Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Х.Я, Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Захуул овогт Х.Я, Зуутраг овогт Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000980050 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 33 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Илч-Орд” НӨҮГ-т машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3  хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээ хороо 2-92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Ц.Э. /РД: /

            Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Илч-Орд” НӨҮГ-т машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 2 дугаар хороо Цайдам 2-19 тоотод оршин суух, урьд

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө буюу үлдэгдэл 10 сар 27 хоногийг тэнсэн суллагдсан, Захуул овогт Х.Я. /РД: /

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо “Илч-Орд” НӨҮГ-ын аж ахуйн хашаанд байрлах харуулын гэрт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед Х.Ятай маргалдан улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хоолойг нь боож биед нь тархи доргилт, хүзүү, баруун бугалганд зулгаралт, зүүн дал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Х.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо “Илч-Орд” НӨҮГ-ын аж ахуйн хашаанд байрлах харуулын гэрт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед Ц.Этай маргалдан улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хоолойг нь боож биед нь тархи доргилт, хүзүү, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эы өгсөн: “... Бид хоёр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа орой 8 цаг гэж гараад урд өдөр нь вагон буулгасан ядарсан байсан тул хоорондоо ярилцаж байгаад 0.5 литрийн шилтэй нэг архи уусан. Янсанжав ээжээсээ мөнгө авсан. Хойшоо цагдаагийн хэлтсийн хойно очиж архиа уусан. Миний ухаан санаа орж гараад байсан. Тэгээд манай гэрт очоод би бүр ухаангүй болсон байсан. Нэг мэдсэн би Янсанжавыг нэг цохиод авсан унасан. Янсанжав намайг эргүүлээд нэг цохиод авсан би унасан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр очсон. ” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эы хохирогчоор өгсөн: “... Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг. 

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Яын өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөд бид хоёр 8 цагийн үед ажлаа тараад өмнөх өдөр нь вагон буулгаад жаахан ядарсан байсан учир өмнө нь орой ажлаа тараад ганц нэг юм уух уу гэж ярилцсан байсан. Хоёулаа ярилцаад мөнгөгүй байна гээд би урд нь ээжээсээ угаалгын машин янзлуулах гээд 15.000 төгрөг авсан байсан. 10.000 төгрөгөөрөө 0.5 литрийн шилтэй нэг архи авч уусан. Тухайн үед буруу газар архи уусан юм шиг байна. Хойшоо нэг сүнстэй газар архи уусан. Уг нь Энхтайван уугаад гэртээ ороод унтаад өгдөг юм. Тэгсэн тэр өдөр юу болсын, яасын бид хоёр тоглоом шоглоом хийж байгаад Энхтайван учиргүй цохиод эхэлсэн. Би яасан бэ гэсэн хоолой боогоод авсан яаж байна гээд би бас зөрүүлээд цохьсон. Яаж байгаа юм бол гээд тухайн үед цагдаа дуудаад үнэн зөвөөр нь шийдүүлсэн. ” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Яын хохирогчоор өгсөн: “... Миний бие найз Энхтайвандаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хийсэн алдаагаа дахин битгий давтаарай гэж хэлмээр байна. ” гэх мэдүүлэг. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Яын өгсөн: “... Бид хоёр гэрт байж байхдаа нэг нэгнээ хэл амаар доромжилж, үгээр цаашлуулж байгаад Энхтайван уурлаад эхлэсэн. Би ч тоглож чадахгүй хогийн зан гаргаад гээд уурлаад, бид хоёрын дунд хэрүүл болсон. Эхлэж Энхтайван миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод намайг шууд хоолойгоор боогоод эхлэсэн. Би боолтонд ороод уур хүрээд Энхтайвангийн нүүрэн тус газар нь цохиод босоод шууд зөрүүлж боосон. Надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эы өгсөн: “... Янсанжав бид хоёр бие биенээ давж гарах гээд нэг нэгнээ доош хийгээд хэлж тоглоод байсан. Тэр нь сүүлдээ даамжирч хэрэлдээд нэг мэдсэн хоорондоо зодолдоод цохилцоод байсан. Би хэрүүл маргааныг эхлүүлсэн, миний буруу. Надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бадамхандын өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед нөхөр Энхтайван найз Янсанжавын хамт гэртээ согтуу ирсэн. Хоорондоо юм ярьж сууж байснаа гэнэт л хэрэлдээд зодолдоод эхлэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Чулуунсүхийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/152 дугаартай

1. Ц.Эы биед тархи доргилт, хүзүү, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Чулуунсүхийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/153 дугаартай

1. Х.Яын биед тархи доргилт, хүзүү, баруун бугалганд зулгаралт, зүүн дал, зүүн нүдний доод зовхинд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Х.Яын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/,

Х.Яын ял шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Х.Яын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /Ц.Э/ /хх-ийн 42 дугаар хуудас/,

“Илч-Орд” ОНӨААТҮГ Ц.Эы цалингийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Ц.Эы ял шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Ц.Эы гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Ц.Эы хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Ц.Эы төрийн банкны дансны хуулга /хх-ийн53-60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Яллагдагч Х.Я, Ц.Э нар нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо “Илч-Орд” НӨҮГ-ын аж ахуйн хашаанд байрлах харуулын гэрт 2020 оны 02 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо тоглож байхдаа бие биенийхээ үгийг даахгүй маргалдан улмаар харилцан зодолдож, Ц.Э нь Х.Яын биед нь тархи доргилт, хүзүү, баруун бугалганд зулгаралт, зүүн дал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.Я нь Ц.Эы биед нь тархи доргилт, хүзүү, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг мэдсэн би Янсанжавыг нэг цохиод авсан унасан. Янсанжав намайг эргүүлээд нэг цохиод авсан би унасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Яын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгсэн тэр өдөр юу болсын, яасын бид хоёр тоглоом шоглоом хийж байгаад Энхтайван учиргүй цохиод эхэлсэн. Би яасан бэ гэсэн хоолой боогоод авсан яаж байна гээд би бас зөрүүлээд цохьсон...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Янсанжав бид хоёр бие биенээ давж гарах гээд нэг нэгнээ доош хийгээд хэлж тоглоод байсан. Тэр нь сүүлдээ даамжирч хэрэлдээд нэг мэдсэн хоорондоо зодолдоод цохилцоод байсан. Би хэрүүл маргааныг эхлүүлсэн, миний буруу. Надад гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Яын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Энхтайвангийн нүүрэн тус газар нь цохиод босоод шууд зөрүүлж боосон. Надад гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед нөхөр Энхтайван найз Янсанжавын хамт гэртээ согтуу ирсэн. Хоорондоо юм ярьж сууж байснаа гэнэт л хэрэлдээд зодолдоод эхлэсэн.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Чулуунсүхийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/152 дугаартай “...Ц.Эы биед тархи доргилт, хүзүү, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Чулуунсүхийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/153 дугаартай “...Х.Яын биед тархи доргилт, хүзүү, баруун бугалганд зулгаралт, зүүн дал, зүүн нүдний доод зовхинд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Э, Х.Я нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ц.Э, Х.Я нарыг харилцан зодолдож Х.Яын биед нь тархи доргилт, хүзүү, баруун бугалганд зулгаралт, зүүн дал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, Ц.Эы биед нь тархи доргилт, хүзүү, бүсэлхий, зүүн даланд зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд Ц.Э, Х.Я нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Ц.Э, Х.Я нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хоорондоо сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч Ц.Эы хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, одоогоор 2-уулаа “Илч-Орд” ОНӨААТҮГ-т машинистаар ажилладаг, орлого олох боломж, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан тэдэнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Э, Х.Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдсан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захуул овогт Х.Я, Зуутраг овогт Ц.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Х.Я, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я, Ц.Э нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Я, Ц.Э нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Я, Ц.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Я, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН