| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0522/Э |
| Дугаар | 0547 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 0547
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01688 0720 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Ц, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын ** дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү 13 нас 11 сартай Ц.У-ыг буюу бага насны хүүхдийг “...гэрийн ажлаа хийсэнгүй, ээждээ тусалсангүй, хичээл хийсэнгүй...” гэсэн шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, биед нь хамар ясны хугарал, хамар, нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын ** дугаар байрны *** тоотод “...гэрийн ажлаа хийсэнгүй, ээждээ тусалсангүй, хичээл хийсэнгүй...” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох 13 нас 11 сартай төрсөн хүү Ц.У ын нүүр лүү алгадаж, толгой руу гараараа цохиж, угаалтуур мөргүүлсний улмаас түүний бие махбодод “...хамар ясны хугарал, хамар, нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Насанд хүрээгүй хохирогч Ц.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Ц гаднаас орж ирээд миний хажууд зогсоод алчуураа угаадаггүй юм уу, хурдан угаагаач гэж хэлж уурлаад миний нүүр лүү нэг удаа алгадахад миний хамраас цус гарсан. Би цусаа арилгах гээд угааж байхад аав “цусаа гүйцэт арилгаач” гэж хэлээд миний толгой руу гараараа нэг удаа цохиход би уг цохилтын хүчээр угаалтуурын цоргыг хамраараа мөргөсөн. Манай аав намайг хааяа загнадаг ба ээжийнхээ үгэнд орсонгүй, гэрийн ажил хийхгүй байна, даалгавраа хийхгүй байна гэж загнадаг. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4635 дугаартай: “...Ц.У ын биед хамар ясны хугарал, хамар, нүдний зовхи. хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 32-33 дугаар хуудас);
4. Аюулын зэргийн үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 5-13 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 55, 56, 58 дугаар хуудас), хаягийн тодорхойлолт (хх-ийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би хүүдээ чи ээжийнхээ үгэнд ороод машины алчуурыг нь гялс угаахад яадаг юм гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл хамраас нь бага зэрэг цус гарсан бөгөөд хамрын цусаа угаагаад дуусахад хамрынх нь цус бүрэн арилаагүй байхаар нь олигтой угаахад яадаг юм гэж хэлээд хүүгийнхээ толгойны орой хэсэг рүү гарынхаа ар хэсгээр нэг удаа цохиход цохилтын эрчид урагшаа угаалгын цорго мөргөсөн. Маргааш нь энэ асуудлыг хадам дүү Б сонсоод 108-д дуудлага өгсөн байсан. Би хүүдээ гар хүрэх болсон шалтгаан нь ээжийнхээ үгэнд орохгүй байсан юм. Өмнө нь хичээлээ хийхгүй байхаар нь төмөр халбагаар толгой руу нь нэг удаа цохиж байсан. Өөр цохиж зодож байсан удаа байхгүй..хүүдээ гар хүрсэндээ гэмшиж байна...Би өөрийн гэм бурууг ойлгож, хүүгээсээ уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр, мөн насанд хүрээгүй хохирогч Ц.У болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.М нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 141 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ц.У ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч Ц.У ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Насанд хүрээгүй хохирогч Ц.У, шүүгдэгч Б.Ц нар нь төрсөн эцэг, хүү бөгөөд хамт амьдардаг болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, түүнчлэн Ц.У-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Гэр бүлийн хүчирхийллийн болон хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Ц-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “бага насны хүүхэд”, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заасан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Ц.У болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА