Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00107

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00107

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01232/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1968 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Төв аймаг, Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багт оршин суух, Лаанууд овогт Барын Саранцэцэг /НГ68062169/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1958 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, 25-5 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэмбэлдоржийн Оюун  /НЮ62112862/-ы хүсэлттэй, 

бичиг баримтын жинхэн эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Бар овогтой Саранцэцэг нь 1966 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад 1980 оны 07 сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухай үеийн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй. Б.Саранцэцэг нь ажиллаж байхдаа Дэмбэрэлийн Аюушийнхаа нэр дээр хөдөлмөрлөж байсан бөгөөд цалингийн цэсийг Б.Саранцэцэгийн  жинхэнэ эзэмшигчээр тогтоож, 1980-1989 онд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь Барын Саранцэцэгийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт тус тус гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

1. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын малчин Аюушын Саранцэцэгийн 1981 оны 1 сараас 1989 он хүртэлх цалингийн 70 дугаар дансны /хх-6-14/ хуулбаруудын жинхэнэ эзэмшигч нь Барын Саранцэцэг мөн болох нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Б.Саранцэцэг нь ажиллаж байхдаа аав Дэмбэрэлийн Аюушийнхаа суурьт хөдөлмөрлөж байсан болохоор цалингийн цэс нь аав Д.Аюуш, охин Б.Саранцэцэг нарын нэрээр давхар бичигдэж байсан юм байна лээ. ... гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

1987оны 02 сарын 10-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард улсын хүн амын регистрийн карт буюу ХААТР №1 маягтад:- “Бар овогтой Саранцэцэг...эцэг Ламжавын Аюуш, эх Лаануу овогт Бар...” гэх бичилт /хх-н 38/,

Лаанууд овогт Барын Саранцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/ зэргээр,

2. Лаанууд овогт Барын Саранцэцэг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат бригадын малчин Аюушын Саранцэцэгийн 1981 оны 1 сараас 1989 оны 12 сар хүртэлх цалингийн тодорхойлолт /хх-5/, Б.Саранцэцэгийн 1980-1989 онуудын цалингийн 70 дугаар дансны хуулбарууд  /хх-6-14/, Гэрч Г.Цэсэм, Н.Сайнбилэг нарын  тодорхойлт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-15-16/, Гэрч Г.Цэсэмийн шүүхэд өгсөн “...Б.Саранцэцэг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадын малчинаар 1980 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан... Тухайн үед малладаг малынхаа олон, цөөнөөс шалтгаалаад 200-300 төгрөгийн хооронд цалин авдаг байсан санаж байна...” гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Н.Сайнбилэгийн  шүүхэд өгсөн “...Б.Саранцэцэг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Баян бараат бригадад 1980 оноос 1989 он хүртэл малчинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-26/ зэрэг нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин Б.Саранцэцэгийн 1980 оны 7-р сараас 1971 оны 1-р сар хүртэл малчнаар ажиллаж байсантай холбогдох баримт шүүхэд ирээгүй тул энэ хугацааны ажилласан жилийн баримтуудыг дахин цуглуулж бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дэмбэрэлийн Аюуш, Б.Саранцэцэг гэсэн нэр бүхий бичилттэй Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн 1981 оны 1 сараас 1989 оны 12 сар хүртэлх цалингийн 70 дугаар дансны хуулбаруудын жинхэнэ эзэмшигч нь Лаанууд овогт Барын Саранцэцэг мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НГ68062169 регистрийн дугаартай Лаанууд овогт Барын Саранцэцэгийн ажиллаж байсан жилийн зарим хэсгийг буюу Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайран нэгдлийн Бараат бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бараат бригадад 1980 оны 07 сарын 15-наас 1980 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.МӨНХЦЭЦЭГ