| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00857/и |
| Дугаар | 093 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 093
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 19-1-18 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ87113078, Өөлд овогтой Дүгэржавын Эрболд,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 19-1-18 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ87100204, Тайж овогтой Төрбатын Ариунжаргалд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.940.805,73 төгрөг, зээлийн хүү 4.007.576,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 335.737,61 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 15.295.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимгээ, хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Эрболд, Т.Ариунжаргал нар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвөөс ЗГ6644 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 9.059.194,28 төгрөг, зээлийн хүүнд 4.902.325,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.280,94 төгрөг, нийт 13.968.800,57 төгрөг төлсөн. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, 517 хоног хугацаа хэтэрсэн тул удаа дараа шаардлага хүрүүлсэн боловч үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахгүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.940.805,73 төгрөг, зээлийн хүү 4.007.576,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 335.737,61 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 15.295.120 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Банк 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн хүү 374.085,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.435,8 төгрөг, нийт 446.521 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид Хаан банкнаас нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Бид одоо маргааш Ховд аймаг руу ажил хийхээр явж байгаа. Тэгээд ажил хийгээд олсон мөнгөөрөө зээлээ төлөөд байх бодолтой байна. Манай зайрмагны тоног төхөөрөмжийг нэг хүн авна гээд нэлээд цаг хугацаа алдагдуулсан. Хэрэв бид зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг зарж борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг мэдэж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.940.805,73 төгрөг, зээлийн хүү 4.007.576,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 335.737,61 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 15.295.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн хүү 374.085,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.435,8 төгрөг, нийт 446.521 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилжээ.
Зээлдэгч буюу хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нар нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны Увс салбарын Улаангом тооцооны төвтэй ЗГ6644 тоот Зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн Барьцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 19-1-18 тоотод байрлах, 694,5 м.кв талбай бүхий, нэгж талбарын 191903209, улсын бүртгэлийн Г-1500001754 дугаартай, иргэн Р.Магаахүүгийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-33 тоотод байрлах, нэгж талбарын 191900410, улсын бүртгэлийн Г-1520000410 дугаартай, 897 м.кв талбай бүхий иргэн З.Баатаржавын гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, 57-39 УВХ улсын дугаартай, аралын KS3-072098 дугаартай, 1993 онд үйлдвэрлэгдсэн, ачааны автомашин, 6 ханатай битүү шалтай Монгол гэр, зурагт, хөргөгч, угаагч, бусад тавилга, 4 гартай зайрмагны машин, 3 гартай зайрмагны машин, 2 гартай зайрмагны машин, зайрмагны 15 ширхэг хөлдөөгч зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлдэгч нартай уулзаж байсан тухай уулзалтын тэмдэглэл, зээлдэгч нарын тайлбар, Хаан банкны мэдэгдэл зэргээр нотлогдож байх тул Хаан банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч нар Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 15.741.641төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.940.805,73 төгрөг, зээлийн хүү 4.381.662,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408.173,41 төгрөг, нотариатын зардал 11.000 төгрөг, нийт 15.741.641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нараас 248.471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон бусад зардалд нийт 15.741.641 /арван таван сая долоон зуун дөчин нэгэн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.471 /хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрболд, Т.Ариунжаргал нараас 248.471 /хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА