Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 63

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,   

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Д.Дад холбогдох эрүүгийн 1907004350034 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын  25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* тоотод оршин суух,

урьд ******* аймгийн шүүхийн 1999 оны 11  дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт Д.Д.  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл "3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11 дүгээр зүйлийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч болох 7 настай Г.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, З.Гантулгын эзэмшлийн Истана маркийн 87-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.617.000 төгрөгний хохирол учруулж хохирогч З.Гантулгын амь насыг хохироож улмаар хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хоёр найз ирээд 2 пиво уучихаад шөнө 01 цагийн үед дэлгүүр орох гэж машинтайгаа гараад Гордокийн замд аваар хийсэн. Тэр үед машиныхаа СД г солих гэж байгаад мөргөлдсөн. Ослоос болж миний нүд юм харахгүй. Өөрийнхөө утаснаас таарсан дугаар луу залгаж хүн дуудаад эмнэлэг явсан ” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би болон дунд охин нөхөртэйгээ гурвуулаа явж байгаад Гордокийн замд аваарт орсон. Намайг болон гурван хүүхдээ тэжээдэг гэр бүлээ авч явдаг хүн нь манай гэр бүлийн хүн байсан. Би мэргэжил боловсролгүй гурван хүүхдээ тэжээн тэтгэх чадваргүй гэртээ байдаг. Тэр үед анхны тусламж үзүүлсэн бол миний хань өнөөдөр амьд ч байх байсан юм билүү, миний хувьд маш их гомдолтой байна. Аваар осол болсноос хойш миний найман настай хүүхэд машин суухдаа айдаг, орой үдэш болохоор аавыг нэхэж бархирч уйлдаг, том эгч нь одоо арван найман настай, гурван хүүхдэд минь хэцүү байгаа.  Энэ хүнд сэтгэл байсан бол ханийг минь гэмтэлд ухаангүй долоо хонож байхад нэг удаа ч яаж байна гэж асуугаагүй. Одоо шүүх хурал дөхөөд ирэхээр ярьж байгаа юм. Тэрнээс өмнө өчнөөн сарын хугацаа байсаар байхад энэ хүн нэг ч удаа холбогдоогүй. Миний хувьд гомдолтой байна. Манай том охин 12 дугаар анги төгсөж байгаа сургуульд явна, гурван хүүхдийг минь 18 нас хүртэл нь авч явах байсан ханийг минь, амьдралыг минь үгүй хийчихлээ. Одоо би гурван хүүхэдтэй, тэр үед 5 сартай жирэмсэн байсан, одоо төрөөд саран гарантай хүүхэдтэй үлдсэн. Мөн эмчилгээний зардал, машины хохирол нийтдээ 32,000,000 төгрөгийн зардал гарсан, 11,300,000 төгрөгийн банкны зээлтэй сардаа 500,000 төлдөг, нийт 32,525,000 нэхэмжилж байгаа” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн үед манай найз ******* Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 48-8 тоотод байх манай гэрт ганцаараа ирсэн, тэгээд намайг дагуулаад бид хоёр Багахангай дүүрэг орж мал авчраад, авчирсан малаа манай хашаанд гаргаж байхдаа ******* өөрийн найз , хоёрыг өөрийг нь ирээд аваач гэж дуудсан. Тэгээд орой , хоёр 22 цагийн орчимд манай гэрт ирсэн, ирэхдээ 2.5 литрийн 2 том Нийслэл пиво авчирсныг , ******* бид гурав хувааж уусан, жолоо барина гээд уугаагүй. Тэгээд тэр гурав манай гэрт нэг хэсэг хугацаанд сууж байгаад шөнө боллоо гээд харихаар явцгаасан. Би тэр гурвыг манайхаас явсны дараа би гэртээ байж байгаад дэлгүүр орохоор улсын дугаартай Тоёота Приус автомашинаа жолоодоод явсан, манай ойролцоох дэлгүүрүүд 01 цагийн орчим хаачихсан байсан тул Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокт дэлгүүр онгорхой байж магадгүй гээд явсан. Ингээд Гордок руу явж байгаад Гордок дөнгөж өнгөрчихсөн байсан, тэгэхдээ автомашины урд нарны хаалтан дээр байдаг дискнүүдыг сольж дуу тавьж үзээд явж байгаад урагшаа нарны хаалт руу нь дискээ хавчуулах гэж байгаад замаа анхаараагүй гэнэт түс гээд явчихсан, тэрхэн зуур бол Диск хавчуулах гэж байгаад анхаарал сарниад эсрэг урсгал руу орчихсон байсан, тэгээд би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан тухайн миний нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаарлуу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан, тухайн үед таксинд явдаг зүс таних гэх залуу руу залгагдсан байсан тул би үнэн учраа хэлээд нүд юм харахгүй байна осолд орчихлоо ирээд аваач гээд тэр залуугаас гуйж Гордок дөнгөж өнгөрөөд байгаа гэдгээ хэлсэн. Ингээд би автомашиныхаа хажуугаас юм харж чадахгүй тул хөдлөлгүй ойролцоогоор 30-40 орчим минут болж байж ирээд намайг автомашиндаа суулгаад авч яваад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би тухайн үед юм харж чадахгүй байсан тул хаашаа ч явж чадахгүй нөгөө хүмүүсээ яаж байна гэж ч харах боломжгүй байсан юм. Ингээд намайг Налайхын эмнэлэг дээр аваачаад нүүрэндээ оёо тавиулж байхад араас нь автомашины хүмүүс ирж байгааг нь сонссон, тэгтэл удалгүй цагдаа ирээд надаас юм асуугаад байсан тэгээд намайг үлээлгэж үзчихээд яваад өгсөн юм. Ийм л зүйл болсон.

******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг би Тайгийн булаг авта ББСБ зээлийн үлдэгдэлтэй нь ээс худалдан авсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг өнгөрөөд би Хэнтий аймгийн Чингис хотоос өөрийн нөхөр З., охин Ариунзаяа /7 настай/ нарын хамтаар Улаанбаатар хот руу явцгаасан, тэгэхдээ аймгаас хүний дайвар махнууд ачаад явж байсан. Тэгээд 01 цаг өнгөрөөд 02 цаг дөхөж байх үед бид нар Налайх дүүргийн 5 дугаар хорооны орчимд явж байсан /газар сайн мэдэхгүй, яг хаана явж байснаа тодорхой хэлж мэдэхгүй байна/ тэгээд явж байтал манай автомашины өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн Приус маркийн автомашин гэнэт маш хурдтай гараад ирсэн, тэгээд манай нөхөр З. хүүеэ яаж байнаа гээд зүүн тал руугаа огцом дарсан боловч нөгөө автомашин их хурдтай явсан тул манай автомашины жолооч талыг мөргөөд тас хийгээд явчихсан. Тэгээд би хэсэг манараад дотор муухайраад юу болов оо гэтэл манай нөхөр З. муухан дуутай байсан, тэгээд би дотроосоо хаалгаа ноцолдож байгаад онгойлгоод эхлээд хүүхдээ автомашинаас гаргасан, дараа нь нөхрөө гаргах гээд чадаагүй, манай нөхөр автомашиндаа хавчуулагдчихсан байсан, манай автомашиныг мөргөсөн автомашин нэлээн зайтай замынхаа баруун талд осолдоод зогсчихсон байсан тэгээд зам дээр би гараа өргөж тусламж дуудаад хэсэг үл таних хүмүүс тусалж нөхрийг гаргаж өгөөд эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн юм. Тэгээд би нөгөө автомашины хүнийг яаж байгаа бол гээд хартал цаана автомашинаасаа гарчихсан согтуу байгаа бололтой гуйваад явж байгаа харагдсан, тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн юм.

            Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутад гэрчээр өгсөн мэдүүлэгтэйгээ уншиж танилцлаа, би тухайн үед баруун зүүнээ андуураад хэлчихсэн байна. Яг осол болох үед талийгаач нөхөр З. зүүн гар талруугаа биш баруун гар тал руугаа буюу замын шороон хэсэг рүү бултаж жолооны хүрдээ дарсан юм, үүнийг нь тухайн үедээ би баруун зүүнээ андуураад хэлчихсэн”, /хх-ийн 25-26, 33 дугаар хуудас/

 

            Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08-09 цагийн үед би Налайх дүүргийн 4-р хороо Нисэх 48-8 тоотод найз Д.Д дээр ирсэн. Д.Дын дүүгийнд манай мал байдаг тул идшээ хийх гээд Д.Дыг дагуулаад бид хоёр Багахангай дүүрэгрүү хамт явцгаасан, тэгээд орой 17 цагийн орчимд буцаад Д.Дын гэрт ирцгээсэн, тэгээд тэдний хашаанд ирээд авчирсан малаа хүнээр гаргуулсан. Энэ хугацаанд би өөрийн найз , нарыг Улаанбаатар хотоос намайг ирээд аваач гээд дуудчихсан, тэгээд Далай, 23 цагийн орчимд Д.Дын гэрт гын автомашинаар ирцгээсэн, ирэхдээ тэр хоёр 2 том Нийслэл пиво авчирсан, тэгээд , Д.Д бид гурав авчирсан пивонуудыг юм ярингаа ууцгаасан, ингээд 01 цаг өнгөрөөд ууж дуусаад бид нар явахаар болоод ийг архи пиво уугаагүй байсан тул автомашинаа жолоодоод , бид гурав гэртээ харихаар буцацгаасан. Бид нарыг явахад Д.Д гаргаж өгөөд хашааныхаа хаалгыг хаагаад гэртээ орсон, ингээд бид нар Улаанбаатар хотод 03 цаг өнгөрөөд орж ирээд г буулгаад намайг гэрт буулгах гээд явж байхад Д.Д над руу өөрөө эмнэлэг дээр байна, нүд юу ч харахгүй байна аваар болчихлоо гэдгээ хэлэхээр нь бид хоёр шууд Налайх руу буцаж Д.Д дээр очсон юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найз ******* над руу залгаад орой намайг Налайхаас ирээд аваач би Д.Дынд идшээ хийж байна гэж байсан, тэгэхээр нь *******ыг би орой очиж авахаар найз руу 20 цагийн утсаар яриад хамт Налайх явахаар болоод 21 цаг өнгөрөөд г би гэрт нь очиж аваад бид хоёр Налайх руу хамт хөдөлсөн, тухайн үед Налайх руу шороон замаар их удаан явдаг байсан явсаар байгаад 23 цаг өнгөрөөд очсон болов уу, би тодорхой цаг хараагүй. замдаа найз нар дээрээ очиж байгаа юм чинь гээд дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг аваад Д.Дын гэрт очсон, Д.Дын гэрт очоод . *******, Д.Д гурав гийн авчирсан 2 том пивыг хуваагаад уусан, би жолоо барьж явсан тул уугаагүй, ингээд тэд нарыг ууж дууссаны дараа би , ******* хоёрыг аваад явсан, харин Д.Д гэртээ үлдсэн. Тэгээд бид нарыг Улаанбаатар хот руу аажуухан яваад г гэрт нь буулгаад *******ыг гэрт нь буулгах гэж байтал ******* руу Д.Д залгаад осол хийчихсэн талаараа хэлсэн, тэгэхээр нь бид хоёр буцаад Налайх руу явцгаасан, тэгээд үүрээр 04-05 цагийн орчимд Налайхад ирээд шууд Д.Дын гэрт очиход эмнэлэг орсон гээд нүүр ам нь урагдчихсан оёо тавиулчихсан байсан. ******* улсын дугаартай Тоёота Приус автомашиныг би 2019 он 05 дугаар сард хүнээс худалдан авсан, тэгээд би автомашиныг худалдаж аваад л шууд өөрийнхөө хэрэглээний зээлийн барьцаанд Тайгын булаг авто ХХК-ны нэр дээр автомашинаа шилжүүлж зээл авсан юм. Ингээд 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр Д.Д бид хоёр тохиролцоод ******* улсын дугаартай Тоёота Приус автомашиныг Д.Д надаас худалдаж авсан, худалдан авахдаа 3.800.000 төгрөг Д.Даас бэлнээр авсан, үүн дээр мөн нэмээд 2019 оны 09 дүгээр сараас хойших Тайгын булаг авто ХХК-ний зээлийн үлдэгдэл 2,333,336 төгрөгийг Д.Д төлөхөөр тохиролцсон. Ингээд Д.Д уг автомашиныг худалдаад авчихсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

            Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд шиг санагдаж байна над руу залгаад та хоёр хамт Налайхад хүрээд ир Д.Дынд байна буцах гэсэн юм гэхээр нь би ийн хамтаар Налайхад Д.Дын гэрт 23 цаг 30 минутын үед очсон санагдаж байна, тэгээд би замдаа 2 том 2.5 литрийн Нийслэл пиво бариад очсон, тэгээд Д.Дын гэрт очоод *******, Д.Д бид гурав нэг пивыг нь хувааж уугаад би нойр хүрээд байхаар нь хэсэг зүүрмэглэчихсэн, энэ хооронд үлдсэн нэг пивыг Д.Д Лхагважаргап хоёр хувааж ууцгаасан, тэгээд намайг сэрээгээд ******* бид гурав Улаанбаатар хот руу 01 цаг өнгөрч байхад гарцгаасан, бид гурав явахдаа огт пиво уугаагүй тул автомашин жолоодуулаад явцгаасан. Тэгээд тэр өдрийн маргааш нь Д.Дыг аваарт орсон гэж сонссон, юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн үед байсан болов уу гэж санагдаж байна, цаг яг хэд болж байсныг хараагүй би Налайх дүүрэгт байх гэртээ унтаж байтал утас 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал "Д.Д байна намайг ирээд аваадхаач" гэхээр нь би энэ шөнө орой болсон хойно чадахгүй таныг хаана гэж очиж авах юм гэтэл "Чи ахдаа тус болоо би утсаа аваад залгатал чиний дугаар залгагдаад байна, миний нүд юм харахгүй байна" гэхээр нь би хариу хэлэлгүй утсаа тасалчихсан чинь дахиад 3 удаа залгахаар нь аргагүй эрхэнд утсаа автал "Ах нь ерөөсөө юм харахгүй байна чи ямар ч байсан хүрээд ирээч" гээд гуйгаад байхаар нь би хувцсаа өмсөөд Гордок руу явсан, тэгээд Гордок руу эргэх замаас өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин осолд орсон байдалтай замын хажууд эргэчихсэн байдалтай байсан, харин Д.Д автомашиныхаа хажуу талд машинаа түшээд зогсчихсон байхаар нь "Юу болсон юм бэ та" гээд асуутал "Ах нь ийм л юм болчихлоо, би юу ч харахгүй байна чи ахыгаа эмнэлэг рүү хүргээд өгөөч" гэхээр нь би шууд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгчихөөд би шууд гэрлүүгээ харьсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар хуудас

 

            Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би төрсөн дүү Д.Дын налайхад байдаг гэрт Улаанбаатар хотоос 2 хоногийн өмнө ирсэн. Дүүгийн хашааг барилцах гэж ирсэн.2019 оны 10-р сарын 10-ны өдөр дүү Д.Д 19 цагийн үед хашаандаа 2 ширхэг адуу гаргасан.Хоёр хүн машинд ачаад аваад явсан.Дүү тэр хүмүүстэй 20 цаг өнгөрч байхад хамт гараад явсан.Гарч явсных нь дараа дүүгийн найз гэх хүүхэн залуу хоёр гаднаас гэрт нь орж ирсэн. Д.Дыг асуухаар нь махаа зарах явсан байх гэж хэлсэн. Дүү 22 цагийн орчим гэртээ буцаж ирсэн. Тэр хоёр том пиво авч ирсэн байсан. Далгэрбатын найз эмэгтэй бас байсан. Тэр 4 пивээ хувааж уусан. Бараг 00 цаг хүртэл уусан. Тухайн пиво дуусангуут нөгөө хүмүүс нь хот руу явна гээд гэрээс гараад явсан. Дүү гаргаж өгчөөд эргээд орж ирээд гарч явна гэхээр нь би хаачих гэж байгаа юм машин тэргээ барьж явах нь уу согтуу хэрэггүй би энүүхэн ойрхон айлд очоод ирье зөрүүдлээд гараад явсан. 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн. Авч ирсэн хүнээс юу болсон талаар асуухад намайг утсаар дуудахаар нь би явж очсон. Машин тэрэг нь аймаар болчихсон өөрөө зам дээр явж байсан. Юу болсон талаараа хэлж чадахгүй байсан гэж хэлсэн. Ах Отгонбаярыг дуудаад эмнэлэг рүү бид нар авч ирсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/87 дугаар:

            “1.Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл: нойр булчирхайн няцрал, гялтангийн арын цус хуралт, Хэвлийн хөндийг нээж шалгах, чацархайн урагдал оёх, гуурс байрлуулах, зүүн хөлийн бохирлогдсон халдварлагдсан үхжилт шарх бүхий зүүн шаант ясны ил хугарлын шархыг цэгцлэх, угаах, хугарлыг эвлүүлэх гадна бэхлэгч тавих мэс заслын дараах байдал /ГССҮТ 2019.10.11/, зүүн талын богтос ясны далд зөрүүтэй хугарал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, бүсэлхийн 1,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэн ясны хугарал, бүсэлхийн 2,3-р нугалмын баруун зүүн хөндлөн сэртэн ясны хугарал, Хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Талийгаачийн цогцост тогтоогдсон дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд учирсан даруйд амь насанд аюултай.

            3.Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

            4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5.Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.

            6.Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.10.19-ны 04:40 минутанд нас баржээ.

            7.Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр В/lll/ бүлгийн цусны харъяалалтай байна.

            8.Талийгаач нь ГССҮТ-д 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тул талийгаачийн цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 68-73 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/563 дугаар:

            “1.Г.Ариунзаяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/574 дугаар:

            “1.Д.Дын биед тархи доргилт, нүүр сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5968 дугаар:

            “1. 2. Шинжилгээнд ирүүлсэн “CO4154654” гэсэн серийн дугаартай Б.Д.Дын гэх цусанд 1,2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,2 спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 91 дүгээр хуудас/

 

            Шинжээчийн 41 дүгээр:

            “1. Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар зүйл “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11-р зүйл 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна. 8795 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З. Монгол Улсын замын  хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

            2. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Д.Д /*******/ нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон 1021311 дугаартай хүчинтэй В ангилалтай жолооны үнэмлэхтэй байна. гийн // нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон В, С, Д, Е ангилалтай жолооны үнэмлэхтэй байна.

            3. Тухайн замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ үзэгдэх орчин нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй.

            4. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 97 дугаар хуудас/  

           

            Авто машин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 77-85 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд,

 зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ЗХД-ийн 11 дүгээр зүйлийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас З.Гантулгын жолоодон явсан 87-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар зорчигч болох 7 настай Г.Ариунзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, З.Гантулгын эзэмшлийн Истана маркийн 87-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.617.000 төгрөгний хохирол учруулж жолооч З.Гантулгын амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: Шүүгдэгч Д.Дынь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хоёр найз ирээд 2 пиво уучихаад шөнө 01 цагийн үед дэлгүүр орох гэж машинтайгаа гараад Гордокийн замд аваар хийсэн” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би болон дунд охин нөхөртэйгээ гурвуулаа явж байгаад Гордокийн замд аваарт орсон.” гэх,

Шүүгдэгч Д.Д нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2.5 литрийн 2 том Нийслэл пиво авчирсныг , ******* бид гурав хувааж уусан, ...Би тэр гурвыг манайхаас явсны дараа би гэртээ байж байгаад дэлгүүр орохоор улсын дугаартай Тоёота Приус автомашинаа жолоодоод явсан, манай ойролцоох дэлгүүрүүд 01 цагийн орчим хаачихсан байсан тул Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокт дэлгүүр онгорхой байж магадгүй гээд явсан. Ингээд Гордок руу явж байгаад Гордок дөнгөж өнгөрчихсөн байсан, тэгэхдээ автомашины урд нарны хаалтан дээр байдаг дискнүүдийг сольж дуу тавьж үзээд явж байгаад урагшаа нарны хаалт руу нь дискээ хавчуулах гэж байгаад замаа анхаараагүй гэнэт түс гээд явчихсан, тэрхэн зуур бол Диск хавчуулах гэж байгаад анхаарал сарниад эсрэг урсгал руу орчихсон байсан, тэгээд би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан тухайн миний нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаарлуу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “манай автомашины өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн Приус маркийн автомашин гэнэт маш хурдтай гараад ирсэн, тэгээд манай нөхөр З. хүүеэ яаж байнаа гээд ...талийгаач нөхөр З. ...баруун гар тал руугаа буюу замын шороон хэсэг рүү бултаж жолооны хүрдээ дарсан юм” гэх,

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Дын гэрт гийн автомашинаар ирцгээсэн, ирэхдээ тэр хоёр 2 том Нийслэл пиво авчирсан, тэгээд , Д.Д бид гурав авчирсан пивонуудыг юм ярингаа ууцгаасан” гэх,

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. *******, Д.Д гурав гийн авчирсан 2 том пивыг хуваагаад уусан, ...******* улсын дугаартай Тоёота Приус автомашиныг би 2019 он 05 дугаар сард хүнээс худалдан авсан, тэгээд би автомашиныг худалдаж аваад л шууд өөрийнхөө хэрэглээний зээлийн барьцаанд Тайгын булаг авто ХХК-ны нэр дээр автомашинаа шилжүүлж зээл авсан юм. Ингээд 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр Д.Д бид хоёр тохиролцоод ******* улсын дугаартай Тоёота Приус автомашиныг Д.Д надаас худалдаж авсан, худалдан авахдаа 3.800.000 төгрөг Д.Даас бэлнээр авсан, үүн дээр мөн нэмээд 2019 оны 09 дүгээр сараас хойших Тайгын булаг авто ХХК-ний зээлийн үлдэгдэл 2,333,336 төгрөгийг Д.Д төлөхөөр тохиролцсон. Ингээд Д.Д уг автомашиныг худалдаад авчихсан” гэх,

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******, Д.Д бид гурав нэг пивыг нь хувааж уугаад би нойр хүрээд байхаар нь хэсэг зүүрмэглэчихсэн, энэ хооронд үлдсэн нэг пивыг Д.Д Лхагважаргап хоёр хувааж ууцгаасан, тэгээд намайг сэрээгээд ******* бид гурав Улаанбаатар хот руу 01 цаг өнгөрч байхад гарцгаасан” гэх,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гордок руу эргэх замаас өнгөрөөд явж байтал зам дээр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин осолд орсон байдалтай замын хажууд эргэчихсэн байдалтай байсан.” гэх,

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...пиво дуусангуут нөгөө хүмүүс нь хот руу явна гээд гэрээс гараад явсан. Дүү гаргаж өгчөөд эргээд орж ирээд гарч явна гэхээр нь би хаачих гэж байгаа юм машин тэргээ барьж явах нь уу согтуу хэрэггүй би энүүхэн ойрхон айлд очоод ирье зөрүүдлээд гараад явсан. 01 цагийн үед гарч яваад 01 цаг 30 минутаас хойш гэртээ цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн..” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/87 дугаар, 08 шэ/563 дугаар, 5968 дугаар, шинжээчийн 41 дүгээр дүгнэлтүүд, Авто машин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь: Хэргийн үйл баримтаас үзэхэд ослын улмаас шүүгдэгч гэмтсэн, гар утаснаасаа хэн нэгэн рүү /Г./ тусламж хүсэж эмнэлэгт хүргэгдсэн болох нь:  шүүгдэгч Д.Дын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би хэсэг ухаан балартаад автомашин дотроо сэрсэн, тэгээд амь авраарай гэж хэсэг орилж байгаад автомашинаасаа буусан тухайн миний нүүр ам нил цус болоод нүд юм харахгүй байсан. Тэгээд утсаараа залгадаг товчлуур дээр дараад хамгийн сүүлд залгасан дугаарлуу хэд хэдэн удаа залгаж байж утсаа авсан, тухайн үед таксинд явдаг зүс таних гэх залуу руу залгагдсан байсан тул би үнэн учраа хэлээд нүд юм харахгүй байна осолд орчихлоо ирээд аваач гээд тэр залуугаас гуйж Гордок дөнгөж өнгөрөөд байгаа гэдгээ хэлсэн. Ингээд би автомашиныхаа хажуугаас юм харж чадахгүй тул хөдлөлгүй ойролцоогоор 30-40 орчим минут болж байж ирээд намайг автомашиндаа суулгаад авч яваад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би тухайн үед юм харж чадахгүй байсан тул хаашаа ч явж чадахгүй нөгөө хүмүүсээ яаж байна гэж ч харах боломжгүй байсан юм.” гэх,

            Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.Д над руу өөрөө эмнэлэг дээр байна, нүд юу ч харахгүй байна аваар болчихлоо гэдгээ хэлэхээр нь бид хоёр шууд Налайх руу буцаж Д.Д дээр очсон юм.” гэх, Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүрэгт байх гэртээ унтаж байтал утас 2-3 удаа утас дуугараад байхаар нь утсаа автал "Д.Д байна намайг ирээд аваадхаач" гэхээр нь би энэ шөнө орой болсон хойно чадахгүй таныг хаана гэж очиж авах юм гэтэл "Чи ахдаа тус болоо би утсаа аваад залгатал чиний дугаар залгагдаад байна, миний нүд юм харахгүй байна" гэхээр нь би хариу хэлэлгүй утсаа тасалчихсан чинь дахиад 3 удаа залгахаар нь аргагүй эрхэнд утсаа автал "Ах нь ерөөсөө юм харахгүй байна чи ямар ч байсан хүрээд ирээч" гээд гуйгаад байхаар нь би хувцсаа өмсөөд Гордок руу явсан, Д.Д автомашиныхаа хажуу талд машинаа түшээд зогсчихсон байхаар нь "Юу болсон юм бэ та" гээд асуутал "Ах нь ийм л юм болчихлоо, би юу ч харахгүй байна чи ахыгаа эмнэлэг рүү хүргээд өгөөч" гэхээр нь би шууд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж өгчихөөд би шууд гэрлүүгээ харьсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлгүүд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/574 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн газрыг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, хохирогчид тусламж үзүүлэхгүй байх зорилготойгоор зугатсан гэж шүүх дүгнэх үндэслэлгүй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Дад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Д.Дад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 32,525,770 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад эм тарианы үнэ 1090019 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн бараа 35850 төгрөг, 121,000 төгрөг, 57,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 490,781 төгрөг, оршуулгын зардал 3,379,079 төгрөг, шатахуун 155,000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд төлсөн 60,000 төгрөг, хот хоорондын тасалбар 32,600 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 178,000 төгрөг, машины үнэлгээ 6,617,000 төгрөг буюу нийт 12,216,329 төгрөгийг Иргэний хуулийн 497, 499, 508  дугаар зүйлүүдэд заасан хохирол гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

            Харин өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг нь иргэд хуульчдийн хоорондын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр бий болж сайн дурын үндсэн дээр төлбөрөө тохирдог зардал учраас гэмт хэргийн учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, банкны зээл 11 299 690 төгрөгийн зарцуулалтыг талийгаач өөрийн гэр бүлдээ зарцуулсан , банкны зээлийг шүүгдэгч төлөх үүрэг хүлээгээгүй,  6 509 751  төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн зэрэг нийт 20 309 441 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх талуудын шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгчид хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

   

    Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцааж олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 , 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даас 12,216,329 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас  20,309,441 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 02376371 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Д.Дад буцаан олгосугай.    

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД