Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Т.Эт холбогдох эрүүгийн 2007001370083 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын  11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт Т.Э.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Э нь ******* тоотод 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд хамтран амьдрагч болох Э.*******тэй маргалдан улмаар нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг өдөрт 4ш тамхи тат гэснээс болоод маргаан гарсан. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг зайл гээд хөөхөөр нь цүнхээ аваад гэрээсээ гарах гэхэд хутга аваад амиа хорлох гэхээр нь би хутгийг нь булааж аваад яаж байгаа юм гээд алгадсан чинь паар мөргөж унаад эрүү нь бага зэрэг хавдсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

            Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03-р сарын 09-ний өдөр ээж ын гэрт очиж хоол идчээд 21 цагийн үед нөхөр хүүхдийн хамт таксигаар байрны гадна ирсэн. Машинаас буух үед Т.Э тамхи авъя хоёулаа цуг явъя гэхээр нь өөрөө яв гэж хэлсэн чинь Т.Э уурлаад хүүхэд гарнаас татаж чирээд шатаар дээш гарахаар нь би уурлаад чи яагаад хүүхэд ингэж авч яваад байгаа юм гар хэлийг нь гэмтээлээ шдээ чи дургүй байгаа бол бид хоёр явъя гэж хэлсэн. Бид нар гэрлүүгээ ороод нөхөр бид хоёр хэсэг маргалдсан. Гэнэт миний уур хүрээд бид хоёр харанхуй шөнө явна гэж юу байдаг юм чи өөрөө яв гэж хэлсэн. Т.Э хувцсаа бэлдээд гарах гэж байх үед би чамтай амьдарна гэж хэлээд би гал тогооны өрөө лүү ус уух гээд орох үед Т.Э араас ирээд намайг тэврээд авсан. Чи намайг тавь битгий надад хүрээд бай гэж хэлээд уурандаа би Т.Э луу салаавч өгсөн. Тэгсэн чинь миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020оны 03-р сарын 09-ний өдрийн орой бэр ******* над руу залгаад Т.Э намайг цохиод байна гэхээр нь наад нэг юм чинь эрүүл үү гэж асуухад эрүүл гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай охин ******* миний гар утас луу залгаад намайг Т.Э зодчихлоо хурдан хүрээд ир гэхээр нь очтол *******ийн баруун талын шанаа хэсэгт хавдсан уйлчихсан харин Т.Э орны дээр сууж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/173 дугаар:

            “1. Э.*******ийн биед тархи доргилт, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн 2 р хорооны нийгмийн ажилтны 2020 оны 03 дугаар сарын 19 ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний № 202031153 дугаартай маягт , /хх-ийн 13-21 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн иргэдэд үйлчлэх автомат машины иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 44 -45 р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой ******* тоот гэртээ 21 цагийн орчимд хамтран амьдрагч болох Э.*******тэй тамхи татахыг хязгаарласан гэж маргалдан улмаар нүүр рүү нь нэг удаа гараараа цохиж биед нь тархи доргилт, эрүүний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх зэрэг  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

            шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “алгадсан чинь паар мөргөж унаад эрүү нь бага зэрэг хавдсан” гэх,

            хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон” гэх,

            гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* над руу залгаад Т.Э намайг цохиод байна гэхээр нь наад нэг юм чинь эрүүл үү гэж асуухад эрүүл гэж хэлсэн.” гэх,

            гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай охин ******* миний гар утас руу залгаад намайг Т.Э зодчихлоо хурдан хүрээд ир гэхээр нь очтол *******ийн баруун талын шанаа хэсэгт хавдсан уйлчихсан байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/173 дугаар дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 13-21 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зөрүүгүй, холбогдсон гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийн оролцогч нарын мэдүүлгүүдийг үнэн мэдүүлсэн гэж үзлээ.

            Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын гэр бүлийн  таагүй харьцаа, тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн дээрэнгүй үйлдлүүдээр тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэсэн заалтанд заагдсан гэр бүлийн хамаарал бүхий  этгээдүүд болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Салхит 3 р багийн Засаг даргын 2020.03.27 ны өдрийн тодорхойлолт,  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь хамтран амьдрагч  хохирогч Э.*******ийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагч нь шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж  хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн  болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД