Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 563

 

 

     2020          06           04                                    2020/ШЦТ/563

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Х  хөтлөн ,

            улсын яллагч Б.Бямбадагва,

            хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Ш.У, 

   шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Л.Д,

   иргэдийн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б овогт Д-ийн Сд холбогдох эрүүгийн 1931002930134 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, охин, зээгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Баянхаан, 0 дугаар хэсэг гудамж, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:/МЗ00000000/, Б овогт Д-ийн С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.С нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ганц мод”-ны боомтын “Илжигэн” гэх газарт иргэн Д.Цтэй согтуугаар маргалдан улмаар толгой тус газарт нь машины дугуйн төмөр болох лапаткийг зэвсгийн чанартай ашиглан цохиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ганц мод”-ны боомтын “Илжигэн” гэх газарт иргэн Д.Цтэй согтуугаар маргалдан улмаар толгой тус газарт нь машины дугуйн төмөр болох лапаткийг зэвсгийн чанартай ашиглан цохиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би Ганц-Мод гэх газарт мэргэшсэн жолооны үнэмлэх гаргах гээд ярьсан байсан. Нотариатаар материалаа батлуулаад тэнд очиход Д.Ц, Б, М нар архи уусан байсан. Ууж байхад нь болиулаад бичиг баримтыг нь хуулбарлаж хойш нь явуулаад явж байгаад Б, Д.Ц хоёрыг олж аваад машин дээр нь хүргэж өгчихөөд машин дээрээ үлд орой болчихлоо гэсэн чинь заавал чиний машинаар явна гэсэн. Тэгээд Бын машинд орсон. Б хоол хийсэн байсан. Бид нар хоолноос нь идээд Бын машинд нэг шил архи уугаад, дараа нь миний машинд архи уусан. Нийлээд 2-3 шил архи уусан. Машины хажууд хэдэн хүмүүс маргалдаад  байсан. Д.Ц хаалга онгойлгоод тэр хүмүүстэй  яриад байхаар нь наад хүмүүс чинь ямар хамаатай юм бэ. Хаалгаа хаа гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр муудалцсан. Д.Ц жолоочийн эсрэг талд сууж байсан. Би ард дунд нь сууж байсан.  Гэтэл Д.Ц гараад ир зодолдъё гээд байсан. Тэгээд Д.Ц түрүүлээд буусан. Би жолоочийн ар талд гутлаа тайлж тавьсан байсан. Гутлаа өмсөөд буугаад очиход намайг түрүүлээд цохиж унагаасан. Би босч ирээд барилцаж авсан. Тэр үед Б машины гэрэл асаагаад та хоёр наанаа зодолд гэсэн. Бид хоёрыг машины хажууд байж байхад Оюунбаатар араас ирээд салгаад байж байхад Б машинаас бууж ирээд салгасан. Оюунбаатар салгасан чинь Д.Ц зугтаагаад явсан. Намайг Ц пизда минь хүрээд ир гээд дуудаад байсан. Гэтэл Б зайл гэж хөөж явуулсан…” гэх мэдүүлэг, 

 

 Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Д.С худлаа яриад байна. Би тэр орой хутга бариад буухаар нь машиных нь араар тойроод урагшаа гараад 20-30-аад минут болоод буцаад машин дээрээ ирэхэд нөгөө талаараа хаалгаа онгойлгоод зогсож байсан. Тэгээд намайг ална гээд хөөсөн. Тэгээд намайг хөөж байгаад алга болчихсон. Намайг эргээд иртэл машины дугуй налаад сууж байсан. Чи энд сууж байгаа юм уу гэж хэлэхэд миний толгой руу цохиод зугтаасан. Би араас нь хөөгөөд явж байсан. Гэтэл машиных нь хажуу талын чиргүүл доогуур ороод алга болсон. Би Д.Сгийн араас нь өшиглөж аваад буцаад толгойгоо бариад таксинд суугаад боолтоо хийлгэчхээд цагийн дараа машин дээр бичиг баримтаа авах гээд ирсэн. Таксины жолооч надаас мөнгөө авах гээд хамт ирсэн. Гэтэл машин нь гэрэлтэй нэг ч хүн байхгүй, хаалга нь цоожтой байсан. Би бичиг баримтаа авах гээд дотор нь хүн байна уу гээд харсан чинь номер нь унаад ирсэн. Тэгээд номерыг нь аваад машиных нь цонх руу хоёр цохиод Содоо гээд баахан дуудаж байгаад машины номерыг нь аваад таксигаараа машин руугаа хүргүүлсэн. Маргааш өдөр 12 цагийн үед би дахиж такси аваад Д.Сгийн машин руу очиход С өөртэйгөө нийлээд дөрвөн хүнтэй шал согтуу байж байсан. Намайг барьж аваад нэг гартаа төмөр аяга бариад дахин цохих гээд байсан. Хажууд нь байсан хүн барьж байсан аягыг нь булааж авсан. Намайг С тавингуут нь би шууд зугтаасан. Тэгээд би бичиг баримтаа дахиад авч чадаагүй. Миний толгой өвдөөд дахиад машин руугаа явсан. Маргааш нь хятад хүнийг дуудаад Сгийн дүү, хүү хоёрыг нь миний бичиг баримтыг маань аваад өгөөч гэж гуйгаад хамт очсон. Бичиг баримтаа авах гээд 3 дахь өдрөө очсон чинь эрүүл байсан. Би бичиг баримтаа авмаар байна үхэх гээд байна гэж хэлсэн. Гэтэл хажуу талынхаа машинаас миний бичиг баримтыг гаргаж өгсөн. Манай хятад эзэн Д.Сг зодох гээд байхаар нь би аваад явсан. Би хятадаасаа мөнгө аваад Монгол явах гэсэн чинь орой болсон байсан. Тэгээд явж чадалгүй тэндээ дахин хоносон. Тэр шөнө 8-9 цагийн үед машин бариулдаг эзэнтэйгээ таараад Д.С намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэр өдөр Д.Сг эзэн дуудаад бид нар буудалд байхад Д.С танай эхнэр аймар шүү! Цагдаа энэ тэр гэхгүй зохицуулъя. Хөгшин чинь мөнгийг нь олоод өгнө. Чи очоод эмчлүүлж бай гэсэн. Анх ямар хүн байсан яг тийм болгож өгнө гэж хэлж байсан. Д.С өөрийн эхнэртэйгээ эмнэлэг дээр ирээд манай эхнэрийг дуудаад бүгдээрээ нийлээд энэ хүнээ босгож авъя гэж хэлсэн байсан. Тэгээд би маргааш нь Монгол руу явсан. Ийм л зүйл болсон. Дараа нь Д.С утсаа салгаад 2 сар гаруй алга болсон. Тэгээд би яах ч аргагүй болоод цагдаад хандсан…” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хамт нүүрсний тээвэрт явдаг жолооч нар болох С, Б нарын хамт БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө Засах орны “Ганц мод” гэх газрын “Анд” нэртэй зоогийн газарт 15 цагийн орчимд бид хамт хоол идчихээд Илжигний хашаа гэдэг нэртэй газар С, Б, Б нарын үлдээсэн машин руу явах замдаа замын дэлгүүрээс Хятадын 20 юаны үнэтэй 0.5 литрийн цагаан шил нэрийг нь сайн мэдэхгүй архи авч Сгийн  машины кабинд сууцгаан авч очсон архи уунгаа будаатай шөл хийж хийж идсэн. Тэгээд эхний авч очсон архиа ууж дуусчхаад Б дахин архинд явж ирээд бид гурав хувааж ууж эхэлсэн. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь уухгүй гэж хэлээд би наад хятад архийг чинь ууж чадахгүй гэж хэлээд Бод буцаагаад өгсөн. Тэгээд Б Сд “…энэ Ц архи уухгүй байна ш дээ гэж хэлэхэд С чи хүний хийж өгсөн юмыг яагаад уухгүй байгаа юм чиний мөнгө рүү орох гээд байна уу чи мөнгөтэй байгаа биз дээ наад архиа уу пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Сд хятад архи ууж чадахгүй гэдгээ хэлээд би машин руугаа явлаа гэх хэлэхэд тухайн үед хоол хийхэд ашигласан модон юм шиг бариултай ойролцоогоор 25 сантметр урттай хутга авч үзүүр хэсгээр нь миний цээж рүү нэг хатгаж үзээд дараа нь иш хэсгээр нь миний цээж рүү цохиод байхаар нь чи чинь ямар ядаргаатай хүн бэ хүн архи уухгүй тэгээд ч ууж чадахгүй байна гэж хэлэхэд С над руу хоёулаа бууж зодолдъё чи муу яагаад архи уухгүй байгаа юм,  муу санаа гаргаад байгаа юм гэх зэргээр намайг өдөж хэл амаар доромжилсон. Намайг машины амрах орноос босоод гутлаа өмсөөд машинаас буухад С араас бууж ирээд намайг заамдаж аваад зууралдаж байхад миний нүүрийг маажсан. Тухайн үед Б ирж таараад бид хоёрыг салгасан. Тэгээд Бт хандаж Сгийн машин  дотроос миний бичиг баримыг аваад өгөөч гэж хэлээд Быг хүлээж байхад С машины кабинаас хутга аваад бууж байхыг хараад машиныг нь тойроод гурван машины урд очоод Быг хүлээгээд ойролцоогоор 20 минут болоод ирэхгүй байхаар нь бичиг баримтаа авах санаатай Сгийн   машин руу дөхөж очих үед С намайг хараад ална аа гээд над руу гүйгээд ирэхээр нь зугтааж гүйж байгаад эргээд харахад С алга болсон байхаар нь доошоо суугаад машины дугуйн завсраар хайж харахад С дугуй налаад сууж байхаар нь өө чи энд сууж байсан юм уу гэж хэлээд дээшээ босох үед С миний толгойн зүүн чихний дээд хэсэгт юмаар цохиод авах шиг болсон. Тэгээд С намайг цохичхоод гүйх үед нь би араас хөөгөөд нуруу руу нь гараараа цохиж, Сг чи намайг цохичихлоо ш дээ гэж хэлэх гээд хэлж чадахгүй хий дэмий араас хөөсөн. Сд цохиулсны дараа миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Тэгээд эмнэлэгт очоод толгойгоо боолгоод буцаад бичиг баримтаа авах гээд очиход Сгийн машин нь цоожтой, гэрэл нь асаалттай байхаар нь машиндаа очоод тэндээ хоносон. Маргааш нь С дээр очоод машинд чинь үлдээсэн бичиг баримтаа авах талаар хэлэхэд яахаар чиний бичиг баримт надад байдаг юм гээд дахиад намайг зодох гээд заамдаж авсан. Урьд шөнө цус алдсан тул ярьж чадахгүй Сд ойлгуулах гээд чадахгүй зууралдаж байхад тухайн үед хамт архи ууж байсан үл таних залуу ирээд салгахаар нь зугтаагаад машиндаа ороод тэндээ хоносон. Тэгээд маргааш нь машины эзэн болох хятад залууд болсон асуудлын талаар хэлээд  бичиг баримтаа Сгаас авмаар байна гэдгээ хэлээд тэгээд бичиг баримтаа олж аваад хятад эмнэлэг явж эмчилгээ хийлгэх гээд болохгүй явж байгаад дахин нэг өдөр хоносон тэгээд Монгол Улс руу орж ирээд Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог үндэсний төвд очин эмчилгээнд орсон байгаа. С миний толгойн зүүн талын чихний дээд хэсэгт цохисон байгаа, дараа нь намайг Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад С над дээр ирээд эргэж ирэх үедээ ярихдаа би тухайн үед чамайг машины дугуй задлагч үзүүр нь тахир хавтгай төмрөөр толгой руу чинь цохисон юм шиг байна лээ би дараа нь тэр төмрийг  хайгаад олохгүй байна гэж ярьж байсан. Би Сд цохиулснаас хойш хэл ярианы бэрхшээлтэй болсон. Биеийн баруун тал мэдээгүй болсон байгаа. Би нийт гэмтлийн эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон. Одоогоор хэдэн төгрөгийн зардал гарсан талаар мэдэхгүй байна. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хагалгаанд ороход 20 сая төгрөгийн зардал хэрэгтэй, Сгаас нэхэмжилж байна. Надад эмчилгээний зардал гэж цувуулж увуулж байгаад 5.261.000 төгрөг өгсөн. Би группэд орсон байгаа. Би сард 3.000.000 төгрөгийн цалин орлоготой байсан. Тэгэхээр нь энэ хугацааны цалинг бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-39 тал/,

 

            Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Бын машинд сууж Ц, Б, Б бид нар 1 шил 0.5 литрийн Хятад архи хувааж уусан. Тэгээд дараа нь миний машинд сууж хоол хийж идчихээд 3 шил архи уусан. Тэгэхэд Б надад энэ хоёр архи уухгүй байна гэж хэлэхээр нь уувал ууна биз уухгүй бол тэр биз гэж хэлсэн. Тухайн үед харанхуй болчихсон 22 цагийн үед санагдаж байна. Тэгээд нэг мэдэхэд Ц бид хоёр хэрүүл маргаан хийгээд Ц намайг буугаад ир сайхан зодолдъё алалцвал алалцъя гэх мэтээр хэлээд өдөөд байхаар нь машинаас бууж хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд нэг хэсэг юу болсон талаар санахгүй байна. Ц машины чиргүүл рүү шахаж боогоод байж байхад манай компанийн жолооч Оюунбаатар ирж бид хоёрыг салгаад намайг машинд оруулсан. Тэгээд маргааш нь Ц хятад хүнтэй ирээд бичиг баримтаа авсан. Тухайн үед надад юм яриагүй, Монгол руу явлаа гэж байсан. Тэгээд машины жолооч Мартагдашгүй над руу залгаад чи Цг зодчихсон юм уу очиж уулзаач гэж хэлсэн. Тэгээд Цтэй уулзахад Ц чи намайг өчигдөр хутгалчихлаа  ш дээ гэх мэтийн юм яриад байсан. Тэгээд чи найздаа эмчилгээний мөнгө өгчих би цагдаа сэргийлэх гэж явахгүй гэж хэлж байсан. Тэгээд би за би чамд эмчилгээний мөнгө өгье гэхдээ би чамайг зодсоноо санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр “Анд” зочид буудалд хоноод маргааш өглөө нь Ц Монгол руу явсан. Ц бичиг баримтаа авах гэж ирэхдээ надтай зодолдсон болон зодуулсан талаар юу ч яриагүй, мөн толгойгоо боогоогүй байсан. Харин Цг  ирэхээс нь өмнө Б надад чи Цг зодоод хаячихсан байна ш дээ гэхэд нь би би яахаараа зоддог юм Оюука намайг машинд оруулсан гэсэн тэгээд би машинаасаа гараагүй унтсан гэж хэлж байсан. Миний машины гал тогоонд жижиг ягаан иштэй хутга, мөн хар иштэй заазуур байдаг өөр хутга байхгүй. Би уусан архиндаа бол нэлээн согтсон гэхдээ болсон явдлыг ерөнхийд нь бол санаж байна. Оюука намайг машинд оруулж унтуулснаас хойш тэр шөнө би Цтэй тааралдаагүй. Би өөрөө Цг зодоогүй гэж бодож байгаа хэдий ч Ц намайг өөрийг нь зодсон гээд байхаар бас зодчихсон ч юм уу гэсэн бодол төрөөд миний санаа бодол орж гараад би мөнгө өгдөг байсан. Ц 2019 оны 7 дугаар сарын эхээр над руу залгаад 25 сая  төгрөг нэхсэн. Тэгэхэд нь надад тийм хэмжээний мөнгө өгөх боломж алга тэгээд ч би чамайг зодсон ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш Цтэй холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-44 тал/,

 

            Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Ганц мод” гэдэг газар болсон асуудал юм. Тэр өдөр нүүрсний тээвэрт явдаг жолооч нар болох С, Ц, М, Баттогтох миний бие 5-уулаа “Ган мод” хажууд байрлах Анд гэдэг нэртэй монгол хоолны газарт очиж тэнд зогсож байсан Мын ачааны машин дотор бид нар хоол хийж идээд тэндээ 1 шил 0.5 литр Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ ярих гээд машины чиргүүд дээр гараад 20 минут гаран ярьчхаад машинд ороход Ц, С нар юунаас болсон бүү мэд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд тэд маргалдаж байгаад машинаас буугаад хоорондоо зодолдох юм яриад буусан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хоорондоо зодолдож амжаагүй байхад С машины кабинд байсан хутга аваад Ц рүү явах гэхээр нь би болиоч гэж хэлэхэд С над руу чи муу бас юу гээд байгаа юм чамайг бас хамт ална шүү гэж хэлээд тэгээд С бид хоёр хоорондоо хэсэг маргалдаж байгаад би машин руугаа явсан. Тэгээд маргааш нь Цтэй таарахад толгойноос нь цус гарч тогтоосон бололтой зүүн талын чихний хэсэг цус болж хатсан, өөрөө сайн юм ярьж чадахгүй, ам нь ангайсан шүлс нь гоожсон байдалтай таарсан. Би тухайн үед Цгээс юу болсон талаар асуухад С миний толгой руу нэг юмаар шаачихлаа тэгээд би ярьж чадахгүй байна чи Сгаас миний бичиг баримтыг авсан уу гэж асуухаар нь би аваагүй гээд Ц бид хамт С дээр очиж түүний бичиг баримтыг авч тэгээд Цг наашаа Монгол руу явуулсан байгаа. Цгийн эрх чөлөөнд хэн халдсан талаар маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Цгээс өөрийнх нь ярианаас мэдсэн. Тэрнээс надад үзэж харсан зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 тал/,

 

            Гэрч М.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 3 дугаар сард машиныхаа ээлжийг хүлээгээд Ганц модны боомтын төв тосгон руу машин тэргэндээ сэлбэг авч, хоол хүнс цуглуулаад 16 цагаас 17 цагийн хооронд гэгээ тасрахаас өмнө буцаж Илжигний хашаанд байрлуулсан машин дээрээ ирсэн. Машин дээрээ ирэхэд буюу миний унаж байгаа машины хажуугийн жолоочийн зөв талд С машинаа байрлуулсан байсан ба машин дээр ирэхэд С нь архи уучихсан машиныхаа гадна миний танихгүй 2 залуугийн хамт байсан ба тэр хоёр залуутайгаа муудалцаад зогсож байсан. Тэгээд авсан юмаа машинд оруулчхаад буцаад гарч ирэхэд Стай муудалцаж байсан хоёр залуугийн нэг нь Сг  заамдчихсан, нөгөө нь хажуугаас нь салгах гээд ч байгаа юм уу гарнаас нь барьчихсан зогсож байхаар нь би боль ийм асуудал байж болохгүй гээд салгасан. Тэгээд Сг заамдсан байсан залууг нь салгаад Сг машин руу нь оруулж өгсөн. С машиндаа би ч машиндаа орсон ба тэрнээс хойш ямар нэгэн чимээ шуугиан гараагүй. Би машиндаа ороод хоол унд хийж идчихээд Тогтохбаяртай жаахан юм ярьж сууж байгаад дахин төв орохоор болоод орой 20 цагийн орчимд явж байгаад 2 цагийн орчмын дараа буцаж машин дээрээ ирэхэд ямар нэг асуудал болоогүй байсан. Тэгээд машиндаа ороод амраад байж байхад өглөө буюу үүрээр байсан байх унтаж байхад дахин хүмүүс дугарч чимээ гарахаар нь босоод машин дотроосоо өндийж цонхоор харахад 3 хүн Сы машины гадна ирсэн байсан ба нэг нь Стай заамдалцаж барьцалдсан Ц гэх хүн, нөгөө  хоёр хүний нэг нь бол Өвөрмонгол хүн байсан. Нөгөө хүнийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд яах гэж байгааг нь харахад Стай заамдалцаад барьцалдаад байсан залуу машиных нь номерыг хуулж аваад машиных нь шил, хаалга руу цохиод Содоо пизда минь гараад ир гээд балбаад байсан ч боловч Содоо гарч ирэхгүй байсан. Тэгээд тэр гурван хүн нэг хэсэг байж байгаад Өвөрмонгол нь наадах чин байхгүй байна явъя явъя гээд яваад өгсөн. Би Өвөрмонгол хүн гэдгийг нь яаж мэдсэн бэ гэхээр ярианы өнгөөс нь Хятад хүн байна гэдгийг нь мэдсэн. Маргааш нь сэрээд нүүр гараа угаачхаад Сгийн машин дээр очиход машиных нь хаалганд номероор цохисон мөр гарчихсан байсан. С машин дотроо сэрээд байж байсан. Би Саас юу болсон талаар асууж өчигдрийн хүмүүс чинь үүрээр ирээд машиныг чинь баахан нүдэж байгаад явах шиг болсон чи байсан юм уу гэсэн чинь би машиндаа байсан харин тиймээ үүрээр ирж баахан балбаж байгаад явна лээ би хаалгаа нээж өгөөгүй гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

 

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 3  дугаар сарын эхээр байсан байх би одоо өдрийг нь үнэхээр мартчихсан байна. Өмнөговь аймгаас нүүрсээ тээвэрлэж Ганц модны боомтод буулгачихсан буцаад Монгол улс руу гарах дараалалдаа ороод хүлээгээд байж байсан юм. тэр үед Сы машин миний машинаас 2, 3 машины цаана байрлаж байсан ба тэр үед хилээр гарах хугацаа 7-10 хоног хүлээгдэж гардаг байсан. Ингээд  хүлээж байх үед буюу өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр С, Б, Ц гурав хамт нэг мотоцикль уначихсан миний машин дээр оройн 18 цагаас 19 цагийн орчимд ирсэн. Өөрсдөө архи уучихсан нэлээн халчихсан байдалтай ирсэн. Тэгээд тэр гурвын авчирсан архийг хамт хувааж уусан. Тэгээд авчирсан архи нь дуусаад дахин архи уух болоод намайг архинд яваад  ир гээд би нэг их холгүй байдаг жижигхэн дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хятад архи авчирсан. Намайг архинд яваад ирэхэд С, Ц нар хоол хийгээд байж байсан ба миний авч  ирсэн архийг мөн бид дөрөв хувааж уусан. Тэгээд дахин 2-3 архинд явж ирсэн бөгөөд сүүлийн архийг ууж байхад Б би одоо архи уухгүй, одоо орохгүй байна гээд бөөлжсөн санагдаж байна. Тэгэхээр нь би Содоо ахаа энэ хоёр чинь архи уухгүй байна шүү дээ та бид хоёр л уугаад байна гэсэн. Тэгээд Б бөөлжсөөр байгаад уусан архи нь гайгүй болсон байдалтай байсан. Мөн Ц ч адил архиндаа согтсон нь гайгүй яриа энэ тэр нь хэвийн байсан. Тэгээд хоолоо идээд байж байтал С, Ц хоёр хоорондоо шоронгийн яриа ярьж чи, би шоронд явж үзсэн биш ч гэлүү нэг тиймэрхүү яриа ярьж үгээр идээд нэгнийхээ дээр гарна гэж ярьдаг шиг яриа гаргаад байсан. Тэгээд би Сы машины амралтын орон дээр гараад сууж байсан ба би архиндаа согтоод тасарчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Стай кабенд унтаж байсан. Ингээд сэрэхэд Цгийн биедээ авч явдаг бичиг баримт болон бусад зүйлээ хийдэг жижиг цүнх нь машинд байсан ба Содоо ахыг сэрээгээд юу болсон би яагаад таны машинд унтчихсан юм гэхэд  мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Цгийн бичиг баримт байна хоёулаа нууж айлгаж байгаад гаргаж өгье гээд нуучихсан юм. Тэгээд үлдсэн архиа хуваагаад уугаад байж байхад Б ирээд Цгийн бичиг баримт, цүнх байна уу гэж асуухаар нь айлгах гээд нуучихсан байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд Ц мөн ирээд бичиг баримт цүнхээ асуухаар нь мэдэхгүй гэж хэлээд бичиг баримт яах вэ энэ тэр гээд айгаад байсан учраас С ах бичиг баримтын гаргаж өгсөн. Тэгээд би машин руугаа яваад тэрнээс хойш уулзаагүй байж байхад орой нь С ахтай уулзалдахад Ц Хятад хүнтэй ирээд зодох гэж дайрсан гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь яасан гэж зодох гэж байгаа юм гэхэд олигтой юм яриагүй санагдаж байна. С, Ц нарыг ямар асуудлаас болоод маргалдсан талаар сайн мэдэхгүй, би тасарчихсан байсан. Харин маргааш нь Б ирээд болсон зүйлийн талаар ярихад Ц, С хоёр хоорондоо зодолдож маргалдаад Цг хөөж гүйгээд машин доогуур орж нуугдсан байхад машины дугуй тайлагч лоом /лапатка/-оор цохисон гэж ярьсан. Тэр үед С би санахгүй байна, гэхдээ маргалдаж байснаа санаад байна гэсэн зүйл хэлж байсан. Тухайн архи уусны маргааш нь Ц бичиг баримтаа авах гээд ирэхэд түүний биед хүнд харагдах гэмтэл, шарх харагдаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 61-62 тал/,

 

Сэлэнгэ аймаг Шүүхийн  шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай “…Д.Цгийн биед гавал тархины ил гэмтэл, зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд  цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 441 дугаартай “…Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх  цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтлийг авсны дараа толгой өвдөх, дотор муухай оргих, ухаан алдах, тэнцвэр алдагдах, гар хөлд саа саажил үүсэх зэрэг зовиур шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх гэмтлийг авснаас хойш тархины судас гэмтэж тархи дарагдах хүртлээ идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд  цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №238 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна…” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80 тал/,

 

Шинжээч эмч С.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Хохирогч Д.Цгийн биед учирсан гавал тархины ил гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн чамархай зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, хатуу хальсан доорх цус хуралтын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн гэмтлийн хүнд зэрэгт тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг авснаар хүний биед тархи дарагдсанаас үүдэлтэй төвийн гаралтай мэдрэлийн саа, саажилт, тархи нугасанд мэдрэлийн гаралтай дарагдлын шинж тэмдгүүд илэрнэ. Гавал тархины ил гэмтэл гэдэгт хохирогчийн зүүн чамархай ясны ил цөмөрсөн хугарал хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Хохирогчид үүссэн гэмтэл нь ямар байрлалд үүссэн эсэхийг тодорхойлох боломж үгүй. Уг гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйл болон хатуу мохоо зүйлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Зүүн чамархай ясны 2,8х1 см хэмжээтэй олон тооны ясны сэлтэрхийд хугарал нь анх гэмтэл авсан жинхэнэ хэмжээс юм. Зүүн чамархай ясны 5х4 см цооллого нь амь нас аврахын тулд заалтаар орсон хагалгааны арга техникийн үйлдэл юм. Тухайн үедээ гэмтэл авсан даруйд хариу үйлдэл мөн чөлөөт хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хийх боломжтой. Тухайн цаг хугацаанд яаралтай хагалгаанд орж оёдол тавигдсан ба 2019.10.04-нд үзүүлэхэд хагалгааны хуучин оёдол тавигдсан эдгэрэлтийн сорвижилттой байсан. Мохоо зүйл гэдэгт хатуу мод, хад, чулуу, төмөр, гар, хөл мэт зүйлс болон хурц ир, үзүүртэй зүйлд хутга, хурц ир үзүүртэй зүйлс орно…” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй, гадны хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хүнд зэргийн гэмтэл байна. Мохоо зүйл гэдэгт ир, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг ойлгож болно. Хохирогч Д.Цгийн биед учирсан гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тархины судас гэмтэл тархи дарагдах хүртлээ идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Илрэх шинж тэмдгүүдийг дүгнэлтэд тодорхой тусгаж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/,

 

Яллагдагч Д.Сгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тухайн үед буюу 2019 оны 3 дугаар сарын эхээр Бүгд Найрамдах Хятад ард улсын Ганц модны боомтын Анд гэх нэртэй газарт Монгол Улсаас Хятад улс руу нүүрс гаргаж Ганц модны боомтод буулгачхаад Анд гэдэг нэртэй үйлчилгээний төв дээр очсон. Тэр үед жолоочийн мэргэшсэн үнэмлэх гаргуулах гэж байсан Д.Ц, Б, Батдэлгэр гээд хэдэн хүний бичиг баримтыг авч канондаж фэйсбүүк хаягаар Сэлэнгэ аймаг руу явуулах болсон. Ингээд Анд буудлын тэнд бид нар уулзаж мэргэшсэн жолооны үнэмлэх авах холбогдох баримтуудаа цуглуулж фэйсбүүк хаягаар Энхжаргал гэдэг хүн рүү явуулсан. Тэгээд ганц нэг шил архи уух болоод Анд буудлын нэг байранд Ц нэг шил архи авч Б, М гурав хувааж уусан. Би тухайн үед архи уугаагүй юм. Тэгээд архи нь дуусаад явахаар болоод Унаганы хашаа гэдэг газарт машин байсан М гээд жолоочийн машин руу Ц, Б бид гурав хүргэж өгчхөөд тэгээд Мын машинд нэг шил архи хувааж уугаад бид гурав Мыг унтуулчхаад Өргөн зам гэдэг газар руу хоолон гэр рүү явах болсон. Тэнд очиж 2, 2 пиво Б бид хоёр авч уусан ба Ц гадаа утсаар яриад явж байгаад орж ирээд пиво уучхаад тэндээсээ ойролцоо байсан Монгол Улс руу гарах ээлж хүлээдэг Өргөн зам дээр байсан Цгийн машин руу очсон. Тэгээд Цг одоо машин дээрээ үлд харанхуй болчихлоо би чамайг эргэж хүргэж өгч чадахгүй гэхэд хамт явна гэсээр байгаад манай машин руу явсан. Ингээд миний машин руу очихын өмнө Б гэдэг жолооч дээр очиход хоолоо хийгээд идсэн байсан ба хоолноос нь идчихээд дахин нэг шил Хятад архи уугаад Бын машинаас явж миний машин руу Илжигэн чих гэдэг газарт очиж бид дөрөв хоол хийж идээд 2, 3 шил архи уусан. Тэгээд архи ууж байхад Б надад хэлэхдээ Содоо ахаа энэ хоёр чинь уухгүй байна шүү дээ гэж Ц, Б хоёрыг хэлэхээр нь уухгүй хүмүүст битгий өг хоёулаа ууя гээд уусан. Тэгээд сүүлдээ Ц бид хоёрын дунд хэрүүл маргаан  болсон ба ямар учиртай хэрүүл гэхээр Ц намайг чи атмаан хүн, хүн зоддог хүн гэхээр нь юу яриад байгаа юм энэ тэр гэж маргалдаад бас Ц чи шоронд орж үзээгүй байж үхсэний чинь атмаан энэ тэр гэж хэл амаар дайрахаар нь чи олигтой хэргээр орсон биш хүчингийн хэргээр орчхоод гэснээс болж улам хэрүүл ихэссэн. Тэгээд Ц өөрөө намайг машинаас бууж зодолдъё гээд байхаар нь  машинаас дагаад буухад  намайг цохиж унагахаар нь би босож ирээд барьцалдаж аваад заамдалдсан. Тэгээд бид хоёр хоёулаа машины гадаа заамдалцаж барьцалдаж байхад Б машин дотор машины гэрэл асаагаад та хоёр гэрэлд зодолд гээд байж байсан. Тэгээд барьцалдаад байж байхад манай нэг жолооч болох Оюунбаатар ирж бид хоёрыг салгасан. Тэгээд Ц тэр үед зугтаагаад явчихсан ба Б машинаас бууж ирээд бас бид хоёр хэсэг маргалдаад Быг зайл гэж хөөгөөд явахаас нь өмнө машин руу орж хаалга үүдээ цоожилж тэгээд унтаад байж байхад шөнө Ц буцаж машин дээр ирээд машины цонх, хаалгыг нүдэж балбаад машины номер хуулж авчихсан цохиод байсан. Тэгээд би шөнө машинаас гаралгүй цонхоор хальт өндийж харахад Ц 2, 3 хүнтэй хамт ирсэн машины номероор урд цонх цохиод байхаар нь би хаалгаа онгойлгож өгөлгүй байж байтал хэсэг орилж чарлаж ална гэж байгаад явсан. Ингээд маргааш нь 10-11 цагийн үед Ц машин дээр бичиг авъя гэхээр нь надад бичиг баримт байхгүй гээд явуулсан. Тэр үед бичиг баримт нь надад байсан боловч би айлгаж байгаад өгье гэж бодоод байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл Ц дахин үдээс хойш машины эзэн гээд Хятад хүнтэй болон нэг хэлмэрч Өвөр монгол хүнтэй хамт буцаж ирээд машиныхаа бичиг баримтыг бас нэхээд байхаар нь өгөхгүй байж байхад Хятад эзэн нь зодчих гээд байхаар нь бичиг баримтыг нь гаргаж өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь өргөн зам дээр гарч ирээд Монгол Улс руу орох гээд байж байтал манай найз Марташгүй утсаар яриад чи Цгийн толгой руу хутгалсан юм байна шүү дээ чамайг хутгалсан гээд яриад явж байна энэ хүнтэйгээ ирж уулз гэхээр нь надад тийм юм байхгүй, бид хоёр зодолдоогүй гэж хэлсэн. Тэгээд ирээд уулзахад яах вэ дээ чи гэхээр нь ямар ч байсан очиж уулзъя гэж бодоод Ц дээр очиход хэл яриа нь ээдэрчихсэн, амнаас нь шүлс нь гоожоод байсан ба бид хоёр хоорондоо ярилцахад Ц надад хэлэхдээ чи хутга бариад машинаас гараад ирэхээр нь би чамаас зугтаагаад нуугдаж машины тэнд сууж байхад чиний сууж байсан газарт хажууд чинь очиж сууж таараад Содоо гээд дуудахад чи намайг шууд толгой руу хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд би сонин юм даа Б байсан тэгээд би хөөж явуулаад машиндаа орж амарсан. Машинд орж амрахад Б яваагүй байсан гэдгээ хэлсэн. Тэгтэл намайг чи хутгалсан гээд байсан ба би эмнэлгээр явна зардал мөнгө хэцүү байна чи надад  тус бол гээд байхаар нь эмчилгээний зардлыг нь өгье гэж хэлсэн. Ингээд би 4-5 сая төгрөг ямар ч байсан цувуулж Цд өгсөн юм. Тэгтэл дахин 25 сая төгрөг нэхэж гадаад эмчилгээ хийлгэнэ гэхээр нь надад тийм мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл цагдаад хэлнэ гээд байхаар нь утсаа тасалчхаад дахиж холбогдож яриагүй. Би болсон асуудлыг санаж байгаа. Ц намайг зодсон гээд байсан учраас эрүүл мэндийг нь бодоод эмчилгээний зардал өгсөн. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Би Цг зодож цохиогүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 100-104 тал/,

 

Шүүгдэгч Д.Сы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 131-143 тал/,

 

Хохирогч Д.Цгийн өвчний түүх /хх-ийн 169-190 тал/,

 

Хохирогч Д.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 191-201 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Сы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117-118 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Сг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл  хэрэглэж хүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”   гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцуулахаар,

 

шүүгдэгч Д.С “гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж, намайг цохисон гээд байгаа болохоор нь эмчилгээний зардал өгч байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү”  гэж мэтгэлцэж,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Д “Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь эргэлзээтэй байна. Ямар нэгэн зэвсэг хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Эд мөрийн баримтаар хурааж авсан зүйл байхгүй учраас энэ хүнийг юугаар зодсон бэ гэдгийг нотлох зүйл байхгүй эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримт нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг нь тухайн хэргийн бодит байдлыг тогтооход маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.У “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Цаашид хохирогчид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтайгаар  тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болно.

 

Прокуророос шүүгдэгч Д.Сг  эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дараах үндэслэлээр хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хуульд тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

Улсын яллагчийн дүгнэлт, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг гарах орой буюу 2019 оны 03  дугаар сарын 03-ны өдөр нүүрс тээвэрлэлтийн ажилд хамт явж байсан нэр бүхий жолооч нарын хамт архидан согтуурч улмаар хохирогч Д.Цтэй маргалдан түүний толгойд гавал тархины ил гэмтэл, зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд  цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь;       

1. Хохирогч Д.Цгийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…зугтааж гүйж байгаад эргээд харахад С алга болсон байхаар нь доошоо суугаад машины дугуйн завсраар хайж харахад С дугуй налаад сууж байхаар нь өө чи энд сууж байсан юм уу гэж хэлээд дээшээ босох үед С миний толгойн зүүн чихний дээд хэсэгт юмаар цохиод авах шиг болсон. Тэгээд С намайг цохичхоод гүйх үед нь би араас хөөгөөд нуруу руу нь гараараа цохиж, Сг чи намайг цохичихлоо ш дээ гэж хэлэх гээд хэлж чадахгүй хий дэмий араас нь хөөсөн. Сд цохиулсны дараа миний толгойноос цус гараад тогтохгүй байсан... дараа нь намайг Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад С над дээр ирээд эргэж ирэх үедээ ярихдаа би тухайн үед чамайг машины дугуй задлагч үзүүр нь тахир хавтгай төмрөөр толгой руу чинь цохисон юм шиг байна лээ би дараа нь тэр төмрийг  хайгаад олохгүй байна гэж ярьж байсан…” гэх мэдүүлэг,  

2. Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэгээд тэр хоёр машинаас буугаад хоорондоо зодолдож амжаагүй байхад С машины кабинд байсан хутга аваад Ц рүү явах гэхээр нь би болиоч гэж хэлэхэд С над руу чи муу бас юу гээд байгаа юм чамайг бас хамт ална шүү гэж хэлээд тэгээд С бид хоёр хоорондоо хэсэг маргалдаж байгаад би машин руугаа явсан. Тэгээд маргааш нь Цтэй таарахад толгойноос нь цус гарч тогтоосон бололтой зүүн талын чихний хэсэг цус болж хатсан, өөрөө сайн юм ярьж чадахгүй, ам нь ангайсан шүлс нь гоожсон байдалтай таарсан. Би тухайн үед Цгээс юу болсон талаар асуухад С миний толгой руу нэг юмаар шаачихлаа тэгээд би ярьж чадахгүй байна гэсэн…” гэх мэдүүлэг /хх-46-48 тал/,

 3. Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…харин маргааш нь Б ирээд болсон зүйлийн талаар ярихад Ц, С хоёр хоорондоо зодолдож маргалдаад Цг хөөж гүйгээд машин доогуур орж нуугдсан байхад машины дугуй тайлагч лоом /лапатка/-оор цохисон гэж ярьсан...”  гэх мэдүүлэг /хх-58-59 тал/ болон

4. Шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 441 дугаартай  дүгнэлтэд дурдсан “…Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх  цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтлийг авсны дараа толгой өвдөх, дотор муухай оргих, ухаан алдах, тэнцвэр алдагдах, гар хөлд саа саажил үүсэх зэрэг зовуурь шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх гэмтлийг авснаас хойш тархины судас гэмтэж тархи дарагдах хүртлээ идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.Д.Ц-н биед зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн сэлтэрхийд  цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн тархины эдийн няцрал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №238 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ” гэх дүгнэлт /хх-75-80 тал / зэргээр  хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.С нь өөрийгөө гэм буруугүй, тэрээр хохирогчид хүнд гэмтэл учруулаагүй гэж маргасан хэдий боловч хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар түүний гэм буруутайг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн түүнчлэн хохирогч, шүүгдэгчийг шууд зааж гомдол мэдээлэл гаргаж  хэрэг бүртгэлийн ажиллагаа эхэлсэн нөхцөл байдал нь шүүгдэгчийг гэм буруугүй гэдэгт эргэлзээ төрүүлэхээр байгааг дурдаж байна.

 

Хохирогч Д.Цгийн толгойн  тус газарт мохоо зүйлээр цохиж  гавал тархины хүнд гэмтэл учруулсан үйлдлийг шүүгдэгч Д.С учруулсан болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байх хэдий ч улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан “Шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 дугаар 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ганц мод”-ны боомтын “Илжигэн” гэх газарт иргэн Д.Цтэй согтуугаар маргалдан улмаар толгой тус газарт нь машины дугуйн төмөр болох лапаткийг зэвсгийн чанартай ашиглан цохиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үйл баримтаас машины дугуйн төмөр болох лапаткийг зэвсгийн чанартай зүйл болгон ашигласан гэдэг нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй  байна.

 

Тодруулбал, хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлэгт дурдсан машины дугуйн төмөр болох лапаткыг  шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэх нь бүрэн тогтоогдохгүй, зэвсэг болгон ашигласан гэх машины дугуйн төмөр болох лапаткийг хэрэгт эд мөрийн баримт болгон бэхжүүлээгүй байгаа зэрэг нь шүүгдэгчийг хохирогчид хүнд гэмтэл учруулахдаа лапатк төмөр ашигласан гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн үйлдсэн 137 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгчийг хүний биед хүнд гэмтэл учруулсанд тооцож гэм буруутай гэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1-д заасан “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан  гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Сг  2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ганц мод”-ны боомтын “Илжигэн” гэх газарт иргэн Д.Цтэй согтуугаар маргалдан улмаар толгой тус газарт нь цохиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Тодруулбал,  шүүгдэгч Д.Сы  гэм буруутай  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ” гэмт хэргийн  шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.Сг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилсэн ба  6.113.922 /зургаан сая нэг зуун арван гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийн хохирлыг баримтаар шүүхэд ирүүлснийг шүүгдэгч Д.С төлнө гэдгээ илэрхийлсэн тул шүүх шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар ирүүлсэн хохиролд дүгнэлт хийхгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

 

Харин нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөс үлдэгдэл 13.886.078 /арван гурван сая найман зуун наян зургаан мянга далан найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч Д.Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэлийг шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Саас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Цд 5.261.000 /таван сая хоёр зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг түүний эмчилгээний зардалд төлсөн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...тул шүүгдэгч Д. Сг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 / арван нэгэн сая/  төгрөгөөр торгох саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “…Хэргийг үнэн зөвөөр  шийдэж өгнө үү гэж хүсэж байна…” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Д нь “…Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Д.Сд торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч “ Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч шүүгдэгчийг 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох нь шүүгдэгчид болон түүний гэр бүлд  санхүүгийн дарамт учруулах нөхцөл байдлыг бий болгох улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох, мөн түүнчлэн шүүгдэгч гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн хэдий ч хохирогчид хэзээ, хэрхэн төлж барагдуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой илэрхийлж чадаагүй тул улсын яллагчийн саналыг шүүх харгалзахгүйгээр шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулах нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэнд, амьдрал ахуйд нь бий болсон хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 болон 3 дахь  хэсэгт заасан шударга ёсны зарчимд  нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.С нь нүүрс тээвэрлэлтийн жолооч хийдэг гэх боловч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа эсэх, тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь эргэлзээтэй байсан нь улсын яллагчаас санал болгосон торгох ялыг шүүх харгалзан үзээгүй  болох бас нэг  үндэслэл болсныг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2 дахь хэсэгт заасан “…бусад туслалцаа үзүүлсэн..” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Сг   холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д. Сг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан   мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Сг 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 3 /гурав/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Сд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Саас  шүүхэд баримтаар нэхэмжилж ирүүлсэн 6.113.922 /зургаан сая нэг зуун арван гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цд олгож, нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөс үлдэх 13.886.078 /арван гурван сая найман зуун наян зургаан мянга далан найм/ төгрөгтэй  холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэлийг шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Цд 5.261.000 /таван сая хоёр зуун жаран нэгэн мянга/  төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                          ШҮҮГЧ                                       М.ДАЛАЙХҮҮ

 

                                               ШҮҮГЧ                                       Л.ОДОНЧИМЭГ