| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01228/и |
| Дугаар | 151/ШШ2017/00059 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 151/ШШ2017/00059
2017 оны 01 сарын 17 өдөр Дугаар 151/ШШ2017/00059 Төв аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багт байрлах “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: 1984 оны 03 дугаар сарын 02 өдөр төрсөн, Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, 20 дугаар байрны 3-30 тоотод оршин суух, Боржигон овогт Бадарчийн Баасансүрэн /РД:НИ84030241/-д холбогдох,
650 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Б.Баасансүрэн, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дуламжав нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Бид хоорондоо эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэв.
Хариуцагч Б.Баасансүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Би өөрийн сайн дурын үндсэн дээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэв.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“Хариуцагч Б.Баасансүрэн миний бие нь “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-иас авсан U6 маркийн гар утасны үнэ болох 390 000 төгрөгийг бэлнээр 390 000 төгрөгийг төлсөн болно. Мөн салбарын алдангид нэхэмжилсэн 253 500 төгрөгийн 50 хувь болох 126 750 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 1 080 төгрөг, нийт 136 830 төгрөгийг 2017 оны 01 сарын 25-ны дотор төлж барагуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дуламжав нь хариуцагч Б.Баасансүрэнгээс нэхэмжилсэн 650 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг шүүх хуралдаан дээр 126 750 төгрөгөөр багасгаж, 126 750 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 01 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 162 төгрөгийн 50 хувь болох 10 081 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, хариуцагч Б.Баасансүрэнгээс 523 750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжын 50 хувь болох 16 362 төгрөгийн 50 хувь болох 8 181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баасансүрэнд холбогдох иргэний хэргийн зохигчид 126 750 төгрөгийг 2017 оны 01 сарын 25 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 162 төгрөгийн 50 хувь болох 10 081 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, хариуцагч Б.Баасансүрэнгээс 523 750 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжын 50 хувь болох 16 362 төгрөгийн 50 хувь болох 8 181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн Төв аймаг дахь салбар “Цээл сүмбэр” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ