Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/181

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт  М.Б-д холбогдох 202...197 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Онцгой байдлын ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г овогт  М.Б /РД: ЖЯ.../.

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын зүүн талд иргэн У.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал, 1 шүдний хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй” гэв.

М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн найзуудын хамтаар Ш-ий дүү нараас салаад гэр лүүгээ явах гээд төв замын хойд талд гарахад надтай маргаан үүсгэсэн У.Б цамцандаа чулуу хийгээд  бид нартай зодолдох гээд байсныг нь би хараад У.Б дээр очиж түүнийг хөлөөрөө дэгээдэж газарт унагаад хэвлийдээ хийсэн чулууг нь авахад У.Б газраас босч ирээд над руу дайрч давшлаад байхаар нь би 2 удаа угзарч унагаасан. Сүүлд газарт унагаад хөлөөрөө нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн” гэжээ. /хх-ийн 26-29/

Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Б ах манай найз *******тай нэг мэдэхэд маргалдаад газарт унагаачихсан байсан. Би ойрхон зогсож байсан болохоор М.Б ахыг араас нь гараараа тэврээд болио гэхэд намайг “гар тавь” гээд байхаар нь тавихад шууд миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би нүүрээ дараа доошоо суусан. Энэ үед хөлөөрөө миний нүүр лүү 5-6 удаа өшиглөхөд хажууд байсан ******* ах болон түүний найзууд салгасан. ...М.Б-ийн ээж миний эмчилгээний бүх зардлыг бүрэн барагдуулсан тул надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн тул нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 8-10/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би М.Б ахтай маргалдахад манай найз У.Б, ******* ах хоёр салгаад Ш ах намайг аваад явсан. Ш ах бид хоёрыг хэдэн алхам холдчихоод ирэхэд У.Б газар өвдөг дээрээ суучихсан, амнаас нь цус гараад байсан. Ш ах намайг М.Б ахаас салгаад хэд алхаад уулзаж байхад М.Б ах У.Б-ыг цохичихсон юм шиг байсан...” гэжээ. /хх-ийн 18/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 тоот дүгнэлтэд:

     1. У.Б-ын биед доод эрүүний хоёрлосон хугарал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон доод эрүүний хоёрлосон хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар 1 шүдний хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20-21/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/

М.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 31/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын тодорхойлолт /хх-ийн 32/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г овогт  М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын зүүн талд хохирогч У.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож, түүний биед доод эрүүний хоёрлосон хугарал, нэг шүдний хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...У.Б газраас босч ирээд над руу дайрч давшлаад байхаар нь би 2 удаа угзарч унагаасан. Сүүлд газарт унагаад хөлөөрөө нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч У.Б-ын “...миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би нүүрээ дараа доошоо суусан. Энэ үед хөлөөрөө миний нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн...” гэх, гэрч Г.М-н “...Ш ах бид хоёрыг хэдэн алхам холдчихоод ирэхэд У.Б газар өвдөг дээрээ суучихсан, амнаас нь цус гараад байсан. Ш ах бид хоёрыг уулзаж байхад М.Б ах У.Б-ыг цохичихсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-ын биед  доод эрүүний хоёрлосон хугарал, нэг шүдний хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч  М.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 1.500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, М.Б-тэй сайн дураараа эвлэрсэн тул гаргах санал хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                               

Шүүгдэгч М.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт  М.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖЯ ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    П.ПАГМА