| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01205/и |
| Дугаар | 151/ШШ2017/00047 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2017/00047
| 2017 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00047 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01136/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1963 оны 2 сарын 10-нд төрсөн, Сэргэлэн сум 2-р баг Гондромт гэх газар оршин суух, Сартуул овогт Баасангын Лавдансүрэн /РД:АП63021061/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Лавдансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лавдансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие 1963 онд Архангайн Чулуут суманд төрж, тус суманд бага дунд сургууль төгссөн. 1989 оны 6 сарын 13 өдрөөс 1990 оны 2 сарын 16 өдрийг хүртэл барилгачин, талхны цехийн ажилчин, мухлагын худалдагч зэрэг ажлуудыг хийж 5,8 жил ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхэд хандаж байна. 2016 оны 10 сард шүүхэд хандаж жнихэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгосон. Энэ үед ажилласан жил тогтоолгохыг ойлгохгүй өөрийн буруугаас болж дахин шүүхэд хандаж байна. Миний анх ажилд орсон тушаал, мөн дотроо өөр ажилд шилжсэн, амралт авсан, хүүхэд асрах чөлөө авсан тушаалууд нэгдэлд жолоочоор ажиллаж байсан Д.Эрдэнэбат, буудалд ажиллаж байсан Я.Дашбалжид нарыг гэрчээр асууж миний Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд талхчин, барилгачин, буудлын үйлчлэгч, худалдагч ажилласан 5 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баасангийн Лавдансүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 06 сарын 13-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл талхчин, 1989 оны 11 дүгээр сарын 16-наас 1990 оны 02 сарын 16 өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Б.Лавдансүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 6 сарын 13-ны өдрөөс 1990 оны 2 сарын 16 өдрийг хүртэл талхчин, барилгачин, буудлын үйлчлэгч, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Баасангын Лавдансүрэн нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 6 сарын 13-ны өдрөөс 1990 оны 2 сарын 16 өдрийг хүртэл талхчин, барилгачин, буудлын үйлчлэгч, худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь дарах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн даргын 1984 оны 06 сарын 13-ны өдрийн ажилчид томилох тухай “...Сумын төвд ажил эрхлээгүй байсан ...В.Лавдан...нарыг 6 сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдлийн барилгын хэсэгт барилгачинаар томилсугай...” гэх бичилттэй 49 дугаартай тушаал /хх-4/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01 өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Нэгдлийн талхны азрын талхчин Б.Лавдансүрэнгийн ээлжийн амралтыг 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 18 өдрөөр олгосугай...” гэх бичилттэй 151 дугаартай тушаал /хх-5/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 03 сарын 31 өдрийн зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...нэгдлийн мухлагын худалдагчаар Лавдансүрэнг...нарыг 1989 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай” гэх бичилттэй 12 дугаартай тушаал /хх-6/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 25 өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай “...Шинэ-Амьдрал нэгдэлд мухлагын худалдагч ажилтай Б.Лавдансүрэнд 1989 оны 11 сарын 16-ны өдрөөс 1990 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэл...хүүхдээ өсгөж бойжуулахад нь зориулж 3 сарын цалинтай чөлөө олгосугай...” гэх бичилттэй 57 дугаартай тушаал /хх-7/, гэрч Д.Эрдэнэбатын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-/8, гэрч Я.Дашбалжидын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-11/, гэрч Д.Эрдэнэбатын “...Б.Лавдансүрэн нь 1984 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-амьдрал нэгдлийн барилгын бригадад засал чимэглэлчингээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Б.Баасансүрэнгийн “...Б.Лавдансүрэн нь 1984 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-амьдрал нэгдэлд барилга болон талхны цехэд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-25/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 02 сарын 01 өдрийн ээлжийн амралт олгох тухай “...тушаалын хавсралтын 109-д Б.Лавдансүрэн...” гэх бичилттэй 5 дугаартай тушаал /хх-28-30/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 26 өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай “...Лавдансүрэнд БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 159 дүгээр зүйлийг баримтлан 1983 оны 6 сарын 29-ний өдрөөс 1988 оны 9 сарын 29-ний өдөр хүртэлх хүүхдээ өсгөн бойжуулахад нь зориулан 3 сарын чөлөө олгосугай...” гэх бичилттэй 83 дугаартай тушаал /хх-31/, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 24 өдрийн ээлжийн амралт олгох тухай “...тушаалын хавсралтын 63-д Б.Лавдансүрэн...” гэх бичилттэй 5 дугаартай тушаал /хх-32/ зэрэг болно.
Иймд Б.Лавдансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Баасангын Лавдансүрэнийг нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 06 сарын 13-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар, 1985 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл талхчин, 1989 оны 11 дүгээр сарын 16-наас 1990 оны 02 сарын 16 өдрийг хүртэл худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ