Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0012

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Бямбадавга,

иргэдийн төлөөлөгч Д.Отгончимэг,

гэрч Ц.А, Ц.А

шүүгдэгч Ө.Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ө.Ю , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э овогт Ө.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Э овогт Ө.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805016140265 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Булган аймаг .. дугаар баг ....... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр /өршөөл үзүүлэх тухай хууль/ хугацаанаас өмнө суллагдсан, ГЮ дугаарын регистртэй, Э овогт Ө.Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Булган аймаг ... дугаар баг ... тоотод оршин суудаг, Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

2003 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж, 2007 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр /өршөөл үзүүлэх тухай хууль/ хугацаанаас өмнө суллагдсан, ГЮ дугаарын регистртэй, Э овогт Ө.О.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Ө.Г  нь Ө.Ю тай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн ... тоотод 82 настай М.Д-г өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, биед нь байсан бэлэн мөнгийг авахаар өөртөө, бусдад эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор зодож, талийгаачийн гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

-2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын ... дүгээр баг ... айлын ... тоотод оршин суух иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 3  дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ... тоотод оршин суух иргэн Г.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Ө.Ю  нь Ө.Г тай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод 82 настай М.Д-г өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, биед нь байсан бэлэн мөнгийг авахаар өөртөө, бусдад эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор зодож, талийгаачийн гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарыгХүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г ын хэргийн талаар мэдүүлсэн: “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 01 цагийн үед А-д ирсэн. 14 цагийн үед бид нар хоол хийж идэх гэж байхад амь хохирогч хувцас угаалгамаар байна гэж орж ирсэн. Худаг 16 цагт онгойхоор би хувцасыг нь угаагаад өгье гэж хэлсэн. Юм ярьж сууж байгаад юм уумаар байна гээд мөнгө өгсөн. Тэр мөнгөн дээр нь надад 6000 төгрөг байсан болохоор нэмээд 1 шил 0,75 литрийн архи авч уусан. Тэр архиа дуусгаад дахиад 1 шил архи авч уусан. 16 цаг өнгөрөөд би усанд явж ирээд салхинд цохиулаад нилээн муудсан байсан. А  бас нилээн муудсан. Би орж ирээд согтоод унтаад өгсөн. Унтаж байхад намайг нэг хүн татаад чамайг цагдаад өгнө гээд байсан. Намайг зуураад тавихгүй болохоор нь би цохисон асуудал байгаа. Мөн А ыг харамласан асуудал бас байсан. Тухайн үед би уурласан байсан болохоор бухимдаад амь хохирогчийг дээр нь дэвсээд цохиж нүдсэн. А  намайг салгаад би больсон. Би А ыг цагдаа дуудна гэхээр нь зугтаасан.

Би 32-т байдаг дүүгийндээ ороод хүүхдээ очиж аваарай гэж хэлчихээд Чингэлтэй орсон. О т ирээд ахыг авгайтай нь цуг авч явсан гэсэн. Дараа нь Хайлаастад очоод нэг айлын хаалгыг нь нүдээд гэрт нь ортол цүнх байсан ба тэнд байсан хонины махтай цуг авсан. Тэгээд явж байтал А  над руу залгаад бөөн юм болсон, цагдаа дуудсан, хохирогчийн толгойд 2, 3 оёо тавьсан. Эмнэлэг аваад явсан биеийн байдал нь муу, ухаангүй байгаа гэж хэлсэн. Намайг 130.000 төгрөг өгвөл гайгүй шийдээд өгье гэсэн. Би А ынд очоод энэ тухай ярилцаж байгаад 1 дэх өдөр ирье гээд авч явсан хонины махаа үлдээгээд, ууттай юмаа аваад явсан. Өөрийгөө хэрэгт орох нь тодорхой гэж бодоод ганц юм ууж байгаад тасраад унасан байсан. Сэрээд тэндээсээ ахындаа очиж амраад маргааш нь босоод 1 дэх өдөр амь хохирогч дээр очъё гээд байж байтал А ын нөхөр нь манай ахын утсаар ярьсан. Намайг хаана байна гэхээр нь би ахындаа байна 1 дэх өдөр очино гэж хэлсэн. Надад настай хүний бие нь муу байна гэж хэлсэн. 1 дэх өдрийн шөнө 02 цагт А  2 цагдаатай хамт намайг ирж авсан. Намайг мөнгө авсан, хохирогчийг алсан гээд байна. Би хохирогчтой мөнгө төгрөгний талаар ярилцсан, мөнгө авсан асуудал байхгүй. Санаатай, онц харгис хэрцгий аргаар алсан гэдгийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ хүний амь нас хохироосондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ю ын хэргийн талаар мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би О тэй хамт Улаанбаатар хотод ирсэн. Учир нь би 4 дүгээр сарын 15-ны өдөр Турк улс руу явах гэж байсан. Улаанбаатарт ирээд О ийн найзынд очихоор Хайлаастад очсон. Гэтэл О  хүүгээ аваад ирье гэж яваад буцаж ирээгүй. Би О  рүү утсаар залгаж ярьтал надад уучлаарай би нөхрөөсөө салаагүй байсан гэж хэлсэн. 23-ны өглөө би аавтай ярьсан. Намайг нутагтаа эргээд ир гэсэн. Г  ахтай 23-ны өглөө ярьтал ачигчийн ажил байна гэж хэлэхээр нь би Барс зах ороод найзтайгаа уулзаад ногооны ажил хийхээр болсон. Үдээс хойш Г  ах, А  өөр бас хэдэн хүмүүстэй хоол хийгээд сууж байсан. А  эгч надад нэг юм авч өгнө гэж байсан. Тэр үед талийгаач орж ирсэн. Г  ах 0,75 литр архи хувааж уусан. Дараа нь дахиад 1 литр архи уусан. Г  ах усанд явж ирчихээд байж байтал А  эгч хувцастайгаа унтаад өгсөн. Г  ах А  эгчийн цаагуур ороод унтсан. Талийгаач бид хоёр ярилцаж байхад талийгаач надаас би энд хоночих уу гэж асуухаар нь тэг гэж хэлсэн. Талийгаач архи уумаар байна гээд өврөөсөө цэнхэр гялгар уутанд ороосон мөнгө гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд би нартай байхад гарч явсан. Гарч явахдаа өвгөн тасраад унасан юм чинь өглөө ирье гээд такси бариад 7 буудал руу том ахынх руугаа явсан. Ахындаа очтол төрсөн өдөр болж байсан. Том ахыгаа авгайтай нь аваад караокед очсон. Орсон караокены эзэнд нь 550.000 төгрөг хадгалуулсан. Өглөө ирж авъя гээд би явсан. Тэнд нэг хүүхэнтэй танилцаад 24-ний өглөө мөнгөө аваад дахин архи уугаад Хархорингийн ойролцоо буудалд ирж хоносон. 26-ны өглөө утсаа нээтэл Сэлэнгээ эгч над руу баахан залгасан байсан. Утсаа нээтэл намайг 130.000 төгрөг авсан уу, хүн зодсон гэж байна. Мөнгийг нь авсан бол авч ирвэл цагдаа дээр очоод гомдолгүй гэж хэлнэ гэж байна гэсэн. Тэгээд “Буянт Ухаа-2” дээр дүүгийндээ очоод байж байсан чинь намайг А  цагдаад өгсөн гэж хэлсэн. Би Г  ах өөрөө мэдэж байгаа гэж хэлсэн. 26-ны өдөр над руу О  залгаад намайг яагаад утсаа авахгүй байна гэж асуухаар нь яах юу байхав дээ зодоон хийчихээд зугтаж байна гэж хэлсэн. Г  ахыг О  хараагүй. Би зүгээр тэгээд хэлчихсэн. Мөн О т би Казакстанд байгаа эгч рүүгээ явлаа гэж хэлсэн. 28-ны өдөр О  над руу ирээд юу болсон бэ гэхээр нь би 7 сард гарч ирсэн учраас бөөн юм болно гээд О ээр билет авахуулсан. Би байцаагч, прокурор нарт үнэнээ хэлсэн. Тэгээд намайг шалгасан. Амь хохирогчоос авсан мөнгө 850.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

 

            Эрүүгийн 1805016140265 дугаартай хэргээс:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Ховд аймгийн харьяат хүн. Улаанбаатар хотод 2000 онд орж ирээд суурьшсан. Аав минь хотод манай гэрт 2017 оны 10 дугаар сард ирж манай эхнэр, 3 хүүхдийн хамт байх болсон. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр аав бид 2 гэртээ байсан. Би том өрөөндөө зурагт үзээд интернэтэд орж юм үзээд байж байсан чинь талийгаач аав маань “би энэ хойд айл руу орж угаалгын машинаа авмаар байна, манайхаас угаалгын машин аваад бараг 1 сар орчим боллоо, авах гэхээр зугатаад ердөө өгөхгүй юм” гээд 14-15 цагийн орчимд гарсан. Аавын 80972109 гэсэн дугаар луу өөрийн 88551880 гэсэн дугаараас анх 20 цаг 10 минутын үед залгасан чинь нэг эмэгтэй хүн авсан. Би аавтайгаа ярьмаар байна гэсэн чинь тэр эмэгтэй аав чинь манай гэрт унтаж байна гэж хэлсэн. Тэр үед цаана нь аавын минь дуу ёо ёо гээд дуугараад байсан. Би утсаа салгасан. Эхнэр Э д аав цаана нь ёо ёо гэж дуугараад байх юм жаахан юм уучихаад бөөлжөөд байгаа юм болов уу гээд эхнэрт хэлсэн. Эхнэр Э  гадагшаа ариун цэврийн өрөө орж бие засчихаад удалгүй 2-3 минутын дараа гэрт буцаж орж ирээд надад “энэ хойд айлд чинь юу болоод байна, цагдаа нар ирчихсэн юм биш үү” гэж хэлэхээр нь би хальт хувцас өмсөөд гарсан. Миний хойноос эхнэр бас гарсан. Би түрүүлээд Зулаа гэх эмэгтэйн гэрт яваад орсон чинь 2 цагдаа түрүүлж ороод зогсчихсон байсан. Яг хойноос нь эхнэр маань явж орсон. Намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. Би аавыг минь хэн ингэж зодсон юм бэ гээд хажууд байсан аяга аваад Зулаа гэх эмэгтэй рүү далайсан чинь хажууд байсан цагдаа намайг барьж аваад гарыг минь хойно бариад та ингэж болохгүй гээд хөдөлгөөгүй. Цагдаа нар “хэн ингэсэн юм бэ” гэж асуухад Зулаа хариуд нь эхлээд “бид хоёрыг байж байхад танихгүй хоёр хүн орж ирээд зодчихоод яваад өглөө” гэсэн чинь цагдаа нар “чи худлаа хэлж болхгүй шүү сүүлд нь асуудалд орно шүү” гэж хэлэхэд “за за миний таньдаг хүмүүс байгаа” гээд нэг нэр хэлээд утасны дугаарыг нь цагдаа нарт хэлж байсан. Би тэр үед юун тэр хүмүүстэй юм ярих аавыгаа эмнэлэг явах гээд ухаан санаа орон гаран байсан. Би өөрийн 88551880 дугаарын утсаар 103-т дуудлага өгсөн ба 40 минутын дараа ирсэн. Их удаж байж ирсэн. Би шууд ГССҮТ-рүү хамт суугаад явсан. Би машин дотор байхдаа ааваас “та юу болов оо” гэж асуухад хариуд “эд нар намайг зодож дээрэмдлээ” гэж хэлсэн. Аав надаас “одоо хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад нь “би эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлж чадаагүй. Очоод гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан бүр алдаад сэхээн амьдруулах тасагт ороод түүнээс хойш би юу ч ярьж чадаагүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан.

Миний аав 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкнаас тэтгэврийн өмнөх зээл дээрээ нэмж 1.050.200 төгрөг авсан байсан. Бид нарт зээл авсан гэдгээ нарийн хэлж байгаагүй. Өөртөө цагаан өнгийн ултай гутал 32.000 төгрөгөөр авлаа гэж ярьж байсан. Манай аав өөрийн тэр мөнгөнөөсөө өөртөө болон манай гэрт нэг ч төгрөг зарцуулаагүй. Миний бодлоор аавд тухайн үед 1.000.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна. Аавын түрийвчинд нь юу байсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд миний аавын амь насыг хохироож бүлэглэж зодсон, мөн эд зүйлийг нь дээрэмдсэн хүмүүст их гомдож байна. Өөрсдөө ийм эцэггүй юм шиг 80 нас гарсан хүнийг ингэж зодож хэрцгийгээр гэмтээж алсанд би гомдолтой байна. ...Хэрэг үйлдэгдээд багагүй хугацаа өнгөрлөө, энэ хугацаанд аавын минь амь насыг хохироосон хүн болон түүний ар гэрийн зүгээс хохирол мөнгө төлөх талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Тийм болохоор аавынхаа оршуулгын зардлыг болон тухайн үед аавын минь биед байсан мөнгийг тэр алуучид дээрэмдэж авсан. Энэ бүх хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. ...Миний сэтгэл санаа маш хүнд цочирдсон, уурласан, бухимдсан, хүн амьтантай зөв харьцаж чадахгүй тийм байдалд орчихсон байна. ...Би энэ зургийг хараад талийгаачийн авч явдаг байсан паск биш гэж бодож байна. Би А ын гэр лүү яваад орох үед цустайгаа холилдоод газарт хэвтэж байсан ба яагаад ингэсэн тухай асуухад миний таньдаг хоёр найз зодчихоод явчихсан гэж хэлсэн. Тэгээд би 103, 102-т залгаж дуудлага өгсөн. Энэ хоёр алуурчинд зохих ёсны ялыг эдлүүлэх, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35, 2 хх-ийн 65, 4 хх-ийн 21-23 тал/

           

            Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны баасан гаригт би хичээл тараад сургууль дээр байж байгаад ангийнхаа хүүхдүүдтэйгээ Зайсан гарсан Тэгээд орой 23 цагийн орчим гэртээ харьсан. ...Намайг гэртээ ирэхэд ээж А  2 орчим насны жаахан охинтой согтуу байсан. Тэр охин нь Г  гээд манай ээжийн найзын дүүгийн хүүхэд гэсэн ба ...манай байшингийн баруун хойд буланд байх толины урд хэсэгт хивсэн дээр цус болчихсон байсан. Ер нь нилээн их цус болсон байсан бөгөөд гэрт байдаг хүзүүний даавуун чернилэн ягаан өнгийн алчуураар арчсан бололтой тэр нь цус болчихсон байсан. Мөн байшингийн баруун хананд байх жижиг явган ширээн дээр 2 хоосон архины шил байсан. Санаж байгаагаар Хишигтэн гэсэн нэртэй архины шил хоосон байсан. Ширээн дээр хэд хэдэн аяга байсан ба 3 аяганд гоймонтой хуурга хийсэн нэг аягатай хоолны талыг нь идсэн нөгөө 2 нь дүүрэн шахуу байсан санагдаж байна. Ээж зүүн талын орон дээр хэвтэж байсан. Гэрийн бусад эд зүйл эмх цэгцтэй байсан. Тэгээд би ээжээс “юу болсон бэ” гээд асуухад ".. сая өвөөг түргэн ирээд аваад явлаа" гэсэн. Өвөө гэдэг нь манай хашааны урд талын хашаанд байдаг айлын аав нь гэсэн. Манайхаар байнга орж гардаг байсан хаяа нэг ээж, аав 2-той архи уудаг байсан бөгөөд 0,33 литрийн архи нэгийг хувааж уугаад л гардаг, 80 орчим насны хөгшин өвгөн байдаг юм. Миний мэдэхийн энэ өвгөн тэтгэвэр авсан гээд орж ирэхээрээ хаяа уудаг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар маргаж муудаж байгаагүй. Г  гээд ах бас энэ өвөөг танина. Харин урьд нь хамт архи дарс ууж байсан үгүйг мэдэхгүй.

Ээж хэлэхдээ "... Өвгөн, Г , Г ын дүү гээд эрэгтэй хүн /энэ хүнийг би бол мэдэхгүй урьд нь харж байгаагүй/ ээж 4-үүлээ архи уусан гэсэн. Тэгсэн ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г  нь чи цагдаа дуудлаа гээд ээжийг боож унагаад хөл гар луу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г  нь гараад явчихсан.." гэсэн. Миний ойлгосноор эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө хамт архи уусан Г , мөн түүний дүү нь гараад явчихсан байсан гэсэн. Ээж үүнийг надад ярихдаа нилээн согтуу байсан боловч болсон юмаа санаад яриад байсан. Эмнэлэг, цагдаа ирээд өвгөнийг аваад явсан байсан бөгөөд ээжийг жаахан хүүхэдтэй болохоор үлдээсэн гэсэн. Би гэрээ цэвэрлэсэн. Хивсэн дээр байсан цусыг арчих гэтэл ээж арчуулаагүй цагдаа ирж харах байх гэсэн. Би архины 2 шилийг гаргаж хогийн саванд хийгээд дутуу идсэн хоолыг асгаж цэвэрлэсэн. Цагдаа шөнө ирж үзлэг хийсэн. ...Манай гэрийн шар өнгийн скочоор бариулыг нь ороосон төмөр бахь байдаг. Тэр цус болчихсон хэвтэж байсан. Өөр ил мэдэгдэх зүйл байгаагүй. Хагарсан зүйл байгаагүй. Би гаднаас ирээд ээжтэй юм ярьж байхад Г  намайг боогоод гээд хүзүүгээ харуулахад хүзүү нь тойроод улайсан байсан бас зүүн хөлний гуяны гадна хэсэг нилээн том хөхөрчихсөн алхаж чадахгүй байсан. Одоо ч гэсэн арилаагүй байгаа байх. Өөр нүд ам нь хөхөрсөн зүйл байгаагүй. Маргааш нь өдөр 15 цагийн орчим ээж бид хоёр нөгөө Г ын дүү Мөөжиг гэсэн байх түүний жаахан охиныг 32 тойргийн тэнд гэрт нь хүргэж өгсөн. Тэнд Мөөжиг гэх хүний эхнэр нь хүүхэдтэйгээ хамт байсан ба Г ыг ирээгүй гэсэн. Тэндээс гараад Г ыг хайгаад Чингэлтэй орсон. Түүний ах Мөнхбатын гэрт очсон. Г  нь өөрөө утасгүй болохоор хайгаад очсон. Тэнд ах Мөнхбат нь эхнэр бас нэг эгчийн хамт байсан. Г ыг ирсэн үү гэхэд ирээгүй гэсэн. Тэнд очоод ээж Г  хөгшин настай хүнийг цохичихоод алга болчихсон цагдаа намайг Г ыг олж ир гэнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-41 тал/,

 

Гэрч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны ...14 цаг орчимд гэртээ ...ороод 20 минутын дараа миний 95025287 дугаарын утас руу Д  өвөө 80972109 дугаарын утаснаас залгаад “чи хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэж хэлсэн чинь “өвөө нь жаахан хувцас угаалгах гэсэн юм” гэхээр нь би “тэг тэг ороод ир” гэсэн. Тэгээд 10-15 минутын дараа манайд Д  ах тортой өмд цамц бариад орж ирсэн ба тэр үед Г , О т, Мөнхсайханы охин бид нар манайд жаахан хоол хийцгээх гээд бэлдээд байж байсан. Ингээд өвөө орж ирээд “би хөдөө явах гэж байгаа жаахан хувцсаа угаалгаад авчихвал шовгор буюу шагналыг нь өгнө, мөн өвөө нь ч гэсэн хөдөө явахаасаа өмнө ганц нэг юм уумаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за та тэгвэл нэг жижиг 0,33 гр архи авчихгүй юу даа” гэж хэлсэн. Ингээд Д  өвөө хар өнгийн бирюкен өмдний зүүн талын халааснаасаа 1 ширхэг 5000 дэвсгэрт, 1000 дэвсгэрт 1 ширхэг, тэгээд задгай 100-тын хэдэн дэвсгэрт өгөөд Г  архинд гарч явсан. Тэр үед би Г ад 0,33 гр архи аваарай гэж хэлсэн чинь доод талын Панда руу явсан байх, удалгүй том 0,75 гр Түмний хишиг гэдэг нэртэй архи авч орж ирсэн. Тэр үед би хоолоо хийсэн ба аяганд аягалаад бүгдэд нь хийж өгч идэцгээсэн. Мөн архиа хувааж уугаад жаахан манарсан буюу архиндаа халж эхлээд бүгд хоорондоо ярьж байгаад дахин 1 шил архи авч ууцгаая гэсэн чинь бид нар мөнгө байхгүй гэсэн чинь орон дээр О т бид 2-ын голд сууж байсан Д  өвөө дээрээ өмссөн цахилгаантай билүү дээ цамцаа сөхөөд сугандаа зүүсэн улаан өнгийн паскнаас 10.000 төгрөгийн бүхэл дэвсгэрт сугалж өгөөд Г ыг дахиад 0,75 гр архи аваад ир гэж хэлээд явуулсан. Удалгүй Г  Түмний хишиг гэдэг нэртэй арай том архи авч орж ирж орны өөдөөс бид 3-ын урдаас харж суусан. Ингээд би ууж байгаад нилээн согтсон ба нөгөө Мөнхсайханы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд хойноо оруулж өөрөө урдуур нь хэвтээд унтсан. Намайг унтах гээд хэвтэх үед өвөө, О т нар орон дээр суугаад харин Г  орны өөдөөс сандал дээр суугаад үлдэцгээсэн. Ингээд гэнэт орой миний архи жаахан гараад сэргээд босоод ирсэн чинь гэр маань чимээгүй болсон дээшээ өндийгөөд хартал газарт тольны урд талд Д  өвөө хажуу тийшээ хараад ёо ёо гээд дуугараад хэвтээд байсан. Тэгсэн чинь Г  гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д  өвөөг харсан чинь толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би Г аа чи өвөөг яаж байгаа юм бэ, цагдаа дуудна гэсэн чинь намайг ор луу хойшоо түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон ба миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. Ингээд сэргээд босоод иртэл Г  гараад зугтаагаад явсан юм. Би босч очоод өвөөг түшээд босгох гэтэл толгойноос нь цус гарч байсан. Тэгсэн чинь Д  өвөөгийн утас нь орон дээр байсан шиг санагдаж байна дуугарахаар нь аваад ярьсан чинь нэг эрэгтэй хүн байхаар нь байна гэсэн чинь аав байна уу гэхээр нь би өө унтаж байна гээд тухайн үед шоконд ороод хэлсэн. Ингээд би хэсэг хугацаанд их айж балмагдсан ба сандраад хэлж чадаагүй юм. Тэгээд удалгүй шууд цагдаад дуудлага өгсөн. 2 цагдаа орж ирсэн араас нь удалгүй Д  ахын хүү нь эхнэртэйгээ орж ирсэн. Тэр үед удалгүй эмнэлэг бас ирсэн юм. Ингээд Д  ахыг эмнэлэг рүү авч явсан. Ингээд цагдаа нар надаас хэн ингэв гэж асуухад нь би өөдөөс нь манайд байсан Г , О т нар ингээд явсан байх гэж хэлсэн.

...Намайг унтах үед Г , О т, Д  өвөө нар цуг л зүгээр архи уугаад яриад сууж байсан шүү дээ. Тэгээд босоод ирсэн чинь Д  өвөө ийм болчихсон, харин гэрт хэн ч байхгүй гаднаас Г  орж ирэхээр нь яаж байгаа юм бэ, цагдаад хэлнэ гэхэд намайг хүртэл алах гэж тэгж боосон юм чинь би тэр 2 хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж бодно шүү дээ. Угаасаа тэр 2 тэгсэн гэж бодож байна. Урьд өмнө нь манайд хүмүүс ирж архи уугаад явдаг л байсан тэр үед ийм аймаар асуудал гарч байгаагүй харин анх удаагаа ийм хэрэг гарлаа. Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10,000 төгрөг гаргаж өгч байсан. Тэр мөнгийг Г  О т нар харчихаад мөнгийг авах гээд л зодож цохьсон байх. Өвөөг орж ирэхээс өмнө нь О т Г  нар ярилцаж байхдаа О т нь би гэр лүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан ба дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа бүтээж өгөх нь үү гэж ярьж байсан. Талийгаач улаан өнгийн яг түрүүвч гэхэд хэцүү хавтас аятай зүүдэг паск шиг юм гаргаж ирээд тэрнээсээ мөнгө төгрөг гаргаж байсан. Би хальт харахад тэр пасканд нь нэлээн хэдэн төгрөг байх шиг байсан. Яг хэдэн төгрөгтэй байсныг нь мэдэхгүй. Хэрэг болсны маргааш нь манай охин Алтансувд гэр цэвэрлээд байж байтал манайд байсан хувцас хийдэг хар хайрцагны араас өвөөгийн улаан паскыг олсон гэсэн. Пасканд нь нэг ч төгрөг байгаагүй гэж байсан. Тэрийгээ манай охин маргааш нь надад хэлсэн ба тэр паскыг нь шүүгээнд ил хийчихсэн байсан гэсэн. Миний бодлоор бол Г , О т 2 л мөнгө төгрөгийг нь харчихаад цохиж зодсон байж магадгүй, Манайх тогооныхоо урд талыг бахиар эргүүлдэг болохоор бахь газар эсхүл ширээн дээр ил байдаг байсан. Тэр бахиар цохисон байж магадгүй юм. О т бол мөнгөний хэрэг байна гэж ярьж байсан, Г  болохоор намайг цагдаа дуудлаа гэсэн чинь боож чамайг алчихья гээд байсан. Аль аль нь байж ч магадгүй... ...О т нь Булган руу аав ээжийнхээ гэр лүү явмаар байна гэж хэлж байсан ба зардал мөнгө хаанаас хэнээс олох вэ гэж ярьж байсан. Надаас мэдүүлэг авсан мөрдөгч тэр хоёрыг өвөөгийн мөнгө авсан гэж бодож байна уу гэж асуухаар нь би тэгж хэлсэн, түүнээс би өвөөгийн мөнгийг тэр хоёр авч байгааг хараагүй. Зодож байхыг хараагүй, би сүүлд нь сэрээд харахад өвөө газарт хэвтэж байсан тэгээд цагдаа дуудсан юм. Тухайн үед бид нарт архины мөнгө өгөхдөө энгэртээ улаан өнгийн паск зүүсэн байснаасаа мөнгө гаргаж өгч байсан. Тэр паскыг хараад танина. Энэ мөн байна. Хэрэг гарсны дараа манай охин гэрээ цэвэрлэж байгаад тэр паскыг олоод байж байхад Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч манайд ирэх үед нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-45, 2 хх-ийн 157-159, 3 хх-ийн 227 тал/,

 

Гэрч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Улиастайд би найз нартайгаа явж байхад О т таараад танилцсан юм. Ингээд дотно харьцаатай болсон. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймаг руу О тын араас очсон. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр О ттай хамт хотод ирсэн. Би өөрөө гэр бүлтэй боловч таарч тохирохгүй байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О т нь төрсөн ах Мөнхбатын хүүхэд Мөөжигийн гэрт 32 тойргийн ойролцоо байсан. Би хотод ирээд 19-ний өдөр гэртээ харьсан. Түүнээс хойш би гэртээ байсан ба О ттай утсаар ярихаар хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь очиж чадаагүй. Тэгсэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байх М-н эхнэр О-тэй утсаар ярихад "О т чамд гомдоод архи уугаад хүн зодсон гэнэ, одоо хаана байгааг мэдэхгүй" гэсэн юм. Тэгээд О ттай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би О тын 88655002 гэсэн дугаар луу залгасан чинь утсаа авсан. Тэгээд юу болов гэхэд "...би Баянхошуунд найзындаа байна. Г ах Ж бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд би ганц цохисон чинь унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон Эмнэлэг, цагдаа дуудсан чи яв гэж Ганбаа ах хэлэхээр нь би зугатчихлаа” гэсэн юм. Юунаас болсон гэхээр хамт архи уугаад хальт муудаад цохисон гэснээс тодорхой юм яриагүй.

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа хороололд
байдаг С эгчийнх нь хүүхэд Х-н гэрт дуудахаар нь очсон юм.
О т тэнд байсан. Ингээд хамт хоносон. Энэ үедээ О т би архи
уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн, толгой нь хагараад цус болсон байсан гэж ярьсан. Г  ах намайг яв гээд би явчихсан гэсэн. Г  ах М ахынд байгаа гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Харин энэ үед Туркээс эгч нь 150 ам.доллар шилжүүлсэн байсан. Турк явах юм ярьсан ба хэрэгт холбогдоод яаралтай явах болсон гэсэн. 29-ний өглөө босоод шууд эгчийнхээ шилжүүлсэн мөнгийг аваад Драгон орж надаар Баян-Өлгий явах автобусны билет 80.000 төгрөг өгч авахуулсан. О т өөрийнхөө нэрээр билет авч болохгүй байх гээд байсан. Ингээд салаад 15 цагийн үед уулзахаар болоод явж байтал Хархорин зах дээр О тыг цагдаа бариад авсан... ...2018 оны 3 дугаар сарын 23-ны орой би 21 цагийн үед Оюунгэрэл эгчтэй утсаар ярихад “О т уйлж унжаад хэцүүхэн байна даа” гэж халамцуу байдалтай ярьсан ба М ах согтуу байсан. Яагаад архи уусныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48 тал/,

 

Шинжээч эмч Т.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна. Талийгаач Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн 2 хоног эмчлэгдсэн байсан, ер нь согтууруулах мансруулах бодис нь 24 цагийн дотор биеэс бүрэн ялгарч гадагшилдаг тул шинжилгээ аваад согтруулах, мансруулах бодис илрэхгүй гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /1 хх-н 215-216 тал/,

 

Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г  ахтай цагаан сараас хойш уулзаагүй байсан ба О т ахтай 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр намайг ажилтай байхад манай гэрийг ээж рүү залгаж асууж байгаад заалгаад очсон байсан. Манайд нөхөр Төмөр-Өлзий байсан. Ингээд 25-ны орой гэртээ харих үед О т ах ирчихсэн байсан. Манайд 3 хоноод сүүлийн 3 дахь хоног дээрээ найз хүүхэн О гэсэн нэртэй хүнийг авчираад хамт хоноод маргааш өглөө нь 09 цагт намайг ажилдаа явах үед хамт тэр хоёр гараад явсан. Түүнээс хойш уулзаагүй. Сүүлд ээж Сэлэнгэтэй утсаар ярьж асуухад О т ах чинь хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбогдсон. Маргалдсан хүн нь настай хөгшин хүн гэж хэлсэн түүнээс өөр зүйл мэдэхгүй. Манайд надтай хамт 2 хонохдоо О т ах нь Мөнхбат ахынд хонох гэж байхад Г  ирээд айлд хамт очоод ирэх үү гээд дагуулж гараад тэр айлдаа очоод архи уусан гэсэн. Ингээд нэг хөгшин хүн байсан тэрэнтэй маргалдаж түлхэж унагаад гаргаад ирсэн гэхээр нь тэндээ хоносон юм уу гэхэд хоноогүй гэж л хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй. Надад ямар учраас маргалдсан гэдгээ хэлээгүй. Түлхэж унагаад гараад явсан гэсэн ба насны хувьд манай том ах Мөнхбат ахын үеийнх гэж хэлсэн. О т ах манайд ирэхдээ ямар ч мөнгөгүй ирсэн. Манай ээжийн эгч Т нь Туркээс миний данс руу мөнгө явуулж түүнийг авах үед 360.000 төгрөг байсныг би авч өгсөн. Манайхаас найз хүүхэнтэйгээ хамт гарч явсан Баян-Өлгий рүү автобусаар явж тэндээсээ Казасктан явж ажил хийнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-18 тал/,

 

Гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 сарын 23-ны өдөр 24 цагаар Баянгол дүүргийн 7, 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд авто эргүүлийн үүргийг 24 цагаар цагдаа жолооч ахлах ахлагч Баяртогтохын хамт гүйцэтгэж ажиллаж байсан. Би уг дуудлаганд очсон гэдгээ санаж байна, уг дуудлаганд эхлээд манай аавыг арын айлын эмэгтэй уруу татаж архидаад байна гэж ирсэн. Удалгүй дахин уг хаяг дээр хүмүүс архи ууж зодолдоод байна гэсэн дуудлага ирээд эхний дуудлагыг давхардсан гэж табан дээрээ хайж дараагийн дуудлаганд очиж 103 ирээд хүлээлгэн өгсөн гэснээр хаасан санагдаж байна. Уг хаягт очих үед хашаан дотор жижиг хэмжээтэй байшин байсан ба байшин дотор нэг өвгөн /Д / нь толгойгоо бариад явган суучихсан байсан ба таны бие яаж байна гэж асуухад толгой өвдөөд байна гэж хэлээд ёолоод байсан ингээд хартал толгойн оройн хэсгээс цус гараад байгаа харагдсан ба тэр хавиар цус гараад шал цус болчихсон байсан. 103-ыг хүлээж байх хооронд тухайн өвгөний хүүхэд гэх залуу орж ирээд энэ хүүхэн манай аавыг уруу татаж архи уулгаж, одоо бүр хүнээр зодуулсан байна гэдгийг хэлсэн. Ингээд тухайн үед нөгөө хүүхэд нь гэрийн эзэн гэх эмэгтэйтэй маргалдсан, өвгөний хүүхдийг гэрээс гаргаад гэрийн эзэн гэх эмэгтэйгээс юу болсон бэ гэхэд эмэгтэй надад "өвгөн манай хүүхдүүд намайг гэрээсээ хөөгөөд байна” гэж хэлээд хувцсаа угаалгах гээд орж ирсэн гэсэн ба ингээд "нэг шил архи уусан" гэж хэлж байсан. Ингээд "гаднаас 2 залуу ирээд хамт архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч ууцгаасан" гэсэн юм. Намайг очих үед гэрийн эзэн эмэгтэй, өвгөн бас нэг жаахан хүүхэд нар л байсан. Өвгөнөөс юу болсон бэ гэхэд толгой өвдөөд байна л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г , түүний дүү нартай маргалдсан, ингээд Г  нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 177-178/,

 

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О т 2018 оны 3 дугаар сарын 23-ны 16 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 35-376 тоот гэрт ирсэн. Эгч нараас мөнгө ирсэн, би маргааш Баян-Өлгийгөөр дамжиж Казакстан явна, тэгээд цаашаа Турк явна. Та хоёртой ирж уулзъя гээд ирлээ гэсэн. Нөхөр Мөнхбат, дүү О т нартай караокед орсон. Тухайн үед караокед ороход 18 цагийн үед орсон байх гэж санаж байна. Тэндээ 5 цаг гаруй суугаад гарч ирсэн. Харих гэхэд автобус зогсчихсон байсан. Тэгэхээр 23 цаг болж байсан байх гэж бодож байна. Автобус зогсчихсон юм чинь та 2 таксидаад харь гээд 10.000 төгрөг өгсөн. Караокены тооцоог манай нөхрийн дүү Ө.Ю  хийсэн...” / 4 хх-ийн 15 тал/,

 

Гэрч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Ө.Ю  нь миний отгон дүү байгаа юм. .2018 оны 3 дугаар сарын 23-ны 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 35-376 тоот гэрт ирсэн. Ө.Ю аас хаа хүрч яваа юм гэхэд Ө.М, Ө.С эгч нараас мөнгө ирсэн. Би маргааш Казакстан явна тэгээд та хоёртой уулзъя гээд ирлээ гэсэн. Бид 3 хорооллын эцсийн нэг караокед орсон нэрийг сайн мэдэхгүй байна. Караокены тооцоог дүү О т хийсэн. Таксидаад харь гээд 10.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг / 4 хх-ийн 16-17 тал/,

 

Шүүгдэгч Ө.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12-р сараас хойш БГД-ийн 9-р хороо Горькийн 5-139 тоотод амьдарч байгаа. Энэ хугацаанд би Батжанцан болон түүний эхнэр А тай хамт гэрт нь амьдарч байсан. Б-н танил ах нь бид 2-ыг ажилд оруулж өгнө гэж хэлээд Б-г 2018 оны 3-р сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилд оруулсан. Харин намайг дараагийн ээлжинд нь оруулж өгнө гэж хэлсэн. Ингээд би А тай хамт гэрт нь үлдэж хань болдог байсан. 2018 оны 3-р сарын 22-ны өдөр А  Чингэлтэй рүү нэг ахындаа хононо гээд яваад өгсөн. Харин би ганцаараа гэрт нь хоночихоод өглөө 32-ын тойрогт амьдардаг Мөнхсайханы гэрт очиж мөнгө авч хоол ундны юм цуглуулна гээд очоод байж байсан чинь А  гаднаас шууд ороод ирсэн. Ингээд би өө ашгүй хамт харьцгаая гээд мөнгөө авчихаад замаараа хоолны юм цуглуулаад 14 цагийн үед гэрт нь ороод нэг хоол хийгээд идэцгээе гэж бодоод байж байтал 14 цаг өнгөрч байх үед гаднаас Д  өвөө ганцаараа гартаа нэг тортой хувцас барьчихсан орж ирсэн. Ингээд А аар хувцсаа угаалгана гээд хэлсэн чинь А  тэг тэг гээд хэлсэн. Ингээд А  өмнөх орой нь архи уучихсан дотор нь жаахан тааруу байх шиг байсан ба Д  өвөөгөөс та жижиг 0.33 гр архи аваад өгөөч гэхэд Д  өвөө тэг тэг гээд биеэсээ 5000 төгрөг гаргаж өгөөд сууж байтал гаднаас миний төрсөн дүү О т ороод ирсэн. Мөн 1000 гаран төгрөг өгсөн ба би дэлгүүр ороод 0,75 гр архи авч ирээд бид 4-лээ хувааж ууцгаасан. Бид нар бүгдээрээ жаахан халсан ба өвөө би нэг шил архи авчихъя гээд дахин 10.000 төгрөг өгөөд би дахин дэлгүүрээс 1 литрийн архи авч бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэр үед их муудацгаасан ба би түрүүлээд газарт байсан матраасан дээр хэвтээд өгсөн. Харин өвөө А  нар дээр орон дээр зөрөөд хэвтсэн, харин О т зурагт хараад сууж байсан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн чинь намайг А  сэрээгээд хөөе өвөөг хараачээ өвөө ийм болчихсон байна гэхээр нь харсан чинь нүүр ам нь нил цус болчихсон зодуулсан янзтай байж байсан ба А  би цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь тэг тэг гэж би хэлээд айгаад гараад явсан. Гарч явахаасаа өмнө нь А аас О тыг асуусан чинь надад би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би О тыг ингэсэн байна гэж бодоод хайж Чингэлтэйд байдаг Мөнхбат гэдэг том ахынхаа гэрт нь очсон тэгсэн чинь тэнд ирээгүй байсан. Ингээд би түүний 88655002 гэсэн дугаар луу нь удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Би маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр аав Өлзий рүү 99616502 дугаар луу нь залгасан чинь аав надад та 2 юу хийгээд яваад байгаа юм бэ цагдаагаас асуугаад байна та нар хүнтэй архи уучихаад согтоочихоод мөнгийг нь аваад явчихсан юм уу гэж хэлэхээр өөдөөс нь би тэгээгүй харин сонин юмдаа гэж хэлээд О тын утас нь холбогдохгүй байна олчихвол тэр мөнгө төгрөгийг нь хурдан аваад өгчих юмсан гэж аавд хэлсэн. Ингээд би энэ асуудлыг том ах Мөнхбатад бас хэлсэн юм. Би 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнө ах Мөнхбатын гэрт унтаж байсан чинь цагдаа нар ирээд авч ирсэн юм. Би тэр хүнд огт гар хүрээгүй, унтаад босоод ирсэн чинь л өвөө тийм болчихсон харин манай дүү О т байхгүй явсан, гар утас нь холбогдохгүй байсан юм. Би О тыг тэр хүнийг цохиж зодсоныг нь хараагүй унтаж байсан юм. /1 хх 84-91 тал/,

...А  тухайн үед байсан жаахан хүүхдийг тэврээд хэвтэх үед Д  өвөө хөлийг нь дэрлээд хэвтсэн ба би газар хэвтээд өгсөн, О т үүдэнд сууж байгаад ингэсгээд явлаа гэж ярьж байсан, би хэсэг зүүрмэглээд байж байхад өвөө гэнэт намайг сэрээж одоо эндээс яв гэхээр нь би юу гээд солиороод байгаа юм бэ унтаач гэж хэлээд хартал А  хүүхэд тэврээд унтаж байсан. Өвөө орон дээр сууж байсан. Дахин намайг сэрээгээд зайл яв гэхээр нь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ хэсэг амарчихгүй гэж хэлээд босоод хартал плитканы асаадаг бахь газарт байхаар нь гартаа барьж байгаад өвөөгийн толгойны дагз хэсэгт 3-4 удаа цохиод автал сөгдөөд суухаар нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед А  босож ирээд намайг болиочээ цус нөжтэй нь холиод хаячихлаа гээд орилж өвөөг хар гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. Ингээд намайг байж бай цагдаа дуудна өвөөгийн хүүхдүүдийг дуудна гэхээр нь би А ыг ор луу нь түлхэж хаяад гараад явсан... /2 хх-ийн 23-26 тал/, ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ар гэрийнхээ хүмүүст боломжоороо төлбөрийг төл гэдгийг дамжуулан хэлсэн... /2 хх-ийн 37-38 тал/

...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонссон хэргийнхээ талаар удаа дараа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, зүйл ангийг ч хүлээн зөвшөөрч байгаа. / 2 хх-ийн 68-69 тал/,

“...Намайг дүүгийнхээ хамт бүлэглэн хүн алсан гэж зүйлчилээд байгааг ойлгохгүй байна. Тухайн үед хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж бодож байна. Тэр хүн намайг унтаж байхад татаж чангааж сэрээгээгүй бол ийм хэрэг гарахгүй байсан байхаа гэж бодож байна. Бүлэглэн хүний амь нас хохироосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна...” / 4 хх-ийн 122-123 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Ө.Ю ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... оиход Г  ах Жижгээ гээд Батаагийн эхнэртэй хамт гоймонтой хуурга хийгээд байж байсан ба манай том ах Мөнхбатын хүүхдийн 2 ойтой хүүхдийг гэртээ аваад ирсэн байсан юм. Ингээд бид 3 байж байхад гаднаас Батаагийн урд талын айлын хүн гэх 60-70 орчим насны өвгөн ороод ирсэн. Энэ хүн халамцуу байсан бөгөөд орж ирээд 7.000 төгрөг өгөөд архи аваад ирсэн. Г  ах архинд явсан бөгөөд нэг шил 0,75 литрийн шинэ гарсан гэх архи аваад ирсэн. Түүнийгээ 4-лээ хувааж ууж дуусахад нөгөө өвгөн халааснаасаа дахин 10.000 төгрөг гаргаж ирээд мөн Г  ахыг архинд явуулсан. Г  ах түрүүнийхтэй адил боловч 1,0 литрийн архи авчирсан юм. Түүнийг нь уугаад арай дуусаагүй байж байхад Г  ах, Жижгээ эгч 2 унтаад өгсөн. ...Өвгөн нөгөө 2-ыг согтсоны дараа өмсөж явсан улаан эрээн куртикны дотор талын халааснаас баахан мөнгө гаргаад ирсэн ба намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгсөн. Мөнгийг аваад тоолоход 10.000 төгрөгийн дэвсгэртээр 130.000 төгрөг байсан юм. Би мөнгийг аваад гарахдаа өвгөнийг унтаж бай гээд хойшоо түлхээд унагасан.  ...Учир нь тухайн үед өвгөн “...чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би та байж бай гээд хойшоо татаад хэвтүүлсэн. Тэгээд би гараад явсан ба салхинд цохиулаад согтсон байсан юм. Нэг сэргэхэд би хорооллын ойролцоо бааранд пиво уугаад сууж байсан. Одоо санахгүй байгаа ба хаана байгаагаа ч гэсэн мэдэхгүй байсан. Согтуу явж байгаад Гандангийн орчим л байх нэг буудалд ганцаараа унтаж байсан. Босоод ирэхэд тал шир архи байсныг уусан. Ингээд утсаа асаагаад Мөнхбат ах над руу залгасан бөгөөд “...Ганбаа ахыг чинь бариад явчихсан чи яачихсан юм бэ” гэсэн. Тухайн үед надад 30.000 төгрөг үлдсэн байсан юм. Ингээд би нисэхэд байх дүү Эрхэсхулангийн гэрт очоод хоносон ба тэндээ байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр О тэй утсаар яриад дуудсан бөгөөд хамт хоносон. Орой нь манай Туркэд байдаг эгч М-с 160 ам.доллар ирсэн юм. Тэгээд өнөөдөр өглөө босоод мөнгөө солиулаад би Баян-Өлгий рүү явахаар шийдсэн. Тэнд манай Нурлан гээд найз байдаг сураг байдаг. Түүн дээр очих гэсэн юм. Өглөө Драгон дээрээс О ийн нэрээр Баян-Өлгий рүү 15 цагт явах автобусны билет авахуулсан. Казакстанд миний төрсөн эгч Н байдаг юм. Түүн дээр очих гэсэн боловч ажил төрөл байхгүй гэхээр Баян-Өлгий орж ажил хийе гэж бодсон юм. Би энэ хэрэгт ял авч шоронд орно гэхээс айсан юм. Тэгээд зугтсан юм. ...өвгөн архины мөнгө эхлээд паспорт хийдэг юм шиг юмнаас гаргаж Г ад өгч байсан. Энэ хоёр унтсаны дараа өвгөн куртикны дотор талын халааснаас 130.000 төгрөг гаргаж ирсэн юм. Жижгээ гэх А , Г  болон надад мөнгө байгаагүй. Энэ өвгөнийг би зодоогүй мөнгийг өгөхөд нь би аваад өвгөн хамт гаръя гээд байхаар нь хойшоо түлхэж орон дээр унагасан. Тэгээд байшингаас гарсан ба тэр 3 үлдсэн. /1 хх-ийн 93-104 тал/

...А  эгч орон дээр хэвтээд өгсөн чинь Г  хажуугаар нь ороод хэвтсэн. Өвгөн чи энд хонох юм уу гэхээр нь хононо гэхэд аан за гээд зүүн талын дотор талаас 130.000 төгрөг гаргаж ирээд надад өгөөд би бас энд хононо гэсэн. Тэгснээ удалгүй дахин өврөө ухаж байгаад цэнхэр гялгар ууттай мөнгө гаргаж ирээд за үүнийг чи бас хадгалж бай гэж хэлээд өгсөн. Би мөнгийг тоолохгүйгээр шууд халаасандаа хийгээд за тэгвэл өвөө би нэг пиво нэг тамхи аваад ирэх үү гэхэд хоёулаа хамт явна гэсэн. Тэгэхээр нь би та сууж бай гэж хэлээд ганцаараа гарахад гадаа харанхуй болж байсан ба зүүн гар тийш эргэж гудамж уруудан зам гараад такси барьсан. ...Д  эхлээд өгөхдөө 130.000 төгрөг, дараа нь цэнхэр гялгар ууттай мөнгийг авсан ба тэр мөнгийг таксинд сууж явах үедээ тоолох үед 720.000 төгрөг байсан юм. Нийтдээ 850.000 төгрөг авсан... /2 хх-ийн 28-31 тал/, ...Би ар гэрийнхээ хүмүүст төлбөрийг төл гэдгийг өмгөөлөгчөөр дамжуулан хэлсэн байгаа тул яаралтай хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 35-36 тал/, ...Би тогтоолыг уншиж танилцсан. Намайг ямар байдлаар хүний амь нас хохироосон хэрэгт төрсөн ахтай минь хамт үйлдсэн гэж үзээд байгааг ойлгохгүй. Би тэр хүний өгсөн мөнгийг аваад явсан гэдгээ өмнөх мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Бүлэглэн хүний амь нас хохироосон зүйл байхгүй...” / 4 хх-ийн 124-125 тал/ гэх мэдүүлгүүд,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-6 тал/,

           

            Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 7 тал/,

 

            Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 9-14 тал/,

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 15 тал/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 16-21, 22-26 тал/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 27-31 тал/,

 

             Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 хх-ийн 122 тал/,

           

            Хаан банкны тэтгэврийн зээлийн өргөдөл /1 хх-ийн 142 тал/,

           

            Хохирлын баримтууд /1 хх-ийн 143-149 тал/,

           

            Амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2 хх-ийн 1-15 тал/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6455 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан түрийвч шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн улаан түрийвчний таганд тогтоочны суурины 2 ширхэг нүхэнд ямар нэгэн гэмтэл илрээгүй тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр эд зүйл унасан болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн улаан түрийвчинд гарсан 15x5мм, 10x3мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад олон удаагийн гарсан хуучин сэтэрсэн гэмтлүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан түрийвчинд гарсан 10x195мм, 172x30мм, 190x80мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 199-201 тал/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 2270 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 180 мм, 6х5 мм, 8х6 мм, 180 мм хэмжээтэй 4 ширхэг хуучин урагдалт, футболканд 181 мм, 88 мм хэмжээтэй шинэ, 9х9 мм хэмжээтэй хуучин урагдалт, хар өнгийн өмдөнд 40 мм, 24 мм, 10 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин ханзралт, дотоожинд 36 мм, 11х6 мм, 5х9 мм, 3х2 мм, 6х7 мм, 18х7 мм, 4х2 мм, 130х6 мм хэмжээтэй 8 ширхэг хуучин ханзралт, урагдалт, цооролтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байсан. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцанд дулааны үйлчлэлээр гарсан 7х11 мм, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин цооролт байна. 7х11 мм хэмжээтэй талбайд гарсан цооролт нь 3 удаагий, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй цооролцууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Урагдалт, цооролт, ямар хугацаанд үүссэн байж болох эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн шуумагны ард талд, 16.5 см урттай 2 ширхэг, 11.7 см урттай 1 ширхэг саарал өнгийн утасны ширхэгт илэрснийг хүргүүлэв” гэх дүгнэлт /1 хх-ийн 49-50 тал/,

          

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 3711 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн 2018.03.23 өдөр БГД-ийн 9-р хороо горькийн ... талд айлд зодуулсан гэх /45-р тэмдэглэсэн газраас авсан цус мэт улаан хүрэн шингэн дээж 1 ш/ а/д Ц.Сэргэлэн гэсэн хаягтай цаасан уутанд гялгар уутанд хийсэн хөвөн бамбар 1 ширхэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2018.03.23 өдөр БГД-ийн 9-р хороо горькийн ... талд айлд зодуулсан гэх/ 45-р тэмдэглэсэн газраас авсан цус мэт улаан хүрэн шингэн дээж 1 ш / а/д Ц.С гэсэн хаягтай цаасан уутанд гялгар уутанд хөвөн бамбар 1 ширхэг дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 55 тал/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 2207 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн “1” дугаартай 2 ширхэг гарын мөр, М Д , Ц А, Ц А  нарын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай 6 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн “1” дугаартай 2 ширхэг гарын мөр санд MN0001100224322 дугаарт бүртгэгдсэн Ө.Г ын зүүн гарын чигчий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 59-66 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн 3716 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй 20 см урттай төмөр бахин дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Шар өнгийн иштэй 20 см урттай төмөр бахин дээр илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 179 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 3717 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ноосон цамц, хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмд, судалтай хөх өнгийн цамц, цайвар цэнхэр өнгийн футболкан дээр цус илэрсэн. Бор өнгийн ноосон цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, судалтай хөх өнгийн цамц, цайвар цэнхэр өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн даавуун өмдөн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Цэнхэр алаг өнгийн дотоож, 4 ширхэг хар хөх өнгийн оймсон дээр цус болон биологийн гаралттай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 180 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 764 тоот: “...1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гаргсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаач нь ГССҮТ-д 2 хоног эмчлэгдсэн байх тул согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй.

4. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь ГССҮТ-н 03196 тоот өвчний түүхэнд дурьдсанаар АВ4-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 181-183 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 184-186 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 460 тоот: “... 1. Ө.Г  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. Ө.Г  нь сэтгэцийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Одоо Ө.Г  нь сэтгэцийн өвчингүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Ө.Г  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Ө.Г  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Ө.Г  нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 241-243 тал/,

 

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 459 тоот: “... 1. Ө.Ю  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. Ө.Ю  нь сэтгэцийн эмгэггүй байна. Эмчилгээнд хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна. Одоо Ө.Ю  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Хэрэг үйлдэх үедээ Ө.Ю  нь сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Ө.Ю  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. Ө.Ю  нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 245-247 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

         Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г , Ө.Ю , гэрч Ц.А  болон амь хохирогч М.Д  нар хэрэг учрал болсон 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод буюу гэрч Ц.А ын гэрт архи согтруулах ундааны зүйл хэрэглэж хамт байсан, архи авч уух мөнгийг нь амь хохирогч гаргаж байсан, улмаар шүүгдэгч Ө.Ю  нь амь хохирогчийн биед бэлэн байсан 850.000 төгрөгийг авч явсан, 82 настай амь хохирогч М.Д нь зодуулсаны улмаас биедээ олон тооны шарх, гэмтэл авч гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нар “...Хохирогчийг унтуулахгүй сэргээд байхаар нь уурандаа зодсон. Дүү О ттай бүлэглэж зодсон, амь насанд нь хүрсэн зүйл байхгүй. Мөн хохирогчоос ямар ч мөнгө төгрөг авах зорилго байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин амь насыг хөнөөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэж, шүүгдэгч Ө.Ю , түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар “...Энэ хэрэгт холбогдолгүй. Талийгаачийн биед нь байсан мөнгийг өөрөө өгөхөөр авч явсан нь үнэн боловч талийгаачийг цохиж зодсон асуудал байхгүй. Архи ууж байгаад эрт гараад явсан. Гэм буруутайд тооцох шууд нотлох баримт байхгүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулгатай дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-н “...Намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. Би аавыг минь хэн ингэж зодсон юм бэ гээд хажууд байсан аяга аваад Зулаа гэх эмэгтэй рүү далайсан чинь хажууд байсан цагдаа намайг барьж аваад гарыг минь хойно бариад та ингэж болохгүй гээд хөдөлгөөгүй. Цагдаа нар “хэн ингэсэн юм бэ” гэж асуухад Зулаа хариуд нь эхлээд “бид хоёрыг байж байхад танихгүй хоёр хүн орж ирээд зодчихоод яваад өглөө” гэсэн чинь цагдаа нар “чи худлаа хэлж болхгүй шүү сүүлд нь асуудалд орно шүү” гэж хэлэхэд “за за миний таньдаг хүмүүс байгаа” гээд нэг нэр хэлээд утасны дугаарыг нь цагдаа нарт хэлж байсан. ...Би машин дотор байхдаа ааваас “та юу болов оо” гэж асуухад хариуд “эд нар намайг зодож дээрэмдлээ” гэж хэлсэн...” гэх, гэрч Ц.А-н “...манай байшингийн баруун хойд буланд байх толины урд хэсэгт хивсэн дээр цус болчихсон байсан. Ер нь нилээн их цус болсон байсан бөгөөд гэрт байдаг хүзүүний даавуун чернилэн ягаан өнгийн алчуураар арчсан бололтой тэр нь цус болчихсон байсан. Ээжээс “юу болсон бэ” гээд асуухад "…сая өвөөг түргэн ирээд аваад явлаа, …өвгөн, Г , Г ын дүү гээд эрэгтэй хүн 4-үүлээ архи уусан. Ээж түрүүлээд согтчихсон. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г  нь орж ирээд чи цагдаа дуудлаа гээд ээжийг боож унагаад хөл гар луу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г  нь гараад явчихсан гэсэн..." гэх,  гэрч Ц.А ын “......Намайг унтах үед Г , О т, Д  өвөө нар цуг л зүгээр архи уугаад яриад сууж байсан шүү дээ. Тэгээд босоод ирсэн чинь Д  өвөө ийм болчихсон, харин гэрт хэн ч байхгүй гаднаас Г  орж ирэхээр нь яаж байгаа юм бэ, цагдаад хэлнэ гэхэд намайг хүртэл алах гэж тэгж боосон юм чинь би тэр 2 хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж бодно шүү дээ. Угаасаа тэр 2 тэгсэн гэж бодож байна. ...Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10,000 төгрөг гаргаж өгч байсан. Тэр мөнгийг Г  О т нар харчихаад мөнгийг авах гээд л зодож цохьсон байх. Өвөөг орж ирэхээс өмнө нь О т Г  нар ярилцаж байхдаа О т нь би гэр лүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан…” гэх, гэрч Б.О ийн “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байх Мөнхбатын эхнэр Оюунгэрэлтэй утсаар ярихад "О т чамд гомдоод архи уугаад хүн зодсон гэнэ, одоо хаана байгааг мэдэхгүй" гэсэн юм. Тэгээд О ттай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би О тын 88655002 гэсэн дугаар луу залгасан чинь утсаа авсан. Тэгээд юу болов гэхэд "...би Баянхошуунд найзындаа байна. Ганбаа ах Жижгээ бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд би ганц цохисон чинь унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон Эмнэлэг, цагдаа дуудсан чи яв гэж Ганбаа ах хэлэхээр нь би зугатчихлаа гэсэн… ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа хороололд байдаг Сэлэнгээ эгчийнх нь хүүхэд Хулангийн гэрт дуудахаар нь очсон юм. О ттай хамт хоносон. Энэ үедээ О т би архи
уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн, толгой нь хагараад цус болсон байсан гэж ярьсан. Г  ах намайг яв гээд би явчихсан гэсэн. Г  ах М ахынд байгаа гэж хэлсэн...” гэх, гэрч С.Э-н “...Ээж С-тэй утсаар ярьж асуухад О т ах чинь хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбогдсон. Маргалдсан хүн нь настай хөгшин хүн гэж хэлсэн... ...Манайд надтай хамт 2 хонохдоо О т ах “Мөнхбат ахынд хонох гэж байхад Г  ирээд айлд хамт очоод ирэх үү гээд дагуулж гараад тэр айлдаа очоод архи уусан гэсэн. Ингээд нэг хөгшин хүн байсан тэрэнтэй маргалдаж түлхэж унагаад гаргаад ирсэн гэхээр нь тэндээ хоносон юм уу гэхэд хоноогүй гэж л хэлсэн...” гэх, гэрч Ч.М-н “...Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г , түүний дүү нартай маргалдсан, ингээд Г  нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтууд амь хохирогчийг зодож, цохиж байхыг харж гэрчилсэн шууд нотлох баримт биш хэдий боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг тогтоосон дамжмал нотлох баримтанд тооцогдоно.

 

Хэрэг учрал болох үед шүүгдэгч, амь хохирогч нартай хамт байсан ганц гэрч Ц.А  нь энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ удаа дараа тогтвортой мэдүүлэхдээ ...би яг зодож байхыг бол хараагүй, согтоод унтсан байсан. Г , О т нар мөнгөний талаар ярилцаж байсан. Өвөөгийн мөнгийг авах гээд ийм зүйл хийсэн байх гэж бодож байна... гэсэн агуулга бүхий мэдүүлэг гаргаж тухайн өдрийн 14 цагаас хойш болсон үйл явдлыг дэлгэрэнгүй мэдүүлжээ.

 

Мөн шүүгдэгч Ө.Ю  нь хэргийн талаар өөрөө бусдад ярьсныг гэрч Ц.О , С.Эрхэсхулан нар гэрчилж мэдүүлэг өгсөн нь хэргийн бусад үйл баримттай нийцэж байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий гэж үзэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, тодруулбал, шүүгдэгч Ө.Г  сэжигтнээр мэдүүлэхдээ “...би түрүүлээд газарт байсан матраасан дээр хэвтээд өгсөн. Харин өвөө А  нар дээр орон дээр зөрөөд хэвтсэн, харин О т зурагт хараад сууж байсан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн чинь намайг А  сэрээгээд хөөе өвөөг хараачээ өвөө ийм болчихсон байна гэхээр нь харсан чинь нүүр ам нь нил цус болчихсон зодуулсан янзтай байж байсан ба А  би цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь тэг тэг гэж би хэлээд айгаад гараад явсан. Гарч явахаасаа өмнө нь А аас О тыг асуусан чинь надад би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би О тыг ингэсэн байна гэж бодоод хайж Чингэлтэйд байдаг Мөнхбат гэдэг том ахынхаа гэрт нь очсон тэгсэн чинь тэнд ирээгүй байсан...” гэж, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ “...намайг сэрээгээд зайл яв гэхээр нь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ хэсэг амарчихгүй гэж хэлээд босоод хартал плитканы асаадаг бахь газарт байхаар нь гартаа барьж байгаад өвөөгийн толгойны дагз хэсэгт 3-4 удаа цохиод автал сөгдөөд суухаар нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед А  босож ирээд намайг болиочээ цус нөжтэй нь холиод хаячихлаа гээд орилж өвөөг хар гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. ...Би дүүтэйгээ бүлэглэж хүн алаагүй. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэж, шүүгдэгч Ө.Ю  сэжигтнээр мэдүүлэхдээ “...Г  ах түрүүнийхтэй адил боловч 1,0 литрийн архи авчирсан юм. Түүнийг нь уугаад арай дуусаагүй байж байхад Г  ах, Жижгээ эгч 2 унтаад өгсөн. ...Өвгөн нөгөө 2-ыг согтсоны дараа өмсөж явсан улаан эрээн куртикны дотор талын халааснаас баахан мөнгө гаргаад ирсэн ба намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгсөн. Мөнгийг аваад тоолоход 10.000 төгрөгийн дэвсгэртээр 130.000 төгрөг байсан юм. Би мөнгийг аваад гарахдаа өвгөнийг унтаж бай гээд хойшоо түлхээд унагасан.  ...Учир нь тухайн үед өвгөн “...чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би та байж бай гээд хойшоо татаад хэвтүүлсэн...” гэж, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ “...Би мөнгийг тоолохгүйгээр шууд халаасандаа хийгээд за тэгвэл өвөө би нэг пиво нэг тамхи аваад ирэх үү гэхэд хоёулаа хамт явна гэсэн. Тэгэхээр нь би та сууж бай гэж хэлээд ганцаараа гарахад гадаа харанхуй болж байсан ба зүүн гар тийш эргэж гудамж уруудан зам гараад такси барьсан. ...Д  эхлээд өгөхдөө 130.000 төгрөг, дараа нь цэнхэр гялгар ууттай мөнгийг авсан ба тэр мөнгийг таксинд сууж явах үедээ тоолох үед 720.000 төгрөг байсан юм. Нийтдээ 850.000 төгрөг авсан. ...Надад хадгалж бай өглөө авна гээд мөнгөө өөрөө өгсөн. Би гар хүрээгүй...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн тул аль нэгийг нөгөөгөөс нь үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг хуульчилж өгсөн ба тус зүйлийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.5-д “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж”, 2.11-д “бүлэглэж” үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр заасан.

 

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон... зэрэг үйлдлийг, “өөртөө бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэдэгт гэмт этгээд өөртөө болон бусдад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх олж авахын тулд  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй хүнийг алсныг, “бүлэглэж” гэдэгт гэмт хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцсоныг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар гэрч Ц.А ыг сэрэхэд шүүгдэгч нар байгаагүй, амь хохирогч 82 настай М.Д  ганцаараа гэрийн шалан дээр толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан, Ө.Г  нь Ө.Ю ыг хэргийн газраас яв гээд явуулсан, мөн шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нар тодорхой эрхэлсэн ажилгүй, тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан болох нь тогтоогдсон.

 

         Мөн амь хохирогч М.Д гийн биед олон тооны шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 764 тоот дугаартай цогцост хийсэн задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “....Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Талийгаач дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл, прокуророос шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарыг бүлэглэж хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй өндөр /82/ настай болохыг мэдсээр байж, хохирогчийн биед байсан бэлэн мөнгийг авахаар өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, амь хохирогчийн биед нь “гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл” бүхий олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

        Монгол улсын Үндсэн хуулийн 16.1 дүгээр хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан хүний халдашгүй эрхийг зөрчиж М.Д гийн амь насыг хохироосон шүүгдэгч нарын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.

 

Иймд шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас М.Д гийн амь нас хохирсон ба  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар нь хохиролтой холбоотой /1 хавтаст хэргийн 143-148 дахь тал/ нотлох баримтууд гаргаж өгсөн. Шүүх шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон 3.347.220 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарт олгохоор шийдвэрлэв

 

Мөн амь хохирогчийн биедээ авч явсан 860.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Ю  авсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон байх тул уг мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд нийт 4.207.220 төгрөгийг буюу гэм буруутай шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нараас тус бүрээс 2.103.610 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатарт олгох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Ө.Г ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

            Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г  нь 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

            Тодруулбал, Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Булган сумын төвд байдаг "Жаргалант" дэлгүүрт манаачаар 2016 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа. 15 хоног орой 22:00-08:30 минут хүртэл ажиллаад 15 хоног амардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Булган сумын 1-р баг 40 айл 10-02 тоотод байдаг гэрээсээ 21 цаг 35 минутанд гэрээсээ гараад шууд ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 12 сарын 05-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ очоод хашааны гаднаас харахад гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрээсээ гарахдаа дотор хаалга, гадна хаалга, гадаа хашааны хаалга зэрэг 3 хаалгаа бүгдийг нь түгжээд гарсан. Цоожнуудыг бол эвдсэн зүйлгүй харин хураалгаастай түлээнээс 2 ширхэг мод авч ирээд үүдний цонхны жижиг модоор тагласан салхивчийг эвдсэн байсан. Тэгээд цагдаа нартай гэрт ороход гэрийн хамаг эд хогшил эмх замбараагүй онгичсон байдалтай байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг /120.000 төгрөг/ "Шүүхийн хамт олноос дурсгав" аяганы ёроол хэсэгт сүлдтэй. Мөнгөн бүс 2010 онд мөнгийг нь өгөөд 80.000 төгрөгөөр хийлгэж байсан /450.000 төгрөг/ 4 хүчтэний сийлбэртэй урд талдаа том тольтой мөн сийлбэртэй. Энх-Амгалан хааны шаазан бурхан дээр үеийн доороо улаан дөрвөлжин тамгатай. Цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, улаан даваа толгойтой, хөх торгон зүү ороож оёсон хуучивтар даалинтай сүүлийн үеийн хөөрөг /200.000 төгрөг/. Мөнгөн гүц, таваг, 6 хундагатай хос "Таваган дээр нь 50 насны ойд зориулж Шүүхийн хамт олноос дурсгав" гэсэн бичигтэй эд зүйл алга болсон. Нийт 2.020.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийнн 86-89 тал/,

 

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Яг хэдэн сарыг нь сайн санахгүй байна. Миний бодлоор 12 дугаар сарын үед намайг ургамлын тос зараад архи болгоод өгөөч гэхээр нь би ургамлын тосыг тухайн үед зарж Ө.Г ад өөрт нь байсан мөнгийг нэмж 0.33 литрийн стандарт нэрийн архи авч бид хоёр хувааж уусан. Архиа ууж дуусгачихаад гараад явсан. Тэр хооронд нь би ойрхон айл руу явчихаад ирсэн хойгуур ирээд явсан гэж манай хажуу айлын охин хэлсэн. Намайг гэртээ байж байхад Ө.Г  нь гадна тал нь байхгүй тагш барьж ирсэн. Надад хэлэхдээ Ө.Г  нь “Хүүхэн Бат-Эрдэнэ”-ийн гэрт орсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 91 тал/,

             

              Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн: “...Таны тогтоолын дагуу 2017 оны 4-нөөс 12 дугаар сарын 05-ны хооронд Булган аймаг Булган сумын 1-р баг  40 айлын 10,02 тоот байшинд хулгай орж эд зүйлс гэх шинжээчээр ажиллаа. Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний дүгнэлтийг 650622 /зургаан зуун тавин мянга зургаан зуун хорих хоёр/ төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 93-99 тал/,

             

            Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 82-83 тал/,

 

             Булган аймаг Булган сум 1-р баг 40 айл 10-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 78-80 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 101-102 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин 3 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаарын гарын мөр  нь Б.Амартүвшины гарын дардастай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаарын гарын мөрийг гарын мөрийн папилон санд 2018-068-ОРХ гэж хадгалсан хайлт хийж үзэхэд MNO03010008162 дугаараар санд хадгалагдаж байх Өлзий овогтой Г  гэгчийн зүүн гарын дунд хуруутай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 105-107 тал/,

 

            Шүүгдэгч Ө.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах гэрээсээ гараад Булган сумын шинэ хороонд оршин суух хүүхэн Бат-Эрдэнэтэй 23 цагийн үед уулзахаар гэрт нь очсон боловч гэрт нь хүн байхгүй байшин нь цоожтой байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхыг хөшиж онгойлгож ороод байшин дотор байх авдар дотроос нь мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширхэг шаазан бурхан, цагаан өнгийн дунд гарын хөөрөг, 6 хундагатай мөнгөн гүц зэргийг хулгайлж авсан. Хулгайлсан эд зүйлсээ би маргааш нь зарж борлуулсан. Тухайн үед хулгай хийж байхад 100 гр жижиг Ерөөл архи байсан ба би задлаж уугаад шилийг нь гэрт нь хаяад гарч явсан. Би Бат-Эрдэнэ гэх айлд урд өмнө нь очиж байсан. Архи уугаад согтуудаа хулгай хийсэн. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Орхон аймаг ороод хүнд зарж борлуулсан. Тэр хүнээ бол танихгүй, явуулын хүн байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Би хулгай хийснийхээ маргааш Ариунаагийн гэрт очсон ба Ариунаад Бат-Эрдэнийн гэрээс эд зүйл хулгайлсан гэдгээ хэлсэн. Би хохирол мөнгөө төлөөгүй байгаа. Хохиролоо өгнө. ...Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Энэ үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 113-114 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г  нь 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

            Мөн шүүгдэгч Ө.Г  нь 2018 оны 3  дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-212в тоотод оршин суух иргэн Г.Бямбаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Г.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед би гэртээ ирсэн чинь манай гэрийн үүдний амбаарын цоожийг онгойлгоод цоожийг зүүж үлдээсэн байсан. Тухайн үед 2018 оны 3 дугаар сарын 21-ний 14 цагийн үед зээ охин Гэрэлтуяаг гэрт нь хүргэж өгөх зорилгоор гэрээ цоожлоод явсан байсан. Өөрөөр хэлбэл гэрт 3 хоног хүнгүй байсан. Гэрт ирэхэд хулгай орсон. Манай гэрээс гэрийн баруун урд талын угаалгын машин дээр байсан цүнхтэй 2 пачик тамхи, хуурай сүү 2 уут, оймс, дотуур өмд, саван, вок, өмдний тэлээ, 1 кг чихэр зэрэг эд зүйл алдагдсан. Мөн хөргөгчид байсан хонины өрөөл мах алга болсон. Хөргөгчид 1 ширхэг хаа, гуя 1 ширхэг, нуруу 1 ширхэг, өвчүү 1 ширхэг зэрэг хонины мах байсан. Энэ махыг өрөөлөөр нь 80 000 төгрөгөөр авч байсан. ...Би хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би тухайн үед сэжиглэж байсан 2 хүнээ дуудаж шалгуулсан. Миний хохирол болох 190.800 төгрөгийг гаргуулаад авчихвал зүгээр байна...” гэх мэдүүлэг / 4 хх-ийн 69-71 тал/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 62-65 тал/,

 

            Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 21-с 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 190.800 /нэг зуун ерэн мянга найман зуун төгрөг/-р үнэлэгдэв...” /4 хх-ийн 82-83 тал/ гэх дүгнэлт, 

 

            шүүгдэгч Ө.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой ах Мөнхбатын гэр рүү явж байгаад замдаа өөрийн танил Бямбаа эгчийн гэрээр орохоор очих үед хашааны хаалга нь онгорхой байхаар нь ортол гэр нь цоожтой байсан. Ингээд гэрийнх нь хаалгыг хөшиж онгойлгоод гэрт нь байсан хөргөгчнөөс нь хонины өрөөл мах, цүнхтэй байсан тамхинууд, ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, хуурай цай, хуурай сүү зэрэг зүйлүүдийг авсан... ...Цүнхтэй эд зүйлээ нуух хэрэгтэй гэж бодоод гэрээс гарч эзгүй хашаа руу орж цүнхтэй зүйлээ нуусан. Би Бямбааг таньдаг байсан. Манай ах Мөнхбатын эхнэр Оюунгэрэлийн хамаатан байсан. Өмнө нь гэрт нь очиж байсан. Нөхрийгөө эргэх гээд юм бэлдсэн байсныг нь би авчихсан юм. ...Би энэ үйлдэлд маргах зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 220, 4 хх-ийн 88 тал/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэхээр хуульчилсан.

Хэрэг учрал гарсан газар нь хохирогч Б.Бат-Эрдэнэ, Г.Бямбаа нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нарын гэрт хууль бусаар зөвшөөрөлгүй нэвтэрч эд зүйл авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

   Иймд шүүгдэгч Ө.Г ын 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 3  дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-212в тоотод оршин суух иргэн Г.Бямбаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

 

                  Шүүгдэгч Ө.Г  дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

            Дээрх үндэслэлээр шүүгдэгч Ө.Г ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

 

Хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн Тольдох оюуны өргөө ХХК-ийн үнэлгээний тайлан баримтуудаар хохирогч Б.Бат-Эрдэнэд 650.662 төгрөгийн, хохирогч Г.Бямбаад 190.800 төгрөгийн хохирол тус тус учирсан. Уг хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г аас 650622 төгрөг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд, 190.800 төгрөг гаргуулж хохирогч Г.Бямбаад тус тус олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нар “Хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Ө.Ю ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 115 тал/, Олон улсын таэквон-догийн Монголын холбооны тодорхойлолт /2 хх-ийн 153 тал/, шүүгдэгч Ө.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 119 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 128, 129/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх-ийн 131-139 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

           Шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нар нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 460 тоот: “...Ө.Г  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна...”, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 459 тоот:”...Ө.Ю  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна...” гэх дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

 

Иймд шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарт тус бүр 15 /арван тав/ жил хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

            Түүнчлэн, шүүгдэгч Ө.Г  нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

  Иймд шүүгдэгч Ө.Г ад хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, төлбөр төлөгдөөгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж шийдвэрлэх нь түүний үйлдэлд нийцнэ гэж үзэв.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар тогтоолоо.

 

        Шүүгдэгч Ө.Ю , Ө.Г  нарт хорих ял оногдуулсантай холбоотойгоор тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ю ын цагдан хоригдсон 635 хоног, Ө.Г ын цагдан хоригдсон 638 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг Түмний хишиг нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эовогт Ө.Г , Эү овогт Ө.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-т зааснаар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Э овогт Ө.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч Ө.Г , Ө.Ю  нарт тус бүр 15 /арван тав/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Г-д 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.11-д зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Г-ийн биечлэн эдлэх ялыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ө.Ю-д оногдуулсан 15 жил хорих ял, Ө.Г-д оногдуулсан 17 жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ю ын цагдан хоригдсон 635 хоног, Ө.Г ын цагдан хоригдсон 638 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ю , Ө.Г нараас тус бүр 2.103.610 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, шүүгдэгч Ө.Г аас 650.622 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б, 190.800 гаргуулж хохирогч Г.Б тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг Түмний хишиг нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгч Ө.Ю , Ө.Г  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА

           

                       ШҮҮГЧ                                 Ч.ОТГОНБАЯР

                       

                        ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ