Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/0134

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид:                М.Батсуурь

         Х.Батсүрэн

         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:      Ц.Цогт

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар шийдвэртэй хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолоор “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсныг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Страто” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:

3.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

            3.2 Учир нь Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хэрэглээний норм тогтоох, усны чанарыг бохирдлын индексээр үнэлэх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах” гэж заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаартай “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” тогтоолыг баталсан.

            3.3 Гэтэл 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаартай “Усны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” тогтоолыг батлахдаа өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж хуульд заагаагүй “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг баталсан нь хууль зөрчсөн байна гэж шүүхэд тайлбарласан боловч энэ талаар дүгнэлт өгөөгүй байна.

            3.4 Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “Төлбөрийн хувь, хэмжээг”-г заасан бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г тооцох аргачлалыг тогтоосон ба энэхүү хуулийн зохицуулалтад Засгийн газраас баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ын тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

            3.5 Гэтэл Засгийн газраас баталсан дээрх тогтоолын дагуу захиргааны байгууллага нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай “Ус ашиглуулах гэрээ” байгуулахдаа “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг усны төлбөрт нэмж бодож байгаа нь үндэслэлгүйгээр илүү төлбөр авч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг хохироож байна гэж гомдол гаргасан нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасан төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа хэрэг огт биш билээ.

            3.6 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт экологи-эдийн засгийн суурь үнэлгээг усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг ойлгохоор заасан, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг уг ойлголтоос салгаж тайлбарлах боломжгүй гэсэн нь усны экологи-эдийн засгийн үнэлгээг батлахдаа итгэлцүүрийг багтааж усны үнийг ялгамжтай тогтоосон байгаагаас харагдаж байна.

            3.7 Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хуульд заагаагүй итгэлцүүрийг Засгийн газар тусад нь батлах үндэслэлтэй байна, экологи-эдийн засгийн суурь үнэлгээнд итгэлцүүр нь ороогүй байна гэж тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр болжээ.

            3.8 Экологи-эдийн засгийн суурь үнэлгээг тогтоохдоо бүс нутаг, газрын доорх зэргээр нь шүүхийн үндэслэлд дурдсанаар усны үнийг ялгамжтай тогтоосон болно.

            3.9 Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хууль зүйн үндэслэлгүй, хууль бус Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            4. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

            5. Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-г, 2 дугаар хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг баталж, усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд усны экологи, эдийн засгийн үнэлгээг мөрдөж байхыг холбогдох сайд, дарга нарт даалгаж, Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор уг “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсан байна.

            6. Нэхэмжлэгч “С” ХХК нь Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаатай 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай “Ус ашиглах гэрээ” байгуулан унд ахуй, зам талбай, технологийн хэрэгцээ, ногоон байгууламж зэрэгт ус ашиглаж, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2.5-д заасны дагуу ус ашигласны нэгж төлбөрийг төлөхөөр тохирсон ус ашиглагч хуулийн этгээд байна.

            7. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “... Засгийн газар өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, хуульд заагаагүй “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг баталсан нь хууль зөрчсөн, ... итгэлцүүрийг усны төлбөрт нэмж бодож байгаа нь хууль бусаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байгаа” гэсэн үндэслэлээр “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            8. Энэхүү маргааны тухайд хяналтын шатны шүүх шийдэх эрх зүйн асуудал нь: Засгийн газарт усны ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг батлах эрх хуулиар олгогдсон эсэх тухай байна.

            9. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг” ойлгохоор, уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д Засгийн газар “усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах” бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

            10. Усны экологи-эдийн засгийн үнэлгээ нь усны байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол зэрэг хуульд заасан шалгуурт үндэслэн усыг үнэлсэн мөнгөн илэрхийлэл байна. Энэхүү үнэлгээг Засгийн газар батлахдаа усны сав газар тус бүрт ялгаатай байхаар тогтоосон бөгөөд усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд хэрэглэгддэг байна.

11. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д ус ашиглагч нь усны нөөц ашигласны төлбөр төлөх, энэхүү төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтоохоор зохицуулсан бөгөөд үүний дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тооцох хязгаарыг усны экологи-эдийн засгийн үнэлгээний хувиас тооцож, тогтоохоор заажээ.

12. Ийнхүү усны төлбөрийн хязгаарыг тогтоохдоо усыг унд, ахуйн болон хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, газар тариалан зэрэг ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаарч усны экологи-эдийн засгийн үнэлгээний хэдэн хувиар тооцохыг ялгаатай хуульчилсан байна.

13. Өөрөөр хэлбэл, усны экологи-эдийн засгийн үнэлгээ нь усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр усны сав газар тус бүрт ялгаатай байдлаар илэрхийлсэн.

14. Харин тухайн сав газрын усны нөөцийг ямар зориулалтаар ашигласнаас хамаарч ус ашигласны төлбөрийг төлөх бөгөөд уг төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтоодог.

15. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаатай ус ашиглах гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн сав газрын усыг ашиглах суурь үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, харин уг усыг ямар зориулалтаар ашигласнаас хамаарч төлөх төлбөр өөр байхаар байна.

16. Усны нөөцийг ашигласан тохиолдолд төлөх төлбөрийн хувь хэмжээг хэн, юуг харгалзан, ямар хязгаарт багтаан тогтоох талаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Энэ хуулийн 15.3, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно” гэж заажээ.

17. Энэхүү зохицуулалтын “төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар ... тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно” гэсэн төлбөрийн хувь, хэмжээг ялгавартай тогтоох нөхцөлийн суурь нь усны экологи-эдийн засгийн үнэлгээ байна.

18. Харин дээрх заалтад заасан өөр нэг нөхцөл болох усны “ашиглалтын хэлбэр, зориулалт”-ыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааж, төлбөрийн хязгаарыг /экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/ хуульчлан тогтоожээ.

19. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.31-д ““ус ашигласны төлбөр” гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг” ойлгохоор заасан ус ашигласны төлбөр нь аль усны сав газарт багтаж байгаагаас хамаарч “усны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд буюу усны нөөцийн мөнгөн хэлбэрийн илэрхийлэлд суурилахаар байна. Харин усыг ямар зориулалт, хэлбэрээр ашигласнаас хамааран төлбөрийн хувь, хэмжээг ялгавартай (усны экологи-эдийн засгийн үнэлгээнээс тооцож) тогтоох эрхийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д зааж Засгийн газарт олгожээ.

20. Хуулиар тогтоосон төлбөрийн хязгаарт багтаан усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох буюу усны “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг батлах эрхийг уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д зааж Засгийн газарт олгосон байна.

21. Иймд Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор усны “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсан нь Усны тухай хуульд заасан усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хязгаарт багтаан усны сав газар тус бүрт ялгавартай (усны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн) тогтоосон байх тул хариуцагч маргаан бүхий тогтоолыг батлахдаа “өөрийн бүрэн эрхийг хэтрүүлсэн, хуульд заагаагүй “итгэлцүүр”-ийг баталсан нь хууль зөрчсөн” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

22. Засгийн газар маргаан бүхий тогтоолоор усны “ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг батлахдаа энэхүү харилцааг нарийвчлан зохицуулж, эрх олгосон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгоогүй нь хуулиар эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                     М.БАТСУУРЬ

 

Х.БАТСҮРЭН

 

Д.МӨНХТУЯА

 

Ц.ЦОГТ