Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч М.М,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Мд холбогдох эрүүгийн 2007001290078 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “*******” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт Т.М.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.М нь *******,******* тоотод байхдаа 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр URUG.MN мэдээллийн сайтад өгсөн “Франц улсын иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон” гэсэн ярилцлагын сэтгэгдэлд ******* Т.М гэх Фэйсбүүк хаягнаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны орой “Өөрөө янхан юм байна шдээ энэ цагдаа хүүхэн чинь” гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мийн нэр төр, алдар хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд цахим сүлжээ Фэйсбүүкээр тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Постон доор л сэтгэгдэл бичсэн. Тухайн үедээ архи уусан байдлаасаа болоод болчимгүй үйлдэл гаргасан. Энэ хэрэгтээ маш их харамсаж мөн уучлал хүсэж байна. Өөрөөсөө маш их ичиж байна. хохирогчид хандаж уучлаарай гэж хэлэхийг хүсэж байна. ” гэв.

 

            Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Төрийн алба хаагчид удирдлагын өгсөн үүргийн дагуу цахим хэрэгслээр мэдээлэл хийх эрх, үүрэгтэй байдаг. Харин иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх орон зайдаа бусдын нэр хүнд, алдар хүндэд халдаж байгаад их харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Төрийн албан хаагч нотлох баримт дээр тулгуурлан үндэслэлтэй мэдээллийг ярьж байхад хувь хүн өөрт таалагдахгүй байгаа өнцгөөс хандаж зүй зохисгүй үг хэллэг хэрэглэж бусдыг доромжилж байгаад маш их гомдолтой байна. Учир нь миний бие ахмад цолтой төрийн албан хаагч боловч надад хувийн амьдрал, хувийн орон зай үр хүүхэд, эцэг, эх гэж байгаа. Эдгээр хүмүүст миний бусдад муу муухайгаар хэлүүлж байгаа байдал ямар санагдсан бол, яаж хүлээж авсан бол гэдэгт би дотоод сэтгэлдээ их гэмшиж харамсаж байна. Т.Мийн ярьж байгаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ постыг уншаагүй сэтгэгдэл бичсэн гэж хэллээ. Гэтэл та миний хийсэн мэдээллийг уншсан байна, учир нь хоёр биеэ үнэлэгч байгаагүй гэдгийг мэдсэний үндсэн дээр М.М миний биеийг янхан гэж доромжилсон, цагдаа гэж тодотгон бичиж цагдаагийн байгууллагын нэр төрд халдсан. Мөн шүүх хуралдаан эхлэхийн өмнө та дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг гэж хэлсэн. Ийм хүн Монгол улсад ямар хууль дүрэм үйлчилдэг, түүнийг хэн яаж хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? гэдгийг ойлгохоор ухамсартай байх болов уу гэж бодож байна.” гэв.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би янхан гэдгийг биеэ үнэлэгч гэдгийг мэддэг тухайн үедээ бага зэрэг халамцуу байдлаасаа болоод юм бодоод биччихсэн юм. Франц иргэн нь хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон гэсэн мэдээллийг нь уншаад янхан гэдэг үг хэрэглээд биччихсэн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дугаар хуудас/

 

            Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би энэ хүнд ямар нэгэн байдлаар ч гэм хор учруулж байгаагүй, энэ хүнийг ч энэ хүн намайг ч огт таньж мэдэхгүй атлаа намайг янхан гэж муухай гутаан доромжилсон үгээр олон нийтийн сүлжээгээр доромжилсон үүнийг нь хүмүүс скриншот хийгээд буюу зургийг нь аваад хүмүүс хошигнож доромжилсон мэдээллийг нь фейсбүүкээр тараасан. Үүнийг нь манай нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөд бүгд л шахуу харцгаасан байсан, энэ миний нэр хүндэд ноцтойгоор халдсан байна гэж үзэж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

            гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед би маш олон мэдээллийн сайтуудад цахим сүлжээнд яваад байгаа Франц улсын иргэнтэй холбоотойгоор залруулга мэдээлэл хийсэн, ямар залруулга хийсэн бэ гэхээр сошиал орчин фейсбүүкээр “Франц улсын иргэн хоёр биеэ үнэлэгч авсан байна” гэсэн хандалт авах зорилготой худал мэдээлэл пост, коммент буюу сэтгэгдлүүд ихээр явж байсан тул тухайн гадаад улсын иргэний нэр төр, хоёр улсын харилцаатай холбоотой тул албан үүргийн дагуу залруулга мэдээлэл ярилцлага өгсөн. Уг мэдээлэл URUG.MN сайтад “Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон” гэх гарчигтай, миний ярилцлага өгч байгаа зурагтай мэдээлэл фейсбүүк дээр тавигдсан  байсны доод талын сэтгэгдэл хэсэгт “******* Т.М” гэх фейсбүүк хэрэглэгч “Өөрөө янхан юм байна шдээ энэ цагдаа хүүхэн чинь” гэж бичсэн байсан, үүнийг нь AURORA UURIINTUYA гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгч “Гурвыг авсан байна” гэж бичээд маш олон сөрөг комментууд бичигдэж, маш олон фейсбүүк хэрэглэгчид үзэж, шейр буюу түгээлт хийж олон хандалт авсан байсан. үүний дагуу би Цагдаагийн ерөнхий газрын захиргааны удирдлагын даргад хандаж өргөдөл гаргасан юм. дээрхи намайг доромжилж  биеэ үнэлэгч мэтээр бичиж миний нэр хүндэд халдсан коммент, постууд нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөө тавигдчихсан сошиал орчинд маш олон хандалд авсан байсан, тэгээд уг коммент, пост бичсэн хүмүүс нь мэдээллээ устгасан байсан хэдий дээрхи пост, комментуудыг нь фейсбүүк хэрэглэгч нар скриншот буюу зургийг нь дарж хадгалаад фейсбүүкээр явсаар байгаа нь миний нэр хүндэд халдсан үйлдэл нь зогсоогдохгүй байгаа юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сард цагаан сарын дараахан шиг санагдаж байна манай найз М.Мийг Өрөг,мн сайтад өгсөн байсан ярилцлагын доод талд нь манай найзыг Т.М гэх нэртэй фейсбүүктэй хүн “Өөрөө янхан юм байна шдээ цагдаа хүүхэн чинь” гээд тодотгоод доромжлоод биччихсэн байсан, тэгээд энэ коммент бичсэн мэдээллээ шейрлээд олон хүнтэй фейсбүүк группүүдээр тавьчихсан байсан үүнийг нь хүмүүс үзээд М.Мийг зарим нь доромжилсон, зарим нь өмөөрсөн байдалтай янзан бүрийн эерэг сөрөг комментууд бичигдсэн байсан, үүнийг нь найз М.Мдээ тухайн үед нь утастаж хэлсэн. Тэгээд тэр мэдээлэл фейсбүүкээр бараг 10 орчим хоног явж байгаад устгагдсан байсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* Т.М фейсбүүк хэрэглэгч нь манай М.Мийгс сошиалаар дамжуулан олон нийтэд өгсөн мэдээ мэдээллийн доор нэр хүндэд нь халдахаар ёс бус үг хэллэг хэрэглэж, гүтгэн доромжилсон байхыг харсан. Тухайн үед Бүгд Найрамдах Франц улсын иргэнээс корона вирус илэрч, Монгол улсад шинэ төрлийн корона вирусын  анхны тохиолдол бүртгэгдэж иргэд олон нийт айдас түгшүүрт автсан үе байсан санагдаж байна. Гэтэл ******* Т.М гэх хаягтай хэрэглэгч ажлаа хийж байгаа найзын маань нэр хүндэд халдаж, доромжилсон байхыг олж хараад маш их уур хүрсэн. Түүний хариуд найзыгаа өмгөөлж, сэтгэгдэл бичиж хэлмээр байсан хэдий ч би өөрөө цагдаагийн албан хаагч учраас бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх учиртай тул чимээгүй хараад өнгөрсөн. Мөн тухайн доромжилсон утга агуулга бүхий постыг маш олон хүн уншиж, бусадтай хуваалцаж, олон сэтгэгдэл үлдээж, олон хүнд хүрсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            ******* Т.М гэх нэртэй цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

            Баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-40 р хуудас/

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 11-14 дүгээр хуудас/

            Хохирогч М.Мийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа албаны үнэмлэхийн хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны орой *******,******* тоот түр байрласан байрандаа Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мийн URUG.MN мэдээллийн сайтад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Франц улсын иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон” гэсэн ярилцлагын сэтгэгдэл хэсэгт “******* Т.М” гэх  Фэйсбүүк хаягнаас “Өөрөө янхан юм байна шдээ энэ цагдаа хүүхэн чинь” гэж түүний нэр төр, албаны алдар хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд цахим сүлжээ буюу Фэйсбүүкээр тараасан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

            шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Постон доор л сэтгэгдэл бичсэн. Тухайн үедээ архи уусан байдлаасаа болоод болчимгүй үйлдэл гаргасан. Энэ хэрэгтээ маш их харамсаж мөн уучлал хүсэж байна.” гэх,

            хохирогч М.Мийн өгсөн: “...Би энэ хүнд ямар нэгэн байдлаар ч гэм хор учруулж байгаагүй, энэ хүнийг ч энэ хүн намайг ч огт таньж мэдэхгүй атлаа намайг янхан гэж муухай гутаан доромжилсон үгээр олон нийтийн сүлжээгээр доромжилсон үүнийг нь хүмүүс скриншот хийгээд буюу зургийг нь аваад хүмүүс хошигнож доромжилсон мэдээллийг нь фейсбүүкээр тараасан Т.Мийн ярьж байгаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ постыг уншаагүй сэтгэгдэл бичсэн гэж хэллээ.... учир нь хоёр биеэ үнэлэгч байгаагүй гэдгийг мэдсэний үндсэн дээр М.М миний биеийг янхан гэж доромжилсон, цагдаа гэж тодотгон бичиж цагдаагийн байгууллагын нэр төрд халдсан.” гэх, 

            шүүгдэгч Т.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “тухайн үедээ бага зэрэг халамцуу байдлаасаа болоод юм бодоод биччихсэн юм. Франц иргэн нь хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон гэсэн мэдээллийг нь уншаад янхан гэдэг үг хэрэглээд биччихсэн юм” гэх,

            Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сард цагаан сарын дараахан шиг санагдаж байна манай найз М.Мийг Өрөг.мн сайтад өгсөн байсан ярилцлагын доод талд нь манай найзыг Т.М гэх нэртэй фейсбүүктэй хүн “Өөрөө янхан юм байна шдээ цагдаа хүүхэн чинь” гээд тодотгоод доромжлоод биччихсэн байсан, тэгээд энэ коммент бичсэн мэдээллээ шейрлээд олон хүнтэй фейсбүүк группүүдээр тавьчихсан байсан үүнийг нь хүмүүс үзээд М.Мийг зарим нь доромжилсон, зарим нь өмөөрсөн байдалтай янзан бүрийн эерэг сөрөг комментууд бичигдсэн байсан. Тэгээд тэр мэдээлэл фейсбүүкээр бараг 10 орчим хоног явж байгаад устгагдсан байсан юм.” гэх,

            Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* Т.М фейсбүүк хэрэглэгч нь манай М.Мийг сошиалаар дамжуулан олон нийтэд өгсөн мэдээ мэдээллийн доор нэр хүндэд нь халдахаар ёс бус үг хэллэг хэрэглэж, гүтгэн доромжилсон байхыг харсан. ...тухайн доромжилсон утга агуулга бүхий постыг маш олон хүн уншиж, бусадтай хуваалцаж, олон сэтгэгдэл үлдээж, олон хүнд хүрсэн байсан” гэх мэдүүлгүүд, ******* Т.М гэх нэртэй цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогч М.М нь шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД