| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0008/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007001120051 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 44 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт Г.Гт. /РД: /
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд ******* тоотод эхнэр Б.Иг нүүр, гар руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын өгсөн: “... Би 3 дугаар сарын 16-ны өдөр эхнэр ажилдаа гарсны дараа хүүхэдтэйгээ байж байхдаа гэртээ архи уусан. Эхнэр цайны цагаар гэртээ ирэхэд нь архи уусан байсан. Эхнэр ажилдаа явахдаа дахиж нэмж ууж болохгүй шүү гэж хэлээд явсан. Жаахан байж байгаад оройхондоо би дахиж нэг шил архи авч уугаад эхнэр ажлаасаа ирэхэд нь согтуурсан байсан. Тэгээд эхнэртэйгээ маргаад маргалдсанаас болж эхнэртээ гар хүрсэн. ...Хохирогчтой эвлэрээд цуг амьдарч байгаа. ” гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Игийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явсан. Манай нөхөр Г.Г бага охин 3 настай Г.*******гийн хамт үлдсэн. 13 цагийн үед цайны цаг гээд гэртээ ирэхэд нөхөр Г.Г ганцаараа 0.75 литрийн хэмжээтэй цагаан сараар задлаад уугаагүй байсан архийг ууж байсан. Тэгээд нөхөртөө дахиж битгий архи нэмж уугаарай гэж хэлээд 14 цагийн үед ажилдаа явсан. Би орой 18 цагт ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр нэмж архи уусан согтуу нэг хүнтэй утсаар яриад маргалдаад байсан. Би эрүүлдээ яриа, одоо боль, наад утсаа аваад ир гэж хэлсэн. Тэгсэн цаад хүн нь ч утсаа таслаж таарсан. Тэгсэн чинь шууд уурлаад пизда, гичий гээд орилоод байсан. Би тайвшруулах гэсэн чинь утас нь тасарсан уурандаа миний баруун хацар болон уруулын дээд хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Гэрт байсан охин уйлаад байхаар нь айчих байх гэж бодоод тайвшруулах санаатай гэрээсээ авч гадаа гарсан чинь бүүр их агсам тавиад байсан. Намайг дахин цохих гэхээр нь гараараа хамгаалаад гарынхаа шуу болон бугалга хэсэг рүү цохиулсан. Тэгээд тайвшрахгүй болохоор нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.*******ын өгсөн: “... Манай найз Б.И ямар нэгэн илүү дутуу зангүй, хөдөлмөрч, хамт олонч, тайван дөлгөөн, шударга зантай, архи дарс уудаггүй. Г.Гыг нарийн сайн мэдэхгүй. Манай найзын гэр бүлийн харилцаа эвтэй найртай, халамжтай. Нөхөр Г.Г нь хааяа архи уусан үедээ хэрүүл хийгээд байдаг зантай, өмнө нь зодож, нүдэж байхыг нь хараагүй. Миний хажууд бол Г.Г архи уусан үедээ шалчига хийгээд хэрүүл хийгээд байдаг. Түүнээс биш барьж аваад зодож, цохиж хөхөрсөн явж байхыг нь би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.*******ийн өгсөн: “... Би Б.Итой 2018 оноос хойш хамт ажиллаж байгаа, ажлын найз нь байгаа юм. Г.Гыг Б.Игийн нөхөр гэдгээр танина. Гэр орноор нь байнга орж гардаг найзууд юм. Манай найз Б.И шударга, шулуун яриатай, ажилч, хөдөлмөрч хүн байгаа юм. Г.Гын талаар сайн мэдэхгүй. Миний мэдэхийн энэ хоёр эв найртай, халамжтай гэр бүл шиг санагдаж байдаг. Би энэ хоёрыг маргалдаж, муудалцаж байсан талаар хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гын яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэртээ бага охин Г.*******гийн хамт үлдсэн байсан. 0.75 литрийн шилтэй архийг ганцаараа уусан. Гэртээ ажилгүй, зээлтэй, цаашид яаж амьдрах вэ гэж бодоод, гутраад уусан. 13 цагийн үед эхнэр өдрийн цайны цаг гээд ирсэн. Дахиж битгий нэмж уугаарай гэж хэлээд 14 цагт ажилруугаа явсан. Би 16 цагийн үед дахин үлдсэн архиа ганцаараа ууж дуусгасан. Эхнэр 18 цагийн үед ажлаасаа ирсэн. Намайг архи дарс уулаа гэж загнаад байхаар нь хэрэлдэж, муудалцсан. Тэгээд би эхнэрээ хацарлуу нь 2 удаа алгадсан. Гэрт хүүхэд уйлаад байхаар нь гэрээс гарч байгаад хоёр гарын шуу булчин хэсэг рүү нь 2 удаа цохиж, гэмтээсэн нь үнэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.*******ийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 шэ/164 дугаартай
1. Б.Игийн биед тархи доргилт, дээд уруул, 2 бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/,
Багахангай дүүргийн 1-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Г.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,
Г.Гын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт, бага /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 52-56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Г нь ******* тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед эхнэр Б.Итой маргалдан цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 3 дугаар сарын 16-ны өдөр эхнэр ажилдаа гарсны дараа хүүхэдтэйгээ байж байхдаа гэртээ архи уусан. Эхнэр цайны цагаар гэртээ ирэхэд нь архи уусан байсан. Эхнэр ажилдаа явахдаа дахиж нэмж болохгүй шүү гэж хэлээд явсан. Жаахан байж байгаад оройхондоо би дахиж нэг шил архи авч уугаад эхнэр ажлаасаа ирэхэд нь согтуурсан байсан. Тэгээд эхнэртэйгээ маргаад маргалдсанаас болж эхнэртээ гар хүрсэн.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүлдээ яриа, одоо боль, наад утсаа аваад ир гэж хэлсэн. Тэгсэн цаад хүн нь ч утсаа таслаж таарсан. Тэгсэн чинь шууд уурлаад пизда, гичий гээд орилоод байсан. Би тайвшруулах гэсэн чинь утас нь тасарсан уурандаа миний баруун хацар болон уруулын дээд хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Гэрт байсан охин уйлаад байхаар нь айчих байх гэж бодоод тайвшруулах санаатай гэрээсээ авч гадаа гарсан чинь бүүр их агсам тавиад байсан. Намайг дахин цохих гэхээр нь гараараа хамгаалаад гарынхаа шуу болон бугалга хэсэг рүү цохиулсан. Тэгээд тайвшрахгүй болохоор нь цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гын яллагдагчаар өгсөн: “...би эхнэрээ хацарлуу нь 2 удаа алгадсан. Гэрт хүүхэд уйлаад байхаар нь гэрээс гарч байгаад хоёр гарын шуу булчин хэсэг рүү нь 2 удаа цохиж, гэмтээсэн нь үнэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.*******ийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 шэ/164 дугаартай “...Б.Игийн биед тархи доргилт, дээд уруул, 2 бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Г.Г нь эхнэр Б.Иг маргалдсаны улмаас зодсон, тохиолдлын шинжтэй болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Г.Гыг эхнэр болох Б.Итой маргалдан цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хамт амьдарч байгаа, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүх хуралдаанд улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН