Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Э.Уад холбогдох эрүүгийн 2007000450084 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Америкийн нэгдсэн улсад суралцдаг гэх, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн  дугаартай, овогт Э.У.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.У нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэл рүү ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн даваа уруудах зам дээр Тоёота приус 20 маркийн 94-17 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Н.*******ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Н.*******ын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 94-17 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,573,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие 01 дүгээр сарын 08-нд Америкийн Нэгдсэн Улсаас ирээд үеэл дүү нартайгаа 01 дүгээр сарын 14-ний өдөр Тэрэлж рүү амралтанд явсан. 13 цагийн орчимд очоод ачаагаа тавьчихаад хэсэг ярьж сууж байгаад дарс задлаад манай дүү нар уусан. Би бол ер нь л уудаггүй. Тэгээд гадаа гарч зураг авахуулъя гээд ******* бид хоёр урагшаа зам руу алхаж явсан. Тэгтэл *******, ******* нар араас дуудаад машинтай явъя гэдэг санал гаргасан тухайн үед би уугаагүй байсан болохоороо санаачлагаараа машиныг барихаар болсон. Амралтаас хөдлөөд Тэрэлжийн давааны тийшээ уруудаж яваад эргэлтэн дээр хурдаа тохируулж чадаагүй хальтиргаатай зам дээр осол хийсэн байгаа” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э.У яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “13 цагийн үед Тэрэлжид Улаанбаатар 2 амралтын газар очоод бид нар 1 өрөө аваад дотор нь ороод юм ярингаа авч очсон идэж уух юмаа идэнгээ 1 шил 0,5 литрийн ваян, 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво зэргийг задлаад сууцгаасан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй болохоор ваян огт уугаагүй пивоноос бүгдэд нь нэг нэг аяга хийж өгсөнөөс нэг удаа амсах төдий уруул хүргээд буцаагаад тавьсан. Тэгээд 15 цагийн үед бид нар хадтай байгальд гарч зургаа авахуулахаар гараад ******* бид хоёр түрүүлээд мод руу алхаад явж байтал *******, ******* нар араас дуудаад машинтай явья гэхээр нь буцаж очоод ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машиныг би жолоодохоор болсон. Ингээд би машиныг жолоодоод ******* хажуу сандалд суугаад арын сандалд *******, ******* нар суугаад амралтын газраас урагшаа буцаад ирсэн замаараа ******* чиглэлд аспалтан замаар модтой хадтай газар очиж зургаа авахуулахаар гараад явсан. Тэгээд засмал замаас тасраад шороон замаар дээшээ даваа өгсөөд гараад иртэл гэнэт огцом эргэлт гараад ирсэн ба би тоормоз гишгэхэд машин хальтраад тэр чигтээ замаас гараад мод мөргөөд зогссон. Ингээд машинаас буугаад ойр орчимоо хартал машины урд модны хажууд ******* хэвтэж байхаар нь очоод нэрээр нь дуудахад эгчээ гэхээр нь эргэж хараад *******, ******* нарыг дуудахад машины ард 2-уулаа сууж байсан. тэгээд замаар явж байсан машин зогсоод бид нарыг Тэрэлжийн эмнэлэгт хүргэж өгөөд цагдаа болон эмнэлэг удалгүй ирцгээсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 69 дүгээр хуудас/

 

            Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үеэлүү болох *******, *******, Э.У нарын хамт Наайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү салхинд гарсан юм. би урьд өдөр нь өөрийн төрсөн дүү *******ын 94-17 УАА улсын дугаартай Тоёота приус 20 аркийн тээврийн хэрэгслийг салхинд гарах гэж байгаагаа хэлээд гуйж авсан байсан болохоор шууд Тэрэлж рүү яваад 13 цагийн үед Улаанбаатар 2 зочид буудалд очиж өрөө авч байрласан. Тэгээд авч очсон идэж уух юмаа гаргаад ширээ засаад өрөөндөө юм ярьж суунгаа *******, ******* бид 3 нэг шил вино задлаад нэг уугаад, пивоо задлаад нэг нэг аяга ууцгаасан. Э.У болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, вино уугаагүй ба пивоноос болохоор уруулаа хүргээд тавьсан. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад 15 цагийн үед болов уу яг цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна бид нар зургаа авахуулахаар болоод буудлаасаа гараад мод хадтай газар хайгаад явтал ойр хавьд байхгүй болохоор нь би машинтай явахаар тохиролцсон. Тэгээд би пиво уусан болохоор машинаа жолоодохоо болиод Э.У архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүйгээрээ машинаа жолоодохоор болсон. Ингээд Э.У машин жолоодоод би хажууд нь суугаад *******, ******* нар арын сандалд суугаад буцаад ******* чиглэлд засмал замаар явж байтал шороон зам гарч ирээд тоормоз гишгэхэд гулгаад шууд замын хажуу орсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед гэртээ байхад миний төрсөн эгч *******, үеэл ******* нар ирээд маргааш охидуудаараа салхинд гарах гэсэн юм машинаа өгч байгаач гэхээр нь би өөрийн эзэмшлийн 94-17 УАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Тэгтэл маргааш орой над руу манай хамаатны Тэргэл залгаад осол болсон талаар надад хэлсэн. Машины төлбөр үнэлгээгээр 5,573,000 төгрөг болсон уг мөнгийг надад бэлнээр төлж барагдуулсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамаатнууд болох *******, *******, Э.У нарын хамт салхинд гарахаар ******* дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж рүү 13 цагийн үед Улаанбаатар 2 зочид буудалд очсон. Ингээд буудлынхаа өрөөнд ороод юм ярьж суунгаа *******, ******* бид 3 нэг шил вино задлаад нэг нэг уугаад мөн авч очсон пивоо задлаад нэг нэг аяга ууцгаагаад Э.У эгч болохоор амсаад тавьсан. Ингээд 15 цагийн үед бид нар зургаа авахуулахаар мод хадтай газар очихоор гарсан боловч ******* хэдүүлээ машинтай явья гэхээр нь зөвшөөрөөд ******* вино уусан болохоор Э.У эгч машин барихаар болоод ******* чиглэлд засмал замаар явж байгаад дээшээ өгсөөд явж байсан ба халуун кофе уухаар аяганд хийгээд тэрийгээ асгачих гээд хамаг анхаарлаа кофендоо хандуулаад явж байтал юу болсныг мэдэхгүй байна гэнэт л тас түс буугаад л явсан ба айсандаа нүдээ аниад сууж байтал машин зогсох шиг болохоор нь нүдээ нээгээд хартал хажууд сууж байсан ******* машины цонхоор цээжээ гаргасан байхаар нь машинаас буутал Э.У эгч *******гийн хажууд ирчихсэн ******* машины урд хэвтэж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1777 дугаар:

            “1. Н.*******-н биед хүзүүний 7-р нугалмын их бие, баруун хөл, үений доод сэртэн дайрсан хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, зүүн сарвуунд шарх, хоёр өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

 

            Замын цагдаагийн газрын Шинжээчийн 05 дугаар:

            1. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул дээрхи үйл явдал нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

            2. Тоёота приус маркийн 9417 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У нь МУ-ын ЗХД-ийн 12 дугаар зүйлийн 12.1 –т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 52 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09 р тал/,

            Автомашины гэрчилгээ, шүүгдэгчийн жолооны үнэмлэх /хх-ийн 13 р тал/,

            Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.У нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэл рүү ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн даваа уруудах зам дээр Тоёота приус 20 маркийн 94-17 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад болгоомжгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Н.*******ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол, Н.*******ын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 94-17 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,573,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Э.Уын өгсөн: “Амралтаас хөдлөөд Тэрэлжийн давааны тийшээ уруудаж яваад эргэлтэн дээр хурдаа тохируулж чадаагүй хальтиргаатай зам дээр осол хийсэн байгаа...засмал замаас тасраад шороон замаар дээшээ даваа өгсөөд гараад иртэл гэнэт огцом эргэлт гараад ирсэн ба би тоормоз гишгэхэд машин хальтраад тэр чигтээ замаас гараад мод мөргөөд зогссон.” гэх, хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* чиглэлд засмал замаар явж байтал шороон зам гарч ирээд тоормоз гишгэхэд гулгаад шууд замын хажуу орсон.” гэх, гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* чиглэлд засмал замаар явж байгаад дээшээ өгсөөд явж байсан ба халуун кофе уухаар аяганд хийгээд тэрийгээ асгачих гээд хамаг анхаарлаа кофендоо хандуулаад явж байтал юу болсныг мэдэхгүй байна гэнэт л тас түс буугаад л явсан ба айсандаа нүдээ аниад сууж байтал машин зогсох шиг болохоор нь нүдээ нээгээд хартал хажууд сууж байсан ******* машины цонхоор цээжээ гаргасан байхаар нь машинаас буутал Э.У эгч *******гийн хажууд ирчихсэн ******* машины урд хэвтэж байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1777 дугаар гэх дүгнэлт, Шинжээчийн 05 дугаар гэх дүгнэлт, Автомашин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Уад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч овогт Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

    Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч  нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүд тус тус гаргасныг  шүүх хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.******* “миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”, иргэний нэхэмжлэгч Н.******* “машины төлбөр үнэлгээгээр 5,573,000 төгрөг болсон уг мөнгийг надад бэлнээр төлж барагдуулсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэсэн тул шүүгдэгч Э.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 980866 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг нэмэгдэл ял шийтгэлийг эдлүүлэх биелэлтийг ханган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Уад тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Уад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Э.Уад мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 980866 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД