Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 74

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                      

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1731000430026 дугаартай, 148/2017/0119/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1983 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 дүгээр баг,  Тавин гудамж, 1-10 тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны 04 дүгээр сарын      18-нд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2011 оны 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 оны 02 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүү      /Регистрийн дугаар: УУ83121611/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

О.Баатархүү нь  Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ерөө” голын эрэг дээр 2017 оны 07 сарын 28-ны өдөр архидан  согтуурсан  үедээ   
Ж.Бат-Ирээдүйгийн эрх чөлөөнд халдан,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Баатархүүд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 121 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Захчин овгийн Олонсүрэнгийн Баатархүүг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Баатархүүгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж,

-О.Баатархүү нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдан,

-О.Баатархүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын  17-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Үүнд: Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн  1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгосон байх боловч мөн хуулийн 36.8 дугаар зүйлийг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч О.Баатархүү нь  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ерөө” голын эрэг дээр 2017 оны 07 сарын 28-ны өдөр архидан  согтуурсан үедээ Ж.Бат-Ирээдүйгийн эрх чөлөөнд халдан,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан журмын дагуу О.Баатархүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, түүнийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын “...шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн  1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгосон боловч мөн хуулийн 36.8 дугаар зүйлийг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар тус хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэл”-ээр бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг судлан үзэхэд:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэх /цагаатгах/ тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг эсэргүүцэлд дурьдсан шийтгэх тогтоол /цагаатгах/ гаргахдаа баримтлах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтын хамт давхар удирдлага болгох нь хуулийн шаардлагад нийцэх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байх боловч энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Эсэргүүцэлд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан “...36.8-д заасан шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэл нь шүүхийн  шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт тусгаж шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хэрэгжих хуулийн зохицуулалт байх ба О.Баатархүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийг энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” нь зарим төрлийн гэмт хэргийн мөрдөн байцаалтын хугацааг богино хугацаанд явуулж, шүүх хуульд заасан хугацаанд хэргийг шийдвэрлэж байх тусгай зохицуулалт бөгөөд энэ зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй нь мөн хуулийн 17.1-17.4 дүгээр зүйлд заасан журмаас өөр зохицуулалт тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэж буй тохиолдолд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн холбогдох зүйлийг баримтлах шаардлагагүй бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар холбогдох заалтыг шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн холбогдох /шийтгэх болон цагаатгах тогтоолын/ зүйл, заалтын хамт баримтлан хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 10 дугаар сарын     17-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын      14-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ