Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 181/2016/00292/и |
Дугаар | 2022 |
Огноо | 2016-12-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022
Р.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00940 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч АШУҮИС-д холбогдох
Захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М ,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Р.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Баянзүрх, Сухбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 534 дугаар захирамжаар Р.О намайг АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилон ажиллуулах, ажилд эргүүлэн томилон үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоохгүй, Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажиллуулахаар тохирч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилжь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрснөөр эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б/14 тоот тушаалаар Их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилсон тушаал гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр АШУИС-ийн нэгдсэн эмнэлгийн даргын ажил хүлээлцэх акт үйлдсэн.
Гэтэл захирал Г.Б нь мөн өдөртөө 1 цагийн дараа таны эрхэлж буй их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байр нь хасагдсан орон тоонд хамрагдаж байгаа тул 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалж мөн өдрөөс Хүүхдийн анагаахын тэнхимд багшаар үргэлжлүүлэн ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй мэдэгдэл өгсөн.
Нэхэмжлэгч Р.О нь тухайн мэдэгдлийг хууль бус, ажлын байранд дарамт шахалт үзүүлэн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.
Гэтэл АШУҮИС-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дугаар Б/18 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн Эмнэлгийн бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар хасагдаж буй Их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн дарга Р.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэсэн тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Ажилтан Р.О нь Хөдөлмөрийн тухай хууль, АШУҮИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор мөрдөж ажиллаж байсан болно.
Ажил олгогчийн зүгээс захирлын үүрэгт ажлыг гүйцэтгүүлэхгүйн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байж ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан АШУҮИС-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б19 тоот тушаалаар “Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимд багшаар ТҮМБ-5 1 263 300 үргэлжлүүлэн ажиллуулсугай” гэж ажил албан тушаал, цалинг дөрвөн шатлалаар үндэслэлгүй бууруулан ажиллуулж Хөдөлмөрийн хууль, дотоод журмыг зөрчин Р.О намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, өөр ажилд томилсон гэж үзэж байна.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчин захирлын үүрэгт ажлаас чөлөөлөн ажил албан тушаал цалинг үндэслэлгүй бууруулан багшийн албан тушаалд томилон миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан тул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Р.О ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, тус сургуулиас 1 837 726 төгрөг гаргуулан Р.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 226 724 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Р.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35 754 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгон шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М , Ш.Ч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд бүхий дүгнэлт өгөөгүй үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасны дагуу Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот хуралдаанаар Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн нэрийг Сургалтын нэгдсэн эмнэлэг болгон өөрчилж, эмнэлгийн даргын албан тушаалыг байхгүй болгож, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг АУС-ийн захирлын удирдлаган дор Ерөнхий эмч өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар болсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/40 дугаартай Бүтэц орон тоог шинэчлэн батлан тухай захирлын тушаал, Захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж баталсан “АШУҮИС-ийн эмнэл зүйн бутэц зохион байгуулалтын өөрчлөлт”-ийн схем, АШУҮИС-ийн дүрэм, эдгээрийг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас олгосон 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалтгай нотлогдож байхад шүүхийн зүгээс эдгээр баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэсэн илт хууль бус дүгнэлт хийж мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр (хуульд заасан 30 хоногийн өмнө) дээрх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох талаар мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдэл нь хэрэгт баримтаар авагдсан, мэдэгдлийн ар талын баруун доод буланд “...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагт дэд захирал н.Д-ийн хамт мэдэгдэх хуудсыг танилцуулсан боловч утсаар зургийг авав...” гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүйгээр ажилтанд мэдэгдээгүй байна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.
Дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б/18 дугаартай тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гарсан бөгөөд уг тушаалыг ажилтанд танилцуулж улмаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Р.О-ын ажлыг албан ёсоор талууд хүлээлцэж акт үйлдсэн, ажилтан Р.О өөрийн хариуцсан ажлаа хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байхад тушаалыг ажилтанд танилцуулалгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй бөгөөд шүүх “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
2. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар төрийн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэж үзэхээр тодорхой заасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь дээрх зохицуулалт төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд яригдах хууль зүйн зохицуулалт юм.
Ажилтан Р.О-ын ажлын байр нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагч болох бөгөөд АШУҮИС-ийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтан болно.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.3 дахь хэсэгт “...Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй...” гэж заасан боловч мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасны дагуу ажил олгогчийн зүгээс ажилтаны ажлыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр актаар хүлээлцсэн хурлын протокол хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүхийн зүгээс илт үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн, эдгээр баримтуудыг огт үнэлээгүй болно.
Түүнчлэн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож “Хүүхдийн анагаахын танхимын эрхлэгчээр үлдэж ажиллаач, нэгдсэн эмнэлгийн даргын цалингаар цалинжуулах талаар хүсэлт тавьсан боловч” өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан тул багшаар ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00940 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч АШУҮИС-д холбогдуулан захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 2 064 450 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Р.О-ын эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдсан тул үндэслэлгүйгээр албан тушаал, цалин хөлсийг бууруулаагүй гэж маргажээ.
Хариуцагч АШУҮИС-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэг, тус сургуулийн дүрмийн 2.6.3, тус сургуулийн Эмнэлгийн дүрмийн 3.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.10, Захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот шийдвэрийн 6-8 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Р.О ыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, мөн өдрийн Б/19 тоот тушаалаар Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимд багшаар томилсон байна.
/хэргийн 6-7, 12-14, 62-72 дугаар тал/
Хариуцагч сургуулийн захирлын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн батлахаар шийдвэрлэсний үндсэн дээр тус сургуулийн захирал нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/40 дүгээр тушаалыг гарган, тус сургуулийн нэгдсэн эмнэлгийн нэрийг “Сургалтын нэгдсэн эмнэлэг” болгон өөрчилж, Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал эмнэлгийг удирдаж, ерөнхий эмчийг хавсран гүйцэтгэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “...орон тоо хасагдсан...” гэх үндэслэлд хамаарахгүй юм. /хэргийн 60-61 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрхлэж байсан Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн дарга буюу ерөнхий эмчийн албан тушаалыг Эмнэл зүйн асуудал эрхэлсэн дэд захирал хавсран гүйцэтгэхээр болсон нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан уг албан тушаал хасагдсан буюу байхгүй болсон гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын “Их сургуулийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн сүлжээ, шатлал, цалингийн санг шинэчлэх тухай” 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/53 дугаартай тушаалын хавсралт 2-т Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн дарга, ерөнхий эмчийн шатлалыг ТҮМБ-7 гэж, хавсралт 3-т үндсэн цалингийн хэмжээг 1 617 840 төгрөг гэж тус тус батласан байгаа нь хариуцагч байгууллагын орон тоо хасагдсан гэх тайлбарыг няцааж байна.
Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар цуцласан нь хууль бус болно.
/хэргийн 26-29 дүгээр тал/
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдэл өгөх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн байх боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан баримт авагдаагүй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М гээс энэ талаар тодруулахад эрх, үүрэг, хэргийн материалтай танилцаж, баримтанд гарын үсэг зурсан гэж тайлбарласан бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/00940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
С.ЭНХТӨР