| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0062/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Тд холбогдох эрүүгийн 1907005240007 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, Зэвсэгрт хүчний 014 дүгээр цэргийн ангид харуулч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд яд шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Г.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч ******* дүгээр цэргийн ангид харуулч ажилтай, дэд ахлагч Г.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ******* дүгээр ангийн агуулахын орчимд тус цэргийн ангид харуулчаар ажилладаг дэд ахлагч Б.*******тэй харилцахдаа дүрмийн заалт зөрчин түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу 3 дахь өдөр өглөө 9 цагт анги нэгдээд харуулын дарга тень солих үүрэг өгсөн. Би харуулын даргын зөвшөөрлөөр гэр рүүгээ утсанд явсан. Замд ******* угаалгахаас наашаа тень өргөөд явж байсан. Би хажуугаар нь гараад явж байтал хойноос хөөе, хөөе гээд 3 удаа дуудсан. Эхний удаа дуудахад нь би эргэж хараагүй, 2 дахь дуудалт дээр эргэж хараад очоод маргалдсан. Тэгээд хэд цохисон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Т яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүгээр цэргийн ангид ажилладаг. 2019 оны 11-р сарын 14-ний өдөр ажил дээрээ 09 цагточиж өнгийн нэгдэлтэд нэгдэж бүртгүүлчээд харуулын дарга, ахмад Хүрэлхүүгийн өгсөн үүргийн дагуу харуулын цэгүүдээр явж эвдэрсэн тенүүдийг янзалж засварласан. 10 цагийн үед харуулын надад гэрлүүгээ яваад цахилгааны утас аваад ир гэхээр нь за гээд ангиас гарах гээд явах замд агуулахын орчим ******* тень бариад урдаас ирж байсан. Хажуугаар нь зөрөөд явсны дараа ******* араас хөөш чи нааш ир гэхээр нь би ажилтай явна гэж хэлэхэд нааш ир гэж 2-3 удаа дуудахаар нь би яваад очсон чинь ******* надаа чамд ах зах гэж байдаг юм уу гэж асуухаар нь би ажилтай явна гэж хэлсэн. Чи ах захтай байх хэрэгтэй шүү гээд намайг ******* заамдаад авсан. Миний нүүрэн тус газар ******* гараараа цохиод авахаар зөрүүлээд гараараа нүүрэн тус газарт нь цохисон. *******ийн амнаас цус гарсан. Цохисноос болоод хойшоогоо унасан. Босч ирээд миний өмсөж байсан хувцас руу нулимхаар нь би яаж байна гэж хэлээд бид хоёр заамдалцаад авсан. Тэр үед ирж салгасан. *******ийн нэг нүд хөхөрч хавдсан харагдаж байсан. Би гэрлүүгээ очиж утас авчаад эргээд харуулын нэгдүгээр цэг дээр ирэхэд ******* сууж байсан. Бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Харуулын дарга ирээд *******ийг явуулсан. ******* хэд хоногийн дараа цагдаа дээр ирчихсэн байна өргөдөл өглөө гэхээр нь би өөрөө ирж уулзаад эмчилгээнийх нь зардлыг төлөхөөр болоод салсан. Би ******* 734000 төгрөг өгсөн боловч сүүлд нь нэг сая төгрөг нэмж өг гэж надаас шаардсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагт ирсэн. Ажлаа хийгээд 11 цаг 30 минутын үед ангийн хашааны хойд хэсэгт байх агуулахын орчимд манай ангид ажилладаг Г.Т таарсан. Г.Тд хандаж чи миний дүү шиг залуу байна даа намайг чи гээд байх юм өчнөөн намайг доромжиллоо гэхэд чамайг би ах гэх үү пизда минь гээд миний нүүрний баруун гараараа цохисон. Би арагшаа саваад унасан. Намайг унасан хойно толгой нүүр рүү их олон удаа өшиглөсөн. Харуулын дарга ажилтай ирж салгасан. Намайг харуулын дарга харуулын нэгдүгээр цэг рүү аваачсан. Тэнд ороод сууж байхад араас Г.Т орж ирсэн. Г.Т над руу дайраад нар үзүүлэхгүй гяндан ямар байдгийг өнөө шөнө үзүүлнэ. Энэ ангид чи өөдөө гарахгүй хэнээр оролдсонг чинь мэдрүүлнэ гэж дайрсан. Харуулын дарга боль гээд гаргаж байсан. Тухайн үед нүүр хөхөрч хавдсан. Амнаас цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11-р сарын 14-ний өдөр би 1 цаийн үед ахмад Хүрэлхүү надад харуулын цэг дээр байгаа тенүүдийг аваад ир ангийн цахилгаанчингаар янзлуулна гэж үүрэг өгсний дагуу би *******, нарт үүрэг өгч тенүүдийг цуглуулаад ир гэж хэлсэн. Төртулгын хамт постуудаар тойрчоод гэрлүүгээ яваад гэрлийн утас аваад гээд явуулсан. 1-р харуулын цэг рүү очоод буцаад алхаж явахад агуулахын орчим Г.Т, ******* хоёр хоорондоо ноцолдож байхыг нь хараад очиж салгасан. Намайг яваад очиход тэр хоёр бие биенээ заамдаад зогсож байхаар нь би салгаад Төртулгыг утсандаа яв гээд явуулсан. *******ийн хамт харуулын байран дээр ирсэн. *******ийг үлдээгээд би гарчаад эргээд ороод ирэхэд Г.Т ирчихсэн байсан. Төртулгыг харуулын цэгрүүгээ ява гэж явуулаад *******ийг нөөцийн 2 дугаар харуулын цэг рүү дагуулаад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/702 дугаар:
“1. Б.*******ийн бие хамар ясны хугарал, тархи доргилт, нүүр толгойн хуйханд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/
шүүгдэгч , хохирогч нарын цэргийн жинхэнэ албан хаагчийн талаарх бичгэн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* дүгээр цэргийн ангид харуулч ажилтай, дэд ахлагч Г.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ******* дүгээр ангийн агуулахын орчимд бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагч болох дэд ахлагч хохирогч Б.*******тэй маргалдаж улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхний удаа дуудахад нь би эргэж хараагүй, 2 дахь дуудалт дээр эргэж хараад очоод маргалдсан. Тэгээд хэд цохисон” гэх,
Шүүгдэгч Г.Т яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* гараараа цохиод авахаар зөрүүлээд гараараа нүүрэн тус газарт нь цохисон. *******ийн амнаас цус гарсан. Цохисноос болоод хойшоогоо унасан.” гэх,
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Тд хандаж чи миний дүү шиг залуу байна даа намайг чи гээд байх юм өчнөөн намайг доромжиллоо гэхэд чамайг би ах гэх үү пизда минь гээд миний нүүрний баруун гараараа цохисон. Би арагшаа саваад унасан. Намайг унасан хойно толгой нүүр рүү их олон удаа өшиглөсөн.” гэх,
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг яваад очиход тэр хоёр бие биенээ заамдаад зогсож байхаар нь би салгаад Төртулгыг утсандаа яв гээд явуулсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/702 дугаартай дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын цэргийн жинхэнэ албан хаагчийн талаарх бичгэн баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Г.Т, хохирогч Б.******* нар нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг” гэж хуульчилжээ, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь цэргийн жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Гандуламын Төртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Тд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцуулан ялаас чөлөөлж өгнө үү гэх санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан түүнд торгох ял болон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.*******д эмчилгээний зардалд 734000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Гандуламын Төртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид бусад байдлаар хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Тд тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Г.Тд мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД