Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.З,

шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Цт холбогдох эрүүгийн 2007000060060 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын  18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух,

урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаартай, ******* овогт Т.Ц.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** тоотод 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд хамтран амьдрагч болох Б.Зг хардан улмаар толгой руу 2-3 удаа гараараа цохиж, түлээний модоор баруун гуя болон өвдөгний хажуу тал, зүүн дал бугалганы ар хэсэгт тус тус 2 удаа цохиж биед нь тархи доргилт, нүүр, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдгөнд цус хуралт, нүүр, баруун зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр архи уусан байсан буруугаа хүлээж  уучлалт гуйсан. Хоригдож байх хугацаандаа сургалтанд сууж их юм ойлгосон. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй” гэв.

 

            Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт: “12 сарын 24 нд би гэртээ ирсэн чинь Т.Ц намайг хаачаад ирж байгаа юм гэхээр нь гадуур явж байгаад ирлээ гэхэд Т.Ц хаагуур яваад байгаа юм гээд зуухан дээрээс мод аваад цохисон тэгээд түлхсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр гадуур архи ууж яваад гэртээ 20 цагт ирэхэд эмээ Тогоо байсан ба Б.З ирээгүй байсан, тэгээд орон дээрээ унтаж байхад 21 цагийн үед Б.З гаднаас орж ирэхээр нь хаачаад ирэв гэхэд өөдөөс хэрүүл өдөөд байхаар би босож ирээд түлхтэл хойшоо саваад унахаар нь нүүрэнд нь хэдэн удаа цохиж гар хөл бие рүү нь мөн хэд хэдэн удаа цохисон юм, тэгтэл эмээ боль боль гэхээр нь болиод унтаад өгсөн, тэгээд өглөө сэрэхэд Б.З байгаагүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Багануур дүүргийн харьяат бөгөөд жил гаруйн өмнө ******* караокед ажиллаж байхдаа 2018 онд Т.Цтай танилцаж найзлаж байгаад жилийн өмнөөс гэрт нь очиж хамт амьдрах болсон юм. Сууснаас хойш хааяа хааяа архи дарс уучихдаг, уухаараа агсам согтуу тавих гэдэг, сүүлийн үед хэрэлдэж муудалцаад зодож цохих гэдэг болсон. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т.Ц уурхай явлаа гээд гарсны дараа би гадуур гарч өрхийн эмнэлэг орчихоод *******ын төвөөр явж байгаад орой 21 цагийн үед ирэхэд гэрт хадам эмээ Тогоо, орон дээрээ нөхөр Т.Ц согтуу хэвтэж байснаа намайг хараад чи хаагуур явдаг юм бэ гэхээр нь би гадуур гарах эрхгүй юмуу гэхэд чи хэнтэйгээ уулзаж явдаг юм бэ гээд хардаад загнаад байсан, тэгээд маргалдаж байгаад босож ирээд толгойноос шилдэж ханан пийшингийн хажууд унагаад толгой руу 2-3 удаа цохисон, дараа нь ханан пийшин дээр өрж тавьсан түлээний мод аваад баруун гуянд өвдөгний хажуу талд 2 удаа цохиж, зүүн дал бугалганы ар хэсэгт 2 удаа цохиж зодоход хадам эмээ болио битгий зод гэхэд больж орон дээрээ гарч унтсан. Тэгээд би өглөө болтол сууж байгаад 09 цагийн үед Далангийн цаана байдаг нэг айлд очоод үнэн учраа хэлж Багануур руу ээж эгч нартайгаа холбоо барьж зодуулсан тухайгаа хэлсэн, тэр айлдаа байж байхад шөнө ээж Багануураас ирж айлдаа хоноод өнөөдөр *******ын эмнэлэгт үзүүлээд цагдаад хандаж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 06 дугаар хуудас/

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай охин Б.З жилийн өмнө *******ын Т.Ц гэдэг хүнтэй суугаад *******т амьдрах болсон юм, 2019 оны 12 дугаар сарын 25-ны .өдөр манай охин Б.З утсаар яриад ээжээ би Т.Цт зодуулчихлаа хамаг бие өвдөөд байна, намайг ирж ав би харимаар байна гэхээр нь би хот руу явдаг жижиг тэргэнд сууж шөнөдөө ******* руу орж ирээд охинтойгоо уулзахад нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай Т.Ц согтуу зодлоо гэж хэлсэн. Манай охин Наран гэдэг газарт нэг танихгүй эмэгтэйн гэрт байж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/41 дүгээр:

            “1. Б.Згийн биед тархи доргилт, нүүр, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдгөнд цус хуралт, нүүр, баруун зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 52 дугаар хуудас/

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 55-59 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Ц 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ************** тоот гэртээ 21 цагийн үед нь хамтран амьдрагч Б.Зг хардан улмаар толгой руу 2-3 удаа гараараа цохиж, түлээний модоор баруун гуя болон өвдөгний хажуу тал, зүүн дал бугалганы ар хэсэгт тус тус 2 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, зүүн мөр, зүүн бугалга, баруун өвдгөнд цус хуралт, нүүр, баруун, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

           

            шүүгдэгч Т.Цын өгсөн: “ ...Татаж газар унагаад нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохиж, ханан пийшин дээр хатаах гээд тавьсан түлээний жижиг мод авч хөл, гар, таарсан газар нь хэд хэд цохисон нь үнэн..” гэх,

            хохирогч Б.Згийн өгсөн: “толгойноос шилдэж ханан пийшингийн хажууд унагаад толгой руу 2-3 удаа цохисон, дараа нь ханан пийшин дээр өрж тавьсан түлээний мод аваад баруун гуянд өвдөгний хажуу талд 2 удаа цохиж, зүүн дал бугалганы ар хэсэгт 2 удаа цохиж зодоход хадам эмээ болио битгий зод гэхэд больж орон дээрээ гарч унтсан.” гэх,

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай охин Б.З утсаар яриад ээжээ би Т.Цт зодуулчихлаа хамаг бие өвдөөд байна, намайг ирж ав би харимаар байна гэхээр нь би хот руу явдаг жижиг тэргэнд сууж шөнөдөө ******* руу орж ирээд охинтойгоо уулзахад нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай Т.Ц согтуу зодлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/41 дүгээр дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Цт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий  болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч өөрийн хамтран амьдрагчийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Шүүгдэгч Т.Цт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, өмгөөлөгч шүүгдэгчийн цагдан хоригдсон 49 хоногийг ялд нь оруулан тооцож ял эдэлсэнд тооцож өгнө үү гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт 632 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Цын 2020 оны 04 дүгээр сарын 08-наас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоног буюу 392 цагийг хасч тооцон, нийт эдлэх ялыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Т.Цт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД