Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00099

Төв аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, Замт багт байрлах, “Замтын нэгдэл” хоршоонд холбогдох,

 

сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 16.608.157 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Г.Цоггэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Замтын нэгдэл” хоршоо нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Зээлийг төлөхийг удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13.056.480 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1.593.205 төгрөг, алданги 1.958.472 төгрөг, нийт 16.608.157 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Замтын нэгдэл” хоршооны дарга Г.Цоггэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлд 11.000.000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 16.608.157 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 14.608.157 төгрөгийн 608.157 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг дарга “Замтын нэгдэл” хоршооноос сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 16.608.157 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч “Замтын нэгдэл” хоршоо нь 2.000.000 төгрөгийг төлжээ. /хх 12/

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагч Замтын нэгдэл хоршоо нь үлдэх 14.608.157 төгрөгийн 608.157 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх 26/

Иймд шүүх, дээрх хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар “Замтын нэгдэл” хоршоо нь 240990 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулах нь хуульд нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага 16.608.157 төгрөгөөс хариуцагч “Замтын нэгдэл хоршоо” Г.Цоггэрэл нь 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 14.608.157 төгрөгийн 608.157 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 7.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид төлөх 240.990 төгрөгийг хариуцагч “Замтын нэгдэл” хоршоо нь Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ