Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00098

Төв аймаг

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р багт байрлах “Өндөрлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт 31-р байр 01 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Наранхүүгийн Цэрэнпагам /МИ80102129/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 33-5-р гудамж 57а тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Гантөмөрийн Ганхуяг /ПК81032135/,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт 31-р байр 02 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Сарантуяагийн Ариунболд /МИ84082515/ нарт холбогдох,

          

Зээл зээлийн хүүгийн төлбөр 10.025.900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “...18 хоногийн засварын ажлын хөлс 7.000.000 төгрөг” гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Г.Ганхуяг, С.Ариунболд, Н.Цэрэнпагам түүний өмгөөлөгч С.Сувдмаа, гэрч Ж.Энхтайван, Б.Хуланбаяр, О.Дуламсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанбулаг сумын төвд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийх хугацаандаа урьдчилгаа, эд бараа зээлээр авсан. Ажил дуусаад явахдаа авсан цалингийн татвар /ХАОАТатвар/ 10%, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол ашиглагч байгууллагын акттай, ажлаа дуусгаад Н.Цэрэнпагам цалингаа бэлнээр гаргуулж авсан. Ажил бууснаас хойш Төв аймгаас машин хөлслөөд энэ гурав машин авах гэсэн юм туслаач аниа, ээжээ дуудсан цагт бэлэн гээд зээл авсан. Манай компани ажлаа явуулахдаа иргэд, банк, банк бус банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг, сонгон шалгаруулалтаар ажлаа олж авдаг. Авсан зээлээсээ энэ гуравт зээлүүлсэн. Иймд зээл, зээлийн хүү нийт 10.025.900 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Н.Цэрэнпагам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид гурав 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар 9 хоног Алтанбулагийн барилга дээр ажилласан. Бид гурвыг явахад бэлнээр 3 сая төгрөг цалин гэж өгөөд явуулсан. Нэг хүнд 1 сая төгрөг оногдож байгаа. Ингэж 3 сая төгрөг өгөхдөө ээжид өгсөн 60.000 төгрөг, хүргэн Баатархүүгийн эмчилгээнд өгсөн 100.000 төгрөг, Баатархүүгийн аав Гантөмөрт өгсөн 20.000 төгрөг, тамхи, сүү, тараг нийт 174.400 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон. Энергийн гинж хуучин надад өгсөн, жинсэн өмд, Солонгос нэхий куртик, мак зэргийг хүн өмссөн комиссын бараа өгсөн. Үүний үнийг тухайн үед үнэлж хэлээгүй өгсөн. Хуучин комиссын бараагаа одоо 247.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гинжний мөнгө гэж 40.000 төгрөг нэхсэн байна. Бид Наранцэцэг эгчийн төрсөн өдөр гээд архи уусан. Мөнгө дуусаад согтоцгооход Наранцэцэг эгч дахиад яваад 2 шил архи зээлээд ир гэсэн. Би нөхөр Ганхуягийн гинжийг тавиад 2 шил архи авсан. Энэ гинжийг маргааш нь Наранцэцэг эгч худалдагчийг нь загнаж байгаад авсан атлаа бид нарыг өрөнд оруулж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Наранацэцэгийн эмэгтэй дүү нь жижиг худаг хийлгье гээд 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 23 хоног ажлуулаад худгийн мөнгө гээд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгөтэй нийлээд бид гуравт нийт 4.200.000 төгрөг өгсөн. Гэтэл шүүхэд Наранцэцэгийн өгсөн баримтаар бид нарт бэлнээр нэг өдөр 4.200.000 төгрөг өгсөн юм шиг нотлох баримт бүрдүүлж өгсөн байна. Энэ баримтад бид нар гарын үсэг зураагүй. Энэ мөнгөнөөс ХАОАТ-ийн 10 хувь болох 420.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар үйлчлүүлсэн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, анх шүүхэд өгсөн улсын тэмдэгтийн хураамж 105.372 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 135.372 төгрөг, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол 1.000.000 төгрөг, нотариатын хураамж 12600 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй. Наранцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн Төв аймгийн Алтанбулаг сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгч Л.Бямбахүүгийн Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст гаргасан албан бичгийг албан ёсны акт гэж үзэхгүй. Муу материалаар хийсэн учраас нурсан. Бид материалыг сонгож аваагүй, авч өгсөн материалаар хийсэн. 2012 оны Алтанбулаг сумын цэцэрлэгийн ажил дуусаад ирсэн хойно 12 дугаар сард бид барилгачдын шинэ жил болох гээд Наранцэцэг эгчээс 100.000 төгрөг зээлсэн нь үнэн. 3.000.000 төгрөгийг 2013 оны 1 сард Наранцэцэг эгч бид нарт өгсөн. Ингэж өгөхдөө эгч нь 2013 онд Аймгийн Төв цэнгэлдэх эсхүл Сэргэлэн сумын сургуулийн барилгын засварын ажлын аль нэгийг авна. Та нар машин тэрэгтэй болчихвол амар битгий ийм тийшээ явчихаарай гэж хэлээд нэг ёсондоо бидний ажлын урьдчилгаа гэж өгсөн. Нийт 3.310.000 төгрөг авсан нь үнэн. 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг өдөр шөнөгүй 4 найзын хамт ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай хийж гүйцэтгэж дуусаж байхад Наранцэцэгийн нөхрөөс цалин хөлс нэхэхэд мөнгө өгөхгүй, гүйцэтгэл орж ирээгүй гээд бид нар үүнээс болж муудаад бид нарыг хөөж явуулсан. Мөн Наранцэцэг ажлаа явуулахад иргэд, банк бус, банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг, зээл хүү тооцоо гэж нэхэмжилсэн байна. Бид зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй. Наранцэцэгийн зээлийг төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй ийм гэрээ бидний дунд огт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3.000.000 төгрөг гээд байгааг нь ойлгохгүй байна. Цалин гэж өгсөн. Зээл авахдаа гуравуулаа ирж авсан гэж байна. Би аваагүй. Гарын үсэг зураагүй гэв.

 

Хариуцагч Н.Цэрэнпагам, Г.Ганхуяг, С.Ариунболд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-д бид нийт 7 хүн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл өглөөний 7 цагаас шөнийн 02 цаг хүртэл Төв аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн. Маш их ажил хийсэн. Буулгаж зассан. Тус компани ажиллуулахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тушаал ч гаргаагүй, ямар нэгэн мөнгө, төгрөг тохироогүйгээр биднийг ажлуулсан. Бид гурав Наранцэцэгээс урьд нь 3.000.000 төгрөг авчихсан байсан учир урьдчилгаа мөнгө нэхэлгүйгээр шууд ажилдаа орж ажлынхаа хөлсөнд урьдчилгаа авсан мөнгөө суутгаж, үлдэгдэл мөнгөө авна гэж бодож 10 гаруй хоног ажилласан. Цалин 10.000.000 төгрөг авна гэхэд нөхөр нь өгч чадахгүй гээд хөөсөн. Иймд бид гуравт оногдох цалин хөлсөнд 7.000.000 төгрөгийг “Өндөрлөг” ХХК-ийн захирал Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. 18 хоногийн хөлс нэхэмжилсэн байдаг. Нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хийсэн ажлын тооцоонууд санхүүгийн баримтаар нотлогдох ёстой. Хийсэн ажлаа нотлож чадахгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь хариуцагч Н.Цэрэнпагам, Н.Ариунболд, С.Ганхуяг нараас зээл, зээлийн хүү 10.025.900 төгрөг гаргуулах тухай, хариуцагч нар нь эс зөвшөөрч  “...18 хоногийн ажлын хөлс 7.000.000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. /хх 1-2, 55-56/

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь хариуцагч Н.Цэрэнпагам, Н.Ариунболд, С.Ганхуяг нарт мөнгө, эд зүйл зээлсэн гэж тайлбарлаж, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөнгө зээлээгүй, хийсэн ажлын хөлсөө авсан гэж тайлбарлаж, талууд маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг”-ийн дагуу

нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож “Өндөрлөг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4-5/, гэрээт ажилчин Н.Цэрэнпагам, Н.Ариунболд, Г.Ганхуяг нарын ажиллаж байх хугацаанд авсан урьдчилгаа, эд бараа, ХАОАТ, чанаргүй ажлын төлбөр зэргийн жагсаалт /хх 7/, Хаан банкны Өндөрлөг ХХК-иас “Г.Баатархүүд 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 100.000 төгрөг”, “Цэрэнпагамд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг”, “Д.Сарантуяад 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 60.000 төгрөг”, “Ш.Гантөмөрт 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 20.000 төгрөг” Н.Цэрэнпагамд 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөг, Н.Цэрэнпагамд 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 190.000 төгрөг” зэрэг шилжүүлсэн баримтууд /хх 8-9, 11/, Цалин олгох хүснэгт /хх-10/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 12/, Төв аймгийн Алтанбулаг сумын Ирээдүй цэцэрлэгээс Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст гаргасан хүсэлт /хх 13/, “Өндөрлөг” ХХК-иас “2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сан, төв салбарт 30.000 төгрөг тушаасан баримт” /хх 14/, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 105.372 төгрөг, нотариатын төлбөрийн баримт /хх 17/, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5001007295 дугаар Хас банкны зээлийн гэрээ /хх19-25/, 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот Сонин шийдэл кредит банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ /хх 26-29/, 2014 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Зуун дэлгэрэх банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ /хх 30-34/, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5001175795 дугаар зээлийн гэрээ /хх 35-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудын хуулбарууд,

хариуцагч Н.Цэрэнпагам, Г.Ганхуяг, С.Ариунболд нар нь татгалзлын үндэс, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлож Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 964 дугаар тогтоол, 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил /хх 106-110/, гар тэмдэглэл /хх 111-112/, Төв аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гаргасан өргөдөл, Төв аймгийн Прокурорын газарт Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх 115/, Төв аймгийн Цагдаагийн газарт Т.Баттулга, С.Ариунболд, Г.Ганхуяг, Н.Цэрэнпагам нарын мэдүүлэг /хх119-124/, Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн зураг /хх125-147/ зэрэг бичгийн нотлох баримтуудын хуулбарууд тус тус гаргаж өгчээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь хариуцагч Н.Цэрэнпагам, С.Ариунболд, Г.Ганхуяг нарт мөнгө, эд зүйл зээлсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны мэтгэлцээнээр мөн түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба дээрх хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь хариуцагч нарт мөнгө, эд хөрөнгө зээлүүлсэн гэх боловч хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй, хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүй, зээлийн гэрээг амаар, бичгээр аль хэлбэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээл гэж шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч дээрх мөнгийг ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй, хариу төлбөртэй зээлсэн болохоо тайлбарлаж, нотлож чадахгүй байна.

 

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “улсын тэмдэгтийн хураамж, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж” нотариат, өмгөөлөгчийн зардлууд нь шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхтэй холбоотой гаргасан зардалд тооцогдох ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох зардал гаргах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас төлүүлэхээр хуульд заасан.    

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөр 10.025.900 төгрөг нэхэмжилж, шаардаж байх ба сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь зээлийн төлбөрт тооцогдох боломжтой шаардлага гэж үзэж үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд зээл, зээлийн хүү нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлд, ажлын хөлс гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл нь тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэн нэгэнд холбогдуулж шаардлага гаргах эрх хүн бүрд нээлттэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид холбогдох шаардлагаа бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.364 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 126.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт тус тус зааснаар “Өндөрлөг” ХХК-ийн “... зээл хүүгийн төлбөр 10.025.900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Цэрэнпагам, С.Ариунболд, Г.Ганхуяг нар эс зөвшөөрч, “...18 хоногийн засварын ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.364 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 126.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ