Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2017/00060

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 17 өдөр                   Дугаар 151/ШШ2017/00060                                            Төв аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах Хас банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч: 1985 оны 11 дүгээр сарын 17 өдөр төрсөн, Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 0 тоотод оршин суух, Боржигин овогт Болоожийн Нармандах /РД:НС85111765/,

хариуцагч: 1991 оны 04 дүгээр сарын 26 өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 8-61 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэчулууны Уянга /РД:УЗ91042621/ нарт холбогдох,

зээлийн төлбөрт 3.115.497,07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан, хариуцагч Б.Нармандах, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...хамтран зээлдэгч Э.Уянгыг хариуцагчаас чөлөөлөхийг зөвшөөрч байна. Хариуцагч Б.Нармандах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх боломжтой...” гэв.

 

Хариуцагч Б.Нармандах нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Э.Уянга нь миний зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болохоор хариуцагчаар оролцуулах шаардлагагүй. Хасуулах саналтай байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоо яг эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас төлөх боломжгүй байна. Хүнд ажил захисан байгаа, ажилд орвол төлнө...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан нь хариуцагч Э.Уянгаас зээлийн төлбөрийг гаргуулахгүйгээр хариуцагч Б.Нармандахаас зээлийн төлбөрийг гаргуулна гэж Э.Уянгыг хамтран хариуцагчаар татсанаасаа татгалзаж байна.

Иргэний Хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Э.Уянгыг хариуцагчаас чөлөөлж, Б.Нармандахаас зээлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан нь хариуцагч Б.Нармандахтай шүүх хуралдаан дээр тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 3.115.497,07 төгрөгийн хэмжээнд эвлэрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 106 дугаар зүйлийн 106.5-д “...бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 798 төгрөгийн 50 хувь болох 32 399 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, 32 399 төгрөгийг хариуцагч Б.Нармандахаас гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нармандах, Э.Уянга нарт холбогдох иргэний хэргийн зохигчид зээлийн төлбөр 3.115.497,07 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 798 төгрөгийн 50 хувь болох 32 399 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, 32 399 төгрөгийг хариуцагч Б.Нармандахаас гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.МӨНХЦЭЦЭГ