Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Б.О,

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Х.Эд холбогдох эрүүгийн 2007001*******0077 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын  24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн  дугаартай, ******* овогт Х.Э.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо *******-1-2 тоотод 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч болох Б.Отэй маргалдан улмаар үснээс нь зулгаан газраар чирч биед нь тархи доргилт, үс уналт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Эхнэртэй маргалдсан. Тэгээд би “Өөр хүнтэй болсон юм уу?” гэхэд “Тийм. Өөр хүнтэй болсон яв” гэхээр би утсыг нь эвдэж, үсийг нь зулгаасан.” гэв.

 

            Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн хэлтэс дээр очоод нөхрөө эрүүлжүүлэгдсэн мөнгөө өг, хэрүүлгүй салъя гэж хэлэхэд агсарч миний үснээс зулгааж чирсэн. Намайг өөр хүнтэй болсон юм уу? гэхэд би “өөр хүнтэй болсон” гэж хэлсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Х.Э гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай эхнэр Б.О нь 2 хоног гэртээ ирээгүй сураггүй архи уугаад алга болчихсон байсан юм. 2020 оны 03-р сарын 18-ны өдөр гэртээ ирсэн юм. тэр үед найз Октябрь нь төрсөн өдрийг цэргийн баяртай хамт тэмдэглэчихье гээд дуудахаар нь хамт орой 21 цагийн үед очсон юм. тэгээд тэнд 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж ууж байгаад эхнэр Б.О нь надаас сална би өөр хүнтэй болсон гээд надад утсан дээрээ зураг хүртэл харуулсан. Тэр үед урьд өдөр нь гадуур тэнэж яваад ирсэн учраас би хардаад хэрүүл хийж эхэлсэн юм. Тэгтэл тэр гэр орноо аваад зайл, хүүхдээ аваад зайл гээд л зураг үзүүлэхээр нь уурлаад барьж байсан утсыг нь аваад шидээд дэвсээд эвдэлсэн. Тэгтэл цагдаа дуудаад би эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь өөр эрүүлжүүлэхээс гараад 2-р хорооны байцаагч торгуулийн мөнгөгүй гээд торгуулийн мөнгө олж ир гээд явуулсан найз Октябрь дээр очиход архи уугаад сууж байсан. Тэрнээс 1 хундага уусан тэгтэл араас эхнэр Б.О нь орж ирээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд надаас сална  тэр торгуулийн мөнгөө өг гэхээр нь би уурлаад үснээс зулгаасан найз Октябрь салгаад эхнэр цагдаа дуудчихсан байсан “гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 03-р сарын 18-ны өдөр орой 21 цагийн үед найз Октябрь нь цэргийн баяр, төрсөн өдрийг чинь хамт тэмдэглэе гэж хэлээд дуудахаар нь нөхөр Х.Эын хамт Октябрийн гэр болох *******-1-2 тоотод очсон. Тэнд очоод 0,75 граммын Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Би тэр архинаас 2 хундага л уусан. Тэгээд архи ууж байгаад нөхөр Х.Э нь намайг гэнэт л хардаад чи хүнтэй явалддаг янхан банзал гээд байхаар нь би гар утсан дээрээ хоёр найзтайгаа авахуулсан зургаа үзүүлээд тийн би хүнтэй явалдсын гээд уурандаа хэлчихсэн чинь миний утсыг булааж аваад дундуур нь хугалаад шидээд дэвсээд эвдэлсэн. Тэр үед миний толгой руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би найзых нь утсаар цагдаад дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн. Тэгээд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад явчихсан байсан 2-р хорооны цагдаа дуудаад нөхөр чинь эрүүлжүүлэхийн өр төлбөр төлөөгүй төлбөрөө яаж ийж байгаад төл гээд хэлээд өгөөч гэхээр нь хайж байгаад Октябрийн гэрт өдөр 13-14 цагийн үед очиход тэнд архи уучихсан сууж байхаар нь чи тэр эрүүлжүүлэгдсэн төлбөрөө төл тэгээд хоёулаа хэл амгүй салъя гэхэд гэнэт агсраад өөдөөс уурлаж босож ирээд үснээс зулгаагаад газар чирээд байхаар нь би өөдөөс нь хөлөөрөө тийчлээд салгасан. Тэр үед мөн найз нь салгасан тэгэхээр нь зугтааж гараад цагдаа дуудаж эрүүлжүүлэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/197 дугаар:

            “1. Б.Огийн биед тархи доргилт, үс уналт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Аюулын зэргийн үнэлгээ, /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 54-62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо *******-1-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамтран амьдрагч Б.Отэй маргалдаж улмаар үснээс нь зулгаан газраар чирч биед нь тархи доргилт, үс уналт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Эхнэртэй маргалдсан. Тэгээд би “Өөр хүнтэй болсон юм уу?” гэхэд “Тийм. Өөр хүнтэй болсон яв” гэхээр би утсыг нь эвдэж, үсийг нь зулгаасан.” гэх,

хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн хэлтэс дээр очоод нөхрөө эрүүлжүүлэгдсэн мөнгөө өг, хэрүүлгүй салъя гэж хэлэхэд агсарч миний үснээс зулгааж чирсэн. Намайг өөр хүнтэй болсон юм уу? гэхэд би “өөр хүнтэй болсон” гэж хэлсэн” гэх,

шүүгдэгч Х.Э гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “найз Октябрь дээр очиход архи уугаад сууж байсан. Тэрнээс 1 хундага уусан тэгтэл араас эхнэр Б.О нь орж ирээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд надаас сална  тэр торгуулийн мөнгөө өг гэхээр нь би уурлаад үснээс зулгаасан” гэх,

хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Октябрийн гэрт өдөр 13-14 цагийн үед очиход тэнд архи уучихсан сууж байхаар нь чи тэр эрүүлжүүлэгдсэн төлбөрөө төл, тэгээд хоёулаа хэл амгүй салъя гэхэд гэнэт агсраад өөдөөс уурлаж босож ирээд үснээс зулгаагаад газар чирээд байхаар нь би өөдөөс нь хөлөөрөө тийчлээд салгасан.” гэх мэдүүлгүүд,            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/197 дугаартай дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий  болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч өөрийн эхнэрийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Эд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 хэсэг болж болж бөөгнөрсөн үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Х.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хэсэг болж бөөгнөрсөн үсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД