Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.*******,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Мд холбогдох эрүүгийн 2007000910065 дугаартай хэргийг 2020 оны 05 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, *******-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эмээ, 2 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт С.М.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч  С.М нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ************** тоотод өөрийн төрсөн охин бага насны хүүхэд Э.Эгийн нуруун тус газар нь будаа агшаагчны залгуураар 2-3 удаа ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Хүүхдийн тэтгэмж өгөхгүй байсныг шүүхийн шийдвэр данснаас нь татсанаас болж 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр салсан нөхөр залгаад элдэвээр харааж зүхсэн, мөн охиныгоо өвлийн шөнөөр хөөж гаргасан гэж надад хэлэхээр нь охиноосоо аавдаа яах гэж худлаа хэлсэн юм гээд муудалцсан” гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Ээж гаднаас ууртай орж ирээд аавдаа яах гэж худлаа яриад байгаа юм бэ гээд нуруу руу нэг удаа, будаа агшаагчны залгуураар 2-3 удаа цохисон. Тэгээд утсаар аавтай хэрэлдээд байсан.” гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэргийн талаар хэлэх зүйл байхгүй. Хохирогчийн аав нь манай байгууллага дээр энэ хүний тухай гомдол, мэдээллийг өгсөн байдаг.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай охин өөрийн төрсөн эцэг болох Д.өд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй хов зөөсөн байсан болохоор би гараараа нуруу руу нь нэг удаа цохиод мөн будаа агшаагчны залгуураар нуруу руу нь хоёр удаа ороолгож зодсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дүгээр хуудас/

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед манай ээж С.М нь ажлаасаа тарж ирээд "чи одоо аавдаа юу гээд хэлчихсэн юм аав чинь над руу залгаад хэрүүл нэхээд байна” гэхээр нь би “аавд юу ч яриагүй дээ” гэж хэлсэн чинь ээж "би чамайг хэзээ харанхуй шөнөөр гэрээсээ хөөж гаргасан юм бэ чи аавдаа тэгэж хэлсэн юм бишүү гэхээр нь тийм зүйл яриагүй ш дээ гэсэн тэгсэн ээж миний нуруу руу гараараа нэг удаа цохиж аваад тэгсэн гал тогооны өрөө рүү ороод будаа агшаагчны залгуураар нуруу хэсэг рүү 2-3 удаа ороологоод мөн миний баруун мөр хэсэг рүү нэг удаа ороологсон тэгээд аав руу залгаад гар утсаараа залгаад аавтай хэрэлдэж байснаа ээж надад гар утсаа өгөөд "май аавтайгаа ярь гэж хэлээд надад утсаа өгөхөөр нь би "ааваа та хаана байгаа юм бэ гэсэн чинь аав нь ажил дээрээ байна гэж хэлсэн тэгсэн хажуунаас манай ээж "танай аав хаана байх чинь ямар хамаатай юм бэ гэж хэлээд надаас гар утсаа аваад аавтай хэрэлдээд байх шиг байсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай салсан эхнэр болох С.М нь миний 91920020 дугаар гар утас руу өөрийнхөө 9100*******86 дугаарын гар утснаас удаа дараа залгаад байхаар нь би нэг хэсэг авахгүй байгаад байсан юм тэгээд дараа нь дахиад залгаад байхаар нь гар утсаа авсан чинь манай охин Э.Э ихэр татаж уйлаад ааваа та хаана байгаа юм гээд гар утсны цаанаас уйлаад байхаар нь би яасан бэ миний охин гэж асуусан чинь цаанаас нь ээж нь "өө одоо чиний бах чинь ханаж байна уу гэж хэлээд манай охиныг зодоод байх шиг байсан тэгээд би гар утсаа салгаад Налайхын цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/1******* дугаар:

            “1. Э.Эгийн биед нуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, Багахангай , Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.26 ны өдрийн гэрлэлт цуцалсан тухай шийдвэр, ажил байдлын талаарх бичгэн баримтууд,

            Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 108-110 р тал/ ,

            Хохирогч Э.Эгийн нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 111 р тал зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч  С.М нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ************** тоот гэртээ төрсөн охин Э.Эг аав өд худлаа хэлсэн шалтгаанаар түүний нуруун тус газар нь будаа агшаагчны залгуураар ороолгон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Насанд хүрээгүй хохирогч

Э.Эгийн өгсөн: “ээж миний нуруу руу гараараа нэг удаа цохиж аваад тэгсэн гал тогооны өрөө рүү ороод будаа агшаагчны залгуураар нуруу хэсэг рүү 2-3 удаа ороолгоод мөн миний баруун мөр хэсэг рүү нэг удаа ороолгосон. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг ,Шүүгдэгч С.Мгийн  өгсөн: “ .. Манай охин өөрийн төрсөн эцэг болох Д.өд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй хов зөөсөн байсан болохоор би гараараа нуруу руу нь нэг удаа цохиод мөн будаа агшаагчны залгуураар нуруу руу нь хоёр удаа ороолгож зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. охинтойгоо эвлэрсэн. гэсэн мэдүүлэг. Гэрч Д.ийн өгсөн: “манай охин Э.Э эхэр татаж уйлаад ааваа та хаана байгаа юм гээд гар утсны цаанаас уйлаад байхаар нь би яасан бэ миний охин гэж асуусан чинь цаанаас нь ээж нь "өө одоо чиний бах чинь ханаж байна уу гэж хэлээд манай охиныг зодоод байх шиг байсан тэгээд би гар утсаа салгаад Налайхын цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн..” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/1******* дугаартай дүгнэлт,  Хохирогч Э.Эгийн нас тоолох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Мд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь төрсөн охиныхоо эсрэг үйлдсэн үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шалгаж прокурорын тогтоолоор гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд тогтоогдоогүй байдлаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

            Хохирогч нь 14 насанд хүрээгүй этгээд байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилжээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.Мд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

            Мөн шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзаж түүнийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийг ялаас чөлөөлсөнтэй холбогдуулан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Мг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Мд оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД