Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00100

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Манзушир өргөө-2, 7-104  тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, Дандаа лам овогт Шаалуугийн Батбаатар /РД:НШ86021974/ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод, 8д гудамж 4 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Нармандах /РД:НЭ90062225/-д холбогдох,

 

1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Батбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нармандах нь манай 10 жилийн ангийн хүүхэдтэй суусан хүн байгаа юм. Тэгээд таньдаг болсон. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хуульчдын хотхоны дэлгүүрийг ажлуулж байхдаа чамд зээлэх мөнгө байна уу 1.000.000 төгрөг зээлээч гэхээр нь миний байрандаа орохдоо хэрэглэх мөнгө шүү гээд өгсөн. Тэгээд орой нь ахиад мөнгө байна уу гэхээр нь 400.000 төгрөг Хаан банкиар шилжүүлсэн. Мөнгө зээлүүлэхдээ 20 хоногийн хугацаатай, 13%-ийн хүүтэй зээлүүлсэн. Одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байгаа. Урьдчилгаа 40.000 төгрөг дараа нь 30.000 төгрөг нийт 70.000 төгрөгийг авсан. Нийт 1.600.000 төгрөг нэхэмжилсэн ба дэлгүүрээс нь бараа зээлж байсан барааны төлбөр 200.000 төгрөгийг хасаад 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ш.Батбаатар нь хариуцагч Э.Нармандахад холбогдуулан 1.600.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед нэхэмжлэгч Ш.Батбаатар нэхэмжлэлийн шаардлага 1.600.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг хасч, үлдэх 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Э.Нармандахад дээрх нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 9, 11-12, 15/

Мөн тус шүүхийн бичиг хүргэгч хариуцагч Э.Нармандахад 2017 оны 1 дүгээр сарын 24-ний 14 цаг 30 минутад хуралдах шүүх хуралдааны товыг хэрэгт авагдсан хариуцагчийн оршин суух хаягаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр очиж мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, /гарын үсэг зуруулсан/ мөн сарын 17-ны өдөр шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэг Э.Нармандахын 99604912 дугаарын утсаар холбогдон шүүх хуралдааны товыг тус тус мэдэгджээ. /хх-16-17/

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу зохигч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Нармандах нь хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцов.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Батбаатар нь хариуцагч Э.Нармандахын Хаан банкны 5721554839 тоот данс руу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Хаан банкны “Мөнгөн шилжүүлгийн” баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх 3-4/,

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус зааснаар мөнгийг зээлдэгчид шилүүлэн өгснөөр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харицагч Э.Нармандахаас 1.400.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Батбаатарт олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч Э.Нармандахаас 40.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Батбаатарт олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Нармандахаас 1.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Батбаатарт олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нармандахаас 40.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Батбаатарт олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ