Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/147

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Д холбогдох эрүүгийн 202...131 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, Б овогт Ч.Д /РД: ЖД .../.

Шүүгдэгч Ч.Д нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Цэ Ца” дэлгүүрийн гадаа 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд цагдаагийн албан хаагч А.Г-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хутга хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Г-ийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн автомашин урдаас баруун хойш чиглэлтэй их хурдтай давхиад өнгөрөхөөр нь согтуу байж магадгүй шалгая гэж бодоод араас нь явахад жолооны ард Д нь согтуу сууж байсан. Д-д хандан та яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ? гэж хэлээд автомашины түлхүүрийг нь авах гэтэл арын суудалд сууж байсан А гэх хүнд өгсөн бөгөөд А түлхүүрийг надад өгсөн. Улмаар би Д-д хандаж маргааш ирж уулзаарай гэж хэлээд явсан. 20-30 миниутын дараа Д ирээд надад хандаж чи даварцан бацаан бэ гээд хөлөөрөө миний эрүүн тус газарт өшиглөсөн. Мөн дараа нь явахдаа муу бацаан минь би чамайг ална гэж хашгираад цааш явсан. Ингээд “Цэ Ца” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талд зогсож байхад Д ханцуйнаасаа хутга гаргаж ирээд над руу далайж ах нь чамайг алчих уу? гээд дайрах гэхэд нь би хутгатай гарыг бариад түлхсэн. Ер нь тухайн үед ганцаараа байсан бол намайг хутгалах байсан...” гэжээ. /хх-ийн 15-18 тал/

          Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Г-ийн хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дэлгүүрийн зүүн талд зогсож байхад ******* УНХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн автомашин урдаас баруун хойш чиглэлтэй их хурдан давхиад өнгөрөхөөр нь согтуу байж магадгүй шалгая гэж бодоод очоод шалгахад жолооны ард Д согтуу сууж байсан. Г жолооч талын хаалгыг онгойлгоод Д-д хандан та яагаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ? түлхүүрээ өг гэж хэлэхэд нь түүнд өгөлгүй автомашины арын суудалд сууж байсан Ад түлхүүрийг өгсөн бөгөөд А  Г-д өгсөн. ...Д нь Г-г автомашин дотор сууж байхад нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд “Цэ Ца” дэлгүүрийн гадна байж байхад нь Д хутга гаргаж ирээд түүнийг ална гээд бариад авах шиг болсон. Би бууж машин тойроод очиход Д нэг гартаа хутга бариад Г хутга барьсан гарыг нь дараад ноцолдоод байж байхад нь би хутгыг нь булааж авсан...” гэжээ. /хх-ийн 22-24 тал/

          Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Ч хамт манайх руу явж байхад “Цэ Ца” хүнсний дэлгүүрийн тэнд хүн хашгираад хэрүүл болж байсан. Манай ах Дийн дуу байхаар нь яваад очиход манай сумын хэсгийн төлөөлөгч Г, цагдаа Г, Д ах гурав маргалдсан байдалтай зогсож байсан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

           Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг харахад цагдаагийн албан хаагчид түүнтэй зүй бусаар харьцаж цохиж зодсон зүйл байхгүй.  Д нь цагдаагийн албан хаагч руу хутга барьж дайрсан байсныг мэдсэн...” гэжээ. /хх-ийн 42-43 тал/

          Гэрч Т.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машины хажууд Г цагдаа Д ахыг доороо хийсэн, өөрөө дээрээс нь дараад сууж байсан. Г хажууд нь ирээд Д ахыг босгосон. Д ах архи уусан байдалтай, нээх айхтар согтуу байгаагүй...” гэжээ. /хх-ийн 44-45 тал/  

          Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны орой 20 цаг 30 минутын орчимд Д ах гаднаас согтуу орж ирээд ширээний хажууд сууж байхад нь би хоол аягалж өгөх гээд буруу хараад зогсож байхад гал тогооны шургуулга татах шиг болсон. Ээж хажуунаас нь Д ахад хандан миний хүү хутгаар яах гэж байгаа юм бэ, миний хүү хутгаа надад өгчих гэхэд Д ах шууд гараад явсан. Ээж Д хутга аваад гарчихлаа гэхэд нь би Батболд руу хэлсэн...” гэжээ. /хх-ийн 47-48 тал/

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот дүгнэлт /хх-ийн 58 тал/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/

          Гэрч Г.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

Гэрч Ч.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

Гэрч Н.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 212,  03 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот дүгнэлтүүд /хх-ийн 50, 53 тал/

          А.Г-ийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 66-70 тал/

          Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цагдаагийн дэд ахлагч А.Г-г шилжүүлэн томилох тухай ... тоот тушаал /хх-ийн 71 тал/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 тал/

          Гэрлэлт бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 тал/

          Ч.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 77 тал/

          Ч.Д-ийн яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27, 30, 63-65 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэгийг шинжлэн судлав.

Эрүүгийн 202...131 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх тул гэмт хэрэг гэж үзлээ.

 

             Шүүгдэгч Б овогт Ч.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Цэ Ца” хүнсний дэлгүүрийн гадна цагдаагийн албан хаагч А.Г-ийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Г намайг согтуугаар машин жолоодсон гээд машины түлхүүр авсан байсан. Түлхүүрээ авахаар очоод би түүнийг өшиглөсөн байх. Тэр үед Г намайг газарт унагаасан. Тэрийг санаад хутгатай очихоор зодохыг нь харъя гэж бодоод хутга бариад очсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А.Г-ийн “...Д ирээд надад хандаж чи даварцан бацаан бэ гээд хөлөөрөө миний эрүүн тус газарт өшиглөсөн. Мөн дараа нь явахдаа муу бацаан минь би чамайг ална гэж хашгираад цааш явсан. Ингээд “Цэ Ца” хүнсний дэлгүүрийн баруун талд зогсож байхад Д ханцуйнаасаа хутга гаргаж ирээд над руу далайж ах нь чамайг алчих уу гээд дайрахад нь би хутгатай гарыг бариад түлхсэн...” гэх, гэрч Ц.Г-ийн “...Г жолооч талын хаалгыг онгойлгоод Д-д хандан та яагаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ? түлхүүрээ өг гэсэн. ...Д нь Г-г автомашин дотор сууж байхад нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд “Цэ Ца” дэлгүүрийн гадна байж байхад нь Д хутга гаргаж ирээд түүнийг ална гээд бариад авах шиг болсон. Би бууж машин тойроод очиход Д нэг гартаа хутга бариад Г хутга барьсан гарыг нь дараад ноцолдоод байж байхад нь би хутгыг нь булааж авсан. Гараа халаас руугаа хийх гээд байхаар нь харахад заазуур харагдахаар нь би авсан...” гэх, гэрч С.Ч “...Намайг харахад цагдаагийн албан хаагчид түүнтэй зүй бусаар харьцсан, цохиж зодсон зүйл байхгүй. Д нь цагдаагийн албан хаагч руу хутга барьж дайрсан байсныг мэдсэн...” гэх, гэрч Ч.Э-гийн “...Д ах гал тогооны шургуулга татах шиг болсон. Ээж хажуунаас нь ахад хандан миний хүү хутгаар яах гэж байгаа юм бэ, миний хүү хутгаа надад өгчих гэхэд шууд гараад явсан. Ээж Д хутга аваад гарчихлаа гэхэд нь би Б руу хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А.Г-гийн албан тушаалын тодорхойлолт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цагдаагийн дэд ахлагч А.Г-г шилжүүлэн томилох тухай ... тоот тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно. Хохирогч А.Г нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... тоот тушаалаар Дорнод аймгийн Гурванзагал сумын цагдаагаар томилогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Д нь цагдаагийн албан хаагч А.Г-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг таслан зогсоосон шаардлагыг хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэн эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Д-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Д-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ч.Д-ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч цагдаагийн албан хаагч А.Г-д учирсан хохиролгүй бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Д-ийн ЖД ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Д-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Д-д тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй хутга 1 /нэг/ ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Д-ийн ЖД ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА