| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0188/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/190 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/190
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лхагвын Л.Гт холбогдох 202...192 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Л.Г /РД: ЖМ.../.
Шүүгдэгч Л.Г нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод иргэн Б.Ө баруун гарыг хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би өөрийн эхнэр болон түүний дүү О нарт уурлаад уурандаа хоолны шүүгээний шургуулганд байсан заазуурыг аваад ... ална гээд айлгахад Б.Ө миний өөдөөс ирээд гарт байсан хутгыг авах гээд байхаар ... заазуураар түүний баруун гар орчимд нэг удаа зүссэн” гэжээ. /хх-ийн 34-36/
Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л.Г нь эхнэр Г болон түүний дүү О нартай хэрүүл маргаан үүсгэн маргалдаад уурандаа хоолны шүүгээнээс хутга, заазуур гаргаж ирээд та нарыг ална гэхэд Г, дүү О, охин Б нар айгаад гэрээс гарсан. Миний хувьд гутлаа өмсөж байгаад ганцаараа үлдээд Л.Гийн гарт байсан хутга, заазуурыг авах гээд өөдөөс нь очиход Л.Г миний баруун гарын шууны гадна хэсгийг заазуураар зүсчихсэн юм. ...Миний хувьд Л.Г-оос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Учир нь миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэжээ. /хх-ийн 14-16/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л.Г ах уурлаад шүүгээнээс хутга, заазуур 2 гаргаж ирээд “бүгдийг хутгална” гээд уурлахад Г эгч, О нар гараад явсан. Тэгээд ээж хутгаа өгчих гээд хориод байж байхад гэнэт ээжийн баруун гарыг заазуураар зүссэн...” гэжээ. /хх-ийн 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 384 тоот дүгнэлтэд:
1. Б.Ө биед баруун гаранд хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 28-29/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38/
Л.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар заазуур 1 ширхгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.
Шүүгдэгч Б овогт Л.Г нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод хохирогч Б.Ө баруун гарыг заазуураар 1 /нэг/ удаа зүсч түүний биед хутгалуулсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Б.Ө миний өөдөөс ирээд гарт байсан хутгыг авах гээд байхаар нь заазуураар түүний баруун гар орчимд нэг удаа зүссэн...” гэх, хохирогч Б.Ө “...Л.Г-ийн гарт байсан хутга, заазуурыг авах гээд өөдөөс нь очиход Л.Г миний баруун гарын шууны гадна хэсгийг заазуураар зүсчихсэн юм” гэх, гэрч Д.Б-ын “...ээж хутгаа өгчих гээд хориод байж байхад гэнэт ээжийн баруун гарыг заазуураар зүссэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 384 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Л.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө биед баруун гаранд хутгалуулсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 384 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Л.Г-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Л.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний хувьд Л.Г-оос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Учир нь миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр заазуурыг шүүгдэгч Л.Г буцаан авах хүсэлтийг гаргаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төмөр заазуур 1 /нэг/ ширхгийг шүүгдэгч Л.Г-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖМ ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Г-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖМ ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА