Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01071

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 594 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Э- би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Д” ХХК-тай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус компанийн Завхан аймаг дахь авто замын барилгад ажилласан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захирал Г.Болдоо тушаалгүй болон тодорхой үндэслэлгүйгээр ажлаас халсан.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Иргэн Н.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Г.Болдоотой уулзан тус компанийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Тэлмэн хүртэлх 114 км авто замын ажилд ажиллахаар буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хамгааллын инженерээр өдрийн 50 000 төгрөгийн хөлстэйгээр ажиллахаар тохиролцсон. Захирал Г.Болдоо 15 хоногийн дараа Завхан аймаг дахь салбартаа очиход ажлын хамт олон шинээр ирсэн ажилтан Н.Э- ажил хийхгүй, шаардлага тавьсан нэгнийхээ өөдөөс хэрүүл хийдэг, ааш муутай, бүдүүлэг, цаашид энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллуулах хэрэггүй, манай ажилд тохирохгүй, өдөржин хэвтэж өнгөрөөж байна гэсэн. Тухайн ажлын байранд ажиллаад 20 хоног болоход Н.Э-ын талаар хамт олон нь гомдол гаргасан, ажлын байранд очиход ажил хийхгүй байсан тул цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн. Хэдий тийм боловч уг ажлын байранд хэд хоног зүгээр байсан өдрөөр нь тооцож 870 000 төгрөг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э-ад цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн бөгөөд тэрээр орон нутаг дахь манай салбарт ажил хийхгүй цаг хугацаа өнгөрөөж, мөнгө авсан мөртлөө шүүхэд хүртэл гомдол гаргаж шүүх байгууллагад чирэгдэл учруулж байна. Мөн хөдөлмөрийн гэрээг хоёр талаасаа тохиролцож зурсан зүйл огт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг “Д” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 804 504 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Н.Э-ын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Д” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 107 822 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 594 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 830 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт болон зохицуулах харилцааг тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заажээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж хариуцагч байгууллагыг ноцтой хохироосон шийдвэрийг гаргасан.

Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зохигчдын тайлбар зэргээс шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар амаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ” гэжээ. Гэтэл хариуцагч байгууллагын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “өдрийн 50 000 төгрөгөөр тохиролцсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Монгол Улсад татвар төлж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн, мэдлэг, боловсрол, туршлагатай, ёс зүйтэй ажилтан ажиллуулах эрх, үүрэгтэй” гэж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тайлбар хүргүүлсэн. Хариуцагчийн дээрх тайлбараас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заажээ. Гэтэл шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөвхөн нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан, тушаал өгөхгүй байгаа гэсэн худал тайлбарыг үнэн зөв гэж үзэж талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн гэсэн хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж заасны дагуу хариуцагч байгууллага тухайн ажлын байранд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, ёстой зүйтэй хүнийг сонгон шалгаруулж авах эрхтэй. Гэтэл 20 хоног зүгээр хэвтэж, хүмүүстэй хэрүүл хийж цаг нөхцөөж байсан нэхэмжлэгч Н.Э-ад гүйцэтгэх захирал Г.Болд “хэлцлийн дагуу тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэ” гэж удирдлагын зүгээс ажлаа хийхийг шаардлага тавихад өөрөө ажлын байраа хаяж явсан байтлаа үндэслэлгүйгээр ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тушаал гаргаагүй гэх мэтээр шүүхэд худал тайлбар өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авах тушаал гараагүй байхад хөдөлмөрийн харилцаа хүчин төгөлдөр үүссэн гэж үзэхгүй. Үүний дагуу байхгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал шаардах эрхгүй байна.

...Эрүүл мэнд, Нийгмийн даатгалыг нэхэмжлэгчийн олон удаагийн ажлын байранд ирж 1 cap ажилласан нийгмийн даатгал төл гэсэн ятгалгын дагуу төлсөн. Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “Иргэн Н.Э-ын сард ажилласнаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллага төлөх болно” гэсэн тайлбар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан бичигт “Нийгмийн даатгалын дэвтэрт ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг бичүүлж, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан болно” гэж мөн нэхэмжлэгчийн өөрийн давж заалдах шатны шүүхэд ирүүлэн тайлбарт “Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүй гэснийг би гомдол гарган цаг заваа баран олон удаа Нийгмийн даатгалын газар болон хариуцагч дээр очиж байж дэвтэр дээрээ 1 200 000 бичилт хийлгэсэн” гэсэн тайлбараас хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ болон тушаалын дагуу Нийгмийн даатгал төлөгдөөгүй өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр төлсөн болох нь тодорхой харагдана.

Мөн хариуцагч “хөдөлмөрийн гэрээ хийгээгүй өдрийн 50 000 төгрөгөөр тохиролцож ажиллаж байсан, ажилд авах тушаал, ажлаас чөлөөлөх тушаал гараагүй” гэсэн тайлбар хийж байхад шүүхээс дээрх үйлдэгдээгүй байхгүй баримт материалыг гаргуулах захирамж гарч манай байгууллагаас захирамжийг биелүүлэхийн тулд нотлох баримтын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл албадлагаар огт байхгүй зүйлийг захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн. Үүний зэрэгцээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Н.Э-ын ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг ирүүл гэсэн шаардлагын дагуу мөн л өмнө байхгүй байсан тушаалыг албадлагаар үйлдэж бичилт хийлгэсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн худал тайлбарын дагуу захирамж гарган байхгүй баримт материалыг гаргуулж түүндээ үндэслэн манай байгууллагаас сарын 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчиж илэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч тал ажил хүлээлгэж өгөх нь байтугай ажил хаяад явж байхад шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн. Эцэст нь хэлэхэд амаар тохиролцсон хөлсөөр ажиллах гэрээний дагуу 20 хоног ажил хийлгүй хэвтэж байгаад ажил хаяж явсан хүнд үндэслэлгүйгээр 5 804 504 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иймд хэргийг нэхэмжлэгчийн тайлбарт авталгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь “Д” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “Д” ХХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч “Д” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, ажлаа хийдэггүй, зан харьцаа муутай хүнийг цаашид ажиллуулах шаардлагагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт нь хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байгааг анхаараагүйгээс гадна эсрэг талаас нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Э- нь нэхэмжлэлдээ “хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан” гэж дурдсан ба хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал, ажлаас халсан тушаал, нийгмийн даатгал суутган цалин олгосон баримт зэргийг гаргуулах талаар хүссэн байна. Шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т заасан “шүүх  зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэсэн заалтыг зөрчжээ.

Н.Э-ыг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн он, сар өдөргүй, дугааргүй, захирлын гарын үсэггүй тушаалын хувь, мөн он, сар, өдөргүй, гарын үсэггүй цалингийн талаарх заалтгүй хөдөлмөрийн гэрээний хувийг зохигчийн хооронд хөдөлмөрийн эх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох баримт гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох боломжгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.-т заасан шаардлагыг зөрчжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/03057 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 594 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 107 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН