьсан гэх нөхцөл байдал мөн тогтоогдохгүйн дээр согтуурлын түвшинг шалгасан тэмдэглэлд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна[1].

Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан шалгалтын талаарх танилцуулга, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, нэр бүхий алба хаагчдаас авсан тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 07 минутад 102 дугаарын утсанд гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авч[2] тухайн өдрөө Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж хэд хэдэн зөрчил илрүүлсэн, үүний дотор маргаан бүхий актын үндэслэл болсон нөхцөл байдал илэрсэн байна.

Хэдийгээр Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд холбогдолгүй, өөр гомдол, мэдээллийн дагуу албаны шалгалт явуулсан байх боловч уг хяналт, шалгалтаар нэхэмжлэгчийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтыг сулруулсан, албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил нь тогтоогдсон байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.У нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/272 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байх үед Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Коронавирус /Ковид-19/ цар тахалын үед Сонгинохайран дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх албан хаагчийн хуваарь, томилгоонд заасан хариуцан ажиллах нутаг дэвсгэрт албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавилгүйгээр өөр газарт очсон, улмаар Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1-д заасан “... ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих” үүргээ биелүүлээгүй болох нь дээрх хяналт шалгалтаар нэгэнт тогтоогдсон байх тул нэхэмжлэгчид холбогдох зөрчилд зөвхөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдал хариуцсан нэгж албаны шалгалт явуулах ёстой гэж хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил үгүйсгэгдэхгүй юм.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.Батбаатар  

  

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар талд,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар талд,