Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0648

 

            “Э г” ХХК-ийн гомдолтой

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Ж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Д.Н, Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Э г” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2008/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан “Э г” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0309888 дугаар шийтгэлийн хуудаснаас 2008 оны Татварын ерөнхий хуулиар тооцсон нийт 16,700,737.30 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд уг баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд уг зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байхад шүүхийн хүчин төгөлдөр хуулийг үндэслэхгүйгээр, хуучин хуулийг үндэслэж 10 хувиас хэтэрсэн буюу 30 хувиар тогтоосон торгуулийн хэмжээг хэвээр үлдээж, манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж хянан шийдвэрлэсэн байхад үүнд шүүхээс үнэн, зөв дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтэс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудас гарах хүртэлх 2015-2019 оны хоорондох хугацаанд манайхаас гаргаж өгч байсан НӨАТ-ын тайланг хүлээн авч, 109712727 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг зөрчил гэж үзэлгүй баталгаажуулж байсан атлаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэнэт шийтгэлийн хуудсаар уг хугацаан дахь нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг зөрчил гэж үзэж торгууль, алданги тавьсан байгаа нь үндэслэлгүй. Үүнийг мөн шүүх үнэн, зөв дүгнэлтгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь татварын албанаас 2015-2019 оны хоорондох Нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг үнэн зөв гэж баталгаажуулж байсан учир манайх тайланд залруулга хийх үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0309888 дугаар шийтгэлийн хуудсаар “Э г” ХХК-ийг борлуулалтын орлого дутуу тусгасан, татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг өсгөж, татвар ногдох орлогоо бууруулсан, татвараа хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн  17 345 434.60 төгрөгийн торгууль, 12 189 959.30 төгрөгийн хохирол, 9 492 266.10 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 39 027 660 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор дээрх 39 027 660 төгрөгийн төлбөрөөс 7 069 487.52 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, 31 958 172.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилжээ.

Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 16 700 737 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... 2017 онд “Х-А к” ХХК-ийн 109 712 727.27 төгрөгийн борлуулалтыг зөрчил гэж үзээгүй шалгаж дууссан. Одоо хувийн ашиг сонирхлоор акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тайландаа залруулга хийснийг татварын цахим систем хүлээн авч баталгаажуулсан. ... торгуулийг 10 хувиар бодох байтал 2008 оны Татварын ерөнхий хуулиар 30 хувиар тооцсон” гэж тайлбарлан маргасан байна.

Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 86 дугаар зүйлд “Хууль хүчин төгөлдөр болох”, 86.1-д “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай”, 11.19 дүгээр зүйл.Татварын хууль зөрчих, 1. Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн заажээ.

Татварын улсын байцаагч нараас 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23170400168 дугаар томилолтын дагуу “Э г” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 0309888 дугаар шийтгэлийн хуудсаар “Э г” ХХК-д шийтгэл ногдуулсан байна.

Үүнээс үзэхэд цаг хугацааны хувьд Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөн найруулагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө маргаан бүхий шийтгэлийн хуудас гарсан байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй хуулийг шийдвэр гаргахдаа баримтлаагүй гэж татварын улсын байцаагч нарыг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг энэхүү маргааны тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй.

Мөн дээрх хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын талаар зохицуулснаас бус 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг хянахдаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэх агуулгатай зохицуулалт гэж үзэхээргүй байна.

Иймд гомдол гаргагчийн төлөөлөгчийн “...Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчиж хянан шийдвэрлэсэн байхад үүнд шүүхээс үнэн, зөв дүгнэлт хийгээгүй” талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн гомдол гаргагчийн төлөөлөгчийн “... татварын албанаас 2015-2019 оны хоорондох нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг үнэн, зөв гэж баталгаажуулж байсан” гэх давж заалдах гомдлын тухайд мөн хүлээн авах үндэслэлгүй бөгөөд өмнө нь 109 712 727.72 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын бичилтийг зөрчил гэж үзэлгүй баталгаажуулж байсан эсэх үйл баримт нь хуульд нийцүүлэн гаргасан маргаан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Хэдийгээр гомдол гаргагчаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайландаа залруулга хийснийг татварын цахим систем хүлээн авч баталгаажуулсан гэх боловч нэгэнт улсын байцаагч нараас зөрчлийг илрүүлж, шийтгэлийн хуудас тавигдсан байсан тул анхан шатны шүүхийн “...шийтгэл хуудас үйлдэгдсэний дараа Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг зөрчиж ... худалдан авалтын падааныг буцаалт хийж тайлагнасан” талаарх дүгнэлт зөв байна.

Ийнхүү маргаан бүхий шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулийг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН