Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 568

 

 

 

 

 

 

 

      2020           06           09                                         2020/ШЦТ/568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч: А.Баясгалан,

шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт А-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 1905040000000 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч хүргэн ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн замын эсрэг талын айлын хашаанд оршин суудаг гэх гэх,

            -Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, сз90000000 регистрийн дугаартай, М овогт А-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Яллагдагч А.Б нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 03-с 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гийн гар цүнхийг илээр хүч, хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 308.470 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 44 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос” зочид буудлын нэг давхарт иргэн Д.Аын өмчлөлийн Эл-Жи Жи-4 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй бааранд иргэн Д.Уын Самсунг Галакси Эс-8 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч, залилан мэхэлж авсны улмаас 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд А.Б нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 03-с 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гийн гар цүнхийг илээр хүч, хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 308.470 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 44 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос” зочид буудлын нэг давхарт иргэн Д.Аын өмчлөлийн Эл-Жи Жи-4 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй бааранд иргэн Д.Уын Самсунг Галакси Эс-8 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч, залилан мэхэлж авсны улмаас 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 18-21 тал/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос” нэртэй зочид буудалд 13 цагийн үед үл таних эрэгтэй хүн орж ирээд “…би цагдаагийн байгууллагад Хэнтий аймагт ажилладаг хүн байна. Амралтаараа ирсэн  гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаад 19 цагийн орчимд орж ирээд эхнэрээ хүлээж байгаа  гээд янз бүрийн юм яриад миний гарыг бариад тавихгүй байсан. Тэгснээ намайг гэнэт түлхэж унагаагаад ширээний ард байсан буйдан руу түлхээд миний цамцны зүүн талын халаасыг тэмтэрч үзээд тэгээд намайг босгосноо угаалгын өрөө рүү чирч орох гэж түлхэж ноцолдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд болиулсан. Тэгээд ширээн дээрээ ирээд миний гар утас руу манай хүү Ариунболд залгаж байхаар нь аваад ярьж байхад дахин намайг чирч угаалгын өрөө рүү оруулж миний гар утсыг шууд булааж миний зүүн талын хацар руу алгадаад тэгээд гарч зугтаах замдаа ширээн дээр байсан эд зүйлүүдийг үзээд намайг түлхээд зугтаасан. Миний гар утсыг авсан хүнийг эргээд харвал танина. Миний гар утсыг авсан хүн 24-25 орчим насны шар царайтай, хөх куртиктэй байсан. Би гар утсаа 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед намайг нэг удаа алгадсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна. Би сэтгэлийн айдастай, дарамттай болж байгаа…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн “LG G-4” загварын гар утсыг 80.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан хх-ийн 31-33 тал/,

 

Сэжигтэн А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би “Хос” гэх нэртэй зочид буудалд 12 дугаар сарын эхээр үйлчлүүлж байсан. Тухайн буудлын ресепшн эгчтэй яриа өдөж байгаад гар утсын авч зугтаасан. Тэгээд зугтааж явж байхдаа хашаа давж байгаад өөрийн түрийвч, тэр эгчээс авсан гар утсыг унагаачихсан байсан. Маргааш нь өөрийн түрийвч, гар утсыг хайгаад олоогүй. Би тухайн буудлын ресепшн эгчид хүч хэрэглээгүй, зүгээр гар утсын аваад зугтаасан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед хөх өнгийн куртиктэй, хөх өнгийн өмдтэй, хүрэн өнгийн гуталтай явж байсан. Би “Хос” нэртэй зочид буудалд орохдоо үйлчилгээний мөнгө төлсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Тухайн хүний хохирлыг барагдуулах болно. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа…” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 63-67 тал/,

 

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Өмгөөлөгч авахгүй. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Сарнайтай уулзаад хамт согтууруулах ундааны зүйл уусан. Бааранд найз Сарнайтай хамт ороод согтууруулах ундааны зүйл ууж байгаад 2 залуутай танилцсан. Бид хэд хамт пиво уусан. Би нэлээн согтчихсон байсан. Манай найз Сарнай нэг залуутай нь маргалдаад байсан. Тэр залуу миний цүнхийг татаад авах гээд байхаар нь би цүнхээ татахад цүнхний оосор тасраад тэр залуу миний цүнхийг аваад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр очсон. Би алдсан гар утсаа болон Голомт, Хаан банкны картуудаа олоод авчуул надад гомдол санал байхгүй байна. Би цүнхээ үнэлүүлэхгүй, Алдагдсан картаас мөнгөний зарлага гарсан зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 тал/,

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Бат-Эрдэнэ манайд ирээд бид хоёр кино үзэж сууж байгаад 19 цагийн орчимд гэрээсээ гараад 3, 4-р хороололд байрлах караокед орж 2, 2 пиво уугаад тэндээсээ гараад бааранд ороод хоёр эмэгтэй танилцаад хамт ууж байгаад би хохирогч гэх эмэгтэйн найзтай маргалдсан. Юунаас болоод маргалдсан талаар сайн санахгүй байна. Би найзтай маргалдчихаад маргалдсанаа юм уу, согтуудаа юм уу тэр эмэгтэйн цүнхийг аваад явсан. Цүнхэн дотор нь  Самсунг Жи-7 загварын гар утас, Голомт банкны карт байсан. Би цүнхийг нь хаясан. Гар утсыг нь 3,4 дүгээр хороололд байх Топ нэртэй ломбардад найз Бат-Өлзийгийн бичиг баримтаар 120.000 төгрөгөөр тавьсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-77 тал/,

 

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагт би найз Бийн хамт 100 айлд байрлах Смале нэртэй бааранд орсон. Тэгээд 22 цагийн орчимд би бааранд байсан 2 эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэр хоёртой хамт бүгдээрээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 17 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд байрлах Дуулга нэртэй бааранд ороод 500 граммын шилтэй 5 пиво авч уусан. Дараа нь хэсэг бүжиглээд 02 цагийн орчимд баарнаас бид нар гараад Б Сарнай 2 маргалдаад хэрэлдсэн. Тэгээд манай найз Б, Ганчимэг гэх эмэгтэйн цүнхнээс зуурч татсаар байгаад оосрыг нь таслаад дараа нь Сарнайтай булаалцалдаад цүнхний оосрыг таслаад цүнхийг нь Б аваад гүйгээд цаашаагаа зугтаагаад явсан. Би араас нь Ганчимэг гэх эмэгтэйтэй хамт гүйгээд олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 79-85 тал/,

 

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Бат-Эрдэнэ манайд ирээд бид хоёр кино үзэж сууж байгаад 19 цагийн орчимд гэрээсээ гараад 3, 4-р хороололд байрлах караокед орж 2, 2 пиво уугаад тэндээсээ гараад бааранд ороод хоёр эмэгтэй танилцаад хамт ууж байгаад би хохирогч гэх эмэгтэйн найзтай маргалдсан. Юунаас болоод маргалдсан талаар сайн санахгүй байна. Би найзтай маргалдчихаад маргалдсанаа юм уу, согтуудаа юм уу тэр эмэгтэйн цүнхийг аваад явсан. Цүнхэн дотор нь Самсунг Жи-7 загварын гар утас, Голомт банкны карт байсан. Би цүнхийг нь хаясан. Гар утсыг нь 3,4 дүгээр хороололд байх Топ нэртэй ломбардад найз Бат-Өлзийгийн бичиг баримтаар 120.000 төгрөгөөр тавьсан. Тэр гар утасны кодыг 30.000 төгрөгөөр гаргуулаад 120.000 төгрөгөөр тавиад тэр мөнгөө ойр зуурын хэрэгцээндээ зарцуулаад үрээд дуусгасан. Бат-Өлзий тэгээд өөрийнхөө ажлаа хөөцөлдөөд явсан ба надаас ямар нэгэн мөнгө аваагүй. Тухайн үед пиво уугаад нэлээн согтсон байсан учраас ийм зүйл хийсэн. Энэ хэрэгт Бат-Эрдэнийн оролцоо байхгүй, би цүнхийг нь аваад ганцаараа зугтаасан. Надад иргэний үнэмлэх байхгүй учраас Бат-Өлзийд дүүгийн гар утас гэж худлаа хэлээд бичиг баримтаар нь гар утсыг ломбардад тавьсан. Одоо Бат-Өлзийг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан. Өөр нэмж ярих зүйлгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,

 

Хохирогч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд Сансарын “Банана” нэртэй бааранд найз Т.Б, Ууганцэцэг, Одгэрэл, Б нарын хамтаар орсон. Тэгээд бид нар 5 нийлээд 0.75 литр хар Чингис архи уусан тэгээд Б гэдэг залуу нэг хүнтэй утсаар яриад өгье гээд надтай хамт ариун цэврийн өрөө ороод миний гар утсыг аваад ярьсан. Тэр үед би Одгэрэлтэй юм яриад байж байсан тэгээд 5-10 минутын дараа нөгөө Т.Б орж ирээд жижиг шар царайтай миний гар утсыг авсан Б алга болчихлоо гэсэн тэгээд би шар Бийг хайгаад олоогүй. Би маргааш өглөө болтол ярихыг нь хүлээгээд хариу өгөхгүй утсаа таслаад байсан. Уг гар утсыг 2019 оны 9 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймаг Зүүн-Хараа сумаас 500.000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас Самсунг Галакси Эс-8 загварын улаан өнгөтэй гар утас байсан. Би Б гэх хүнийг сайн мэдэхгүй, манай найз Т.Б танилцуулсан. Би гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136 тал/,

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцаад удаагүй Б гэгчтэй хамт явж байгаад Бийн найзуудтай нь Баянзүрх дүүргийн хажууд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй бааранд уулзаад танилцсан. Тэнд Бийн найз гээд 2 охин байсан юм. Ингээд бид 4 баарнаас гараад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд тэр бааранд Бийн найз гэх нэг залуутай тааралдаад хамт сууж байгаад нэг цаг орчим болсон. Тэгээд нөгөө баарнаасаа гараад Моника нэртэй бааранд орсон. Тус бааранд ороод тоог нь мэдэхгүй байна нилээн хэдэн пиво аваад уугаад суусан. Тэгээд бид нар Моника баарнаас гараад Банана нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Банана гэх нэртэй бааранд ороод удалгүй +25 нэртэй бааранд тааралдсан Бийн найзынх нь гар утсыг хүнтэй ярьчхаад ороод ирье гэж хэлээд аваад гарсан. Тэгээд тэндээсээ гэр рүүгээ харьсан. Маргааш нь нөгөө гар утсыг нь хорооллын тэнд байрлах гар утасны завсар дээр очиж кодыг нь 30.000 төгрөгөөр гаргуулаад хороололд байрлах нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газарт 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би Самсунг Эс-8 загварын ягаан өнгийн хар өнгийн кейстэй гар утас авсан санагдаж байна. Гар утсыг барьцаанд тавиад авсан мөнгөөрөө ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан. Гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 140-141тал/,

 

Яллагдагч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө…” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146, 150-151 тал/,

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 159-161 тал/,

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 163-164 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүгдэгч А.Б “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, гэм буруугийн талаар маргахгүй”  гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “үйлчлүүлэгчийнхээ гэм буруу дээр маргахгүй, ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж  тус тус тайлбар, мэдүүлэг өгч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Г.Гийн гар цүнхийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 308.470 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч Д.Аын өмчлөлийн ЛЖи Жи-4 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч А.Уын Самсунг Галакси Эс-8 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч, залилан мэхэлж авсны улмаас 464.000 төгрөгийн хохирол учруулсан болох хохирогч нарын болон шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Б нар гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Бийн  2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гийн гар цүнхийг илээр хүч, хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 308.470 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 44 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос” зочид буудлын нэг давхарт иргэн Д.Аын өмчлөлийн Эл-Жи Жи-4 загварын гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” нэртэй бааранд иргэн Д.Уын Самсунг Галакси Эс-8 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч, залилан мэхэлж авсны улмаас 464.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” дээрэмдэх гэмт хэргийн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А. Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх болон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Д.Ат гэмт хэргийн улмаас 80.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй, хохирогч Г.Гт гэмт хэргийн улмаас 28.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй, хохирогч А.Ут гэмт хэргийн улмаас 464.000 төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бөөс 572.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ат 80.000 төгрөг, хохирогч Г.Гт 28.000 төгрөг, хохирогч А.Ут 464.000 төгрөгийн хохирол төлбөрийг олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” дээрэмдэх гэмт хэргийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч А.Бөд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Б нь эдэлж байсан хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолд заасан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих  ялыг түүний эдлэх ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт 1911026110152, 1906061800617 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхийн СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргахаар тогтсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт А-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав / жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сар хорих ялыг болон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолд заасан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих  ялыг    нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 16 хоногийн  хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн  цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан 3 жил 8 сар 16 хоногийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт 1911000000000, 19000000000 дугаартай хэргийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөөс нийт 572.000 /таван далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ат 80.000 /наян мянга/ төгрөг, Г.Гт 28.000 /хорин найман мянга/ төгрөг, А.Ут 464.000 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ