Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 22

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор: А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Б

Хариуцагч: А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Г.П-д шийтгэл оногдуулсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М, хариуцагч А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Б, шүүх хуралдаанд томилогдон оролцсон прокурор Б.М нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: А аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн улсын байцаагч Д.Ж нь “Г.П нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” гэх зөрчлийн гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч Г.П-г Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-т заасныг зөрчсөн үндэслэлээр 25.000 /хорин таван мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад улсын байцаагч нь зөрчлийн холбогдогч Г.П-г хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шийтгэл оногдуулах ёстой байтал шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл ногдуулсан зөрчилтэй байна.

Иймд тус аймаг дахь Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж-ны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, Зөрчлийн тухай хуулийг зөв хэрэглэн шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 3807-024 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Прокурорын газрын прокурор М.Б-н гаргасан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар дүгнэлттэй Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж миний 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр иргэн Г.П-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Б-с А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж-д холбогдуулан “иргэн Г.П-д шийтгэл оногдуулсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 14.6 ... зүйлд заасан зөрчил, 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 14.6 ... заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсаар  ...Г.П-г хууль дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14-9 дэх хэсэгт заасан үндэслэлээр 25000 /хорин таван мянган төгрөг/-ийн торгох шийтгэл оногдуулжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйл.Торгох шийтгэл 3.-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”,. 14.6 дугаар зүйл. Автотээврийн тухай хууль зөрчих 9.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан иргэн Г.П-н гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14-9 дэх хэсэгт заасныг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл иргэн Г.П-н гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчлийн тухай хуульд байхгүй заалтыг бичсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь тогтоогдлоо.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах шийдвэр 8.-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Б-н бичсэн дүгнэлтийг үндэслэн А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж-ны иргэн Г.П-д шийтгэл оногдуулсан 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

Мөн түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа прокурорын дүгнэлтэнд дурдсан зөрчилтэй шийтгэлийн хуудас гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан бөгөөд хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг өөрөө хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан А аймгийн Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Ж-н 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн иргэн Г.П-д шийтгэл оногдуулсан 3807-024 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ