Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Ц.О,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007001310072 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цаг 42 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ******* тоотод оршин суух,

            Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын     22-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт Б.Ц //.

 

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчимд Ц.Отэй маргалдан улмаар хоолойг нь боож, нүүр лүү гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ций өгсөн: “...******* найзындаа ороход *******, *******, ******* 3 нэг шил архи уугаад сууж байсан. Намайг архи уу гэхэд нь үгүй гэхэд хэзээ ийм байсан юм бэ яагаад маяглаад байгаа юм бэ гээд надад дараалаад 3 хундага архи хийж өгсөн. Ууж дуусчихаад байж байтал, ******* унтаад өгсөн. *******, ******* бид 3 дахиад нэг шил архи ууж байгаад жаахан маргалдаад би *******аас тамхи аваад эргээд хартал намайг ******* алгадахаар нь би давраад байгаараар гэж хэлээд боож унагаасан нь үнэн. Гэхдээ би цохиогүй. Би тэр айлд орохдоо архи авч очсон гээд байгаа нь худлаа зүйл. Маргааш өглөө нь очиход ******* миний толгой өвдөөд байна, би эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь би тэг тэг харин цагдад хэлээд яахав дээ хоорондоо асуудлаа шийдье гэж хэлсэн. Би *******тай уулзаад чи яагаад намайг цохьсон гэж мэдүүлэг өгсөн юм бэ гэхэд чи гараад явсан, араас чинь ******* гарч яваад буцаж орж ирэхдээ миний нүд ийм болчихсон байна гэж хэлсэн гэж ******* надад хэлсэн. ******* *******аас 70.000 төгрөг авья гэхэд нь өгөөгүй учраас намайг цагдаад өгсөн гэж ******* өөрөөр надад хэлсэн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оийн өгсөн: “... 2020 оны 2 сарын 28-ны өдөр ******* над руу залгаад манайд хүрээд ирээ гэхэд нь би ажлаа тараад орой 19 цаг 30 минутад гэрт нь ороход ******* нэг шил архи задалчихсан бууз жигнээд хүлээгээд сууж байсан. Би ороод бууз идээд би буцаад ажилруугаа явах ёстой гэхэд ******* сүртэй юм бэ чи уухгүй бол ядаж хажууд сууж бай гээд тэгээд сүүлд нь бид хоёр 3 хундага архи уучихаад сууж байхад Б.Ц гаднаас орж ирсэн. ******* Б.Цийг архи уучих гэхэд Б.Ц хоёр удаа үгүй гэж хэлэхэд нь тухайн үедээ *******т танай найз чинь юун сүртэй юм бэ гэж хэлээд архийг нь аваад очиход Б.Ц аваад уусан. Тэгээд 3-уулаа сууж байхад ******* унтаж байгаад сэрэх үед *******, Б.Цээ хоёр нэмж архи авах гээд хоорондоо ярчихсан байсан. Тэгээд би Б.Цд цүнхээ үлдээгээд ажил дээрээ очиж хуруугаа дарчихаад буцаж ирсэн. ******* удалгүй тасраад өгсөн. Б.Цээ бид хоёр үлдээд архи ууж байгаад би одоо болсон уухгүй гэхэд Б.Ц намайг чи ямар зэвүүн байна гээд босоо ороолон чөтгөр шулам гэх мэт үгээр хэлж байгаад *******т чөтгөр шулам үхдэггүйг үзүүлэх үү гэж хэлээд гал тогоонд ороод заазуур аваад гарч ирээл миний урд эргүүлээд байсан. Тэгэхээр би *******т найз чинь намайг заазуурчих юм биш биз дээ гэхэд ******* зүгээрээ тийм хүн бишээ гэхэд Б.Цээ буцаагаад өгсөн. Би аваад гал тогооны өрөөнд нь буцаагаад нуусан. Тэгтэл Б.Ц намайг янз бүрийн үйлдэл гаргаад байна гэж *******т хэлэхэд нь би Б.Ц харин яагаад намайг элдэв үгээр доромжлоод байна гэж хэлээд байж байтал Б.Ц босож ирээд босоо ороолон гэж хэлэхээр нь би нэг удаа алгадсан. Тэгтэл *******ын араар тойрч ирээд намайг боох үед миний нүд бүрэлзэх үед ******* Б.Цийг цохиход сандалын хажууд сууж байгаад модон шалан дээр толгой дагз хэсгээрээ уначихсан. Өглөө *******аар дамжуулаад Б.Ц бид хоёр уулзаад эмнэлэгээр хамт явахаар болоод салцгаасан. Гэтэл хэн хэн нь надтай холбогдоогүй байж байтал зодоон болсон өдрөөс хойш 3 өдрийн дараагас миний нүдэнд цус хурж хөхөрөлт явагдаж эхэлсэн. Тэгээд цагдаад хандаад байж байтал Б.Ц над руу холбоо бариж яагаад цагдаад хэлж байгаа юм бэ гэхэд нь би зөндөө хүлээсэн, миний биед шарх зовиурууд нэмэгдээд байна, эмчилгээ шаардлагатай байна гэж хэлээд бид хоёр салсан. Одоо би Б.Цээс эмчилгээний зардлуудыг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад гэрч Т.*******ын өгсөн “... Б.Ц надаас гал асуугаад тэр хавиар явж байснаа *******ийн ард очоод араас нь боосон. Боолт нь хүчтэй орохоор нь болиулах гэхэд тавихгүй их хүчтэй боогоод байхаар нь түлхээд аргаа бараад хүзүү рүү нь 1 удаа цохьсон. Тэгтэл *******ийг Б.Ц 1 удаа толгой руу нь цохиод араас нь нэг удаа хий өшиглөсөн, тэр үед нь би түлхээд Б.Цийг салгахад ******* газар толгойгоороо унасан. *******аа босч ирээд *******ийг авсан. Б.Ц би зүгээр тоглосон шүү гээд инээгээд ******* рүү хараад байсан. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

            Мөрдөн байцаалтад гэрч А.*******ын өгсөн “... Намайг босоод ирэхэд Б.Цийг ******* барьчихсан, заамдсан, яагаад ийм зан гаргаад байгаа юм, одоо боль гээд хорьсон байсан. Тэр үед манай ажлын ******* газар уначихсан байсан. Би *******ийг өргөж босгоод буйдан дээр суулгасан. Тэгэхэд ******* согтуу энэ одоо хэн бэ намайг яаж чадваа, эмэгтэй хүнийг цохиод унагаачихлаа гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №08 шэ/170 дугаартай

  1. Ц.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Б.Ций нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 61-65 дугаар хуудас/,

Нийслэлийн Багахангай дүүргийн 1-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,

Хаан банкны дансны хуулга, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчимд Ц.Отэй маргалдан улмаар хоолойг нь боож, нүүр лүү гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ций өгсөн: “...******* алгадахаар нь би давраад байгаараар гэж хэлээд боож унагаасан нь үнэн. Гэхдээ би цохиогүй. Би тэр айлд орохдоо архи авч очсон гээд байгаа нь худлаа зүйл. Маргааш өглөө нь очиход ******* миний толгой өвдөөд байна, би эмнэлэгт үзүүлнэ гэж хэлэхээр нь би тэг тэг харин цагдад хэлээд яахав дээ хоорондоо асуудлаа шийдье гэж хэлсэн. Би *******тай уулзаад чи яагаад намайг цохьсон гэж мэдүүлэг өгсөн юм бэ гэхэд чи гараад явсан, араас чинь ******* гарч яваад буцаж орж ирэхдээ миний нүд ийм болчихсон байна гэж хэлсэн гэж ******* надад хэлсэн. ******* *******аас 70.000 төгрөг авья гэхэд нь өгөөгүй учраас намайг цагдаад өгсөн гэж ******* өөрөөр надад хэлсэн.” гэх мэдүүлэг,шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оийн өгсөн: “...Б.Ц босож ирээд босоо ороолон гэж хэлэхээр нь би нэг удаа алгадсан. Тэгтэл *******ын араар тойрч ирээд намайг боох үед миний нүд бүрэлзэх үед ******* Б.Цийг цохиход сандалын хажууд сууж байгаад модон шалан дээр толгой дагз хэсгээрээ уначихсан. Өглөө *******аар дамжуулаад Б.Ц бид хоёр уулзаад эмнэлэгээр хамт явахаар болоод салцгаасан. Одоо би Б.Цээс эмчилгээний зардлуудыг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад гэрч Т.*******ын өгсөн “... Б.Ц *******ийн ард очоод араас нь боосон. Боолт нь хүчтэй орохоор нь болиулах гэхэд тавихгүй их хүчтэй боогоод байхаар нь түлэхээд аргаа бараад хүзүү рүү нь цохьсон. Тэгтэл *******ийг Б.Ц 1 удаа толгой руу нь цохьсон. Тэгтэл *******ийг Б.Ц 1 удаа толгой руу нь цохиод араас нь нэг удаа хий өшиглөсөн, тэр үед нь би түлхээд Б.Цийг салгахад ******* газар толгойгоороо унасан.” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад гэрч А.*******ын өгсөн “... Намайг босоод ирэхэд Б.Цийг ******* барьчихсан, заамдсан, яагаад ийм зан гаргаад байгаа юм, одоо боль гээд хорьсон байсан. Тэр үед манай ажлын ******* газар уначихсан байсан. Би *******ийг өргөж босгоод буйдан дээр суулгасан. Тэгэхэд ******* согтуу энэ одоо хэн бэ намайг яаж чадваа, эмэгтэй хүнийг цохиод унагаачихлаа гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №08 шэ/170 дугаартай: Ц.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.О нь шүүхийн шатанд “ Б.Цээс хохирол мөнгөө авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэх зүйлийн талаар баримт ирүүлээгүй байх тул Б.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.Цэнүүний үйлдсэн гэм хэргийн гэм бурууг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцалга хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Цд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн үүсэх болсон нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үйлдээх саналтай байна. гэх,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Миний зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай танилцсан. Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлттэй танилцлаа. Улсын яллагчийн зүгээс дүгнэлтэндээ ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй талаар хэлсэн ба мөн хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрөө бүрэн авсан түүнд эрүүгийн хариуцалгыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүнэлт гаргаж байгааг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Шүүгдэгч Б.Ций хувьд ам бүл 7, цаашид өөрийн мэргэжилээрээ ажиллах боломжтой. Налайх дүүрэг дэх шахмал түлшний үйлдвэрт ажилд орохоор төлөвлөсөн. Хохирол төлбөрөө төлж барагдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох ялын төрөлтэй, шүүгдэгчийн хувийн байдал гэм хэрэг үйлдэх болсон нөхцөл, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг нь харгалзан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтооогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжээр торгох, түүний төлбөрийн чадвартай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж өгнө гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Мөрдөн байцаалтын явцад хэргийн газарт нөхөн үзлэг хийгдэх ёстой ба Б.Ц хохирогчийн нүдний баруун дээд буланд цохих боломж байсан эсэхийг тодруулах ёстой.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлсөн, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж торгуулын ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөх боломжтой болохоо илэрхийлсэн, Хаан банкны дансны хуулга зэргээр Б.Ц орлоготой болох нь тогтоогдогдсон зэргийг харгалзан түүнд торгуулын ял оногдуулав. 

            Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Цд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.БАЯСГАЛАН