Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2017/00085/И |
Дугаар | 78 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 78
2017 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2017/00078 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 23 гудамж, 880 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, Адуучин овогт Баатарын Аюурпүрэв /РД:ШЕ80020734/-ийн
Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, П.Энхбулган, эмчлүүлэгч Б.Аюурпүрэв, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, П.Энхбулган нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлүүлэгч Б.Аюурпүрэв нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 01055 дугаартай шийдвэрээр тус газарт 2016 оны 11 дүгээр сарын 4-нд /Анх удаа/ ирсэн.
Б.Аюурпүрэв нь тус газарт ирж зохих эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний газраас чөлөөлөх саналыг гаргаж байна гэжээ.
Эмчлүүлэгч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч, эмчлүүлэгч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Эмчлүүлэгч Б.Аюурпүрэв нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлт, Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.
Б.Аюурпүрэв нь тус газарт 76 хоног хэвтэж, 95.440 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна.
Тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эмчилгээний үр дүнд биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилан архидан согтуурах эмгэг дуршил буурсан. Өвчтөн архинд донтох өвчний талаар зохих мэдлэгтэй болж цаашид харьяа сум, дүүргийн донтолтын эмчийн хяналтанд батжуулах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийж байх талаар мэдээлэл авсан” эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч их эмч, дэслэгч Б.Энхболд, их эмч, дэд ахлагч П.Энхбулган нарын тайлбар, эмчлүүлэгч Б.Аюурпүрэвийн тайлбар зэргийг үндэслэн албадан эмчлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Адуучин овогт Баатарын Аюурпүрэвийн албадан эмчлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ