Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0607

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   Б.М-ийн нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Батлах хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.М-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтаар: “... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.М-ээс Батлан хамгаалах яаманд холбогдуулан гаргасан “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Батлан хамгаалах яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.М-ээс Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдуулан гаргасан “Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, мөн хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаар шийдвэрээр Батлан хамгаалах яаманд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй” гэж дүгнэн Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл /Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгох байгууллага/-ийн 21.2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, ... олгоно” гэж заасан тул Б.М нь нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага болох Батлан хамгаалах яаманд гаргасан.

Гэвч Батлан хамгаалах яамны зүгээс Б.М-ээс гаргасан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэлгүй удсан бөгөөд хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж, холбогдох хариуг албан бичгээр өгнө хэмээн яамны холбогдох ажилтан утсаар мэдэгдэж байсан.

Өөрөөр хэлбэл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, ... олгоно” гэж заасан тул Б.М нь нэг  удаагийн тэтгэмж авах хүсэлтийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага болох Батлан хамгаалах яаманд гаргасан, гэвч хариу өгөөгүй байдаг.

Улмаар нэхэмжлэгч Б.М нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу Батлан хамгаалах яаманд холбогдуулан “нэг удаагийн тэтгэмж олгох” асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Тус шүүх Б.М-ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан ба хэрэв нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн тохиолдолд захиргааны хэрэг үүсгэх бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргахаар хуульчилсан.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Батлан хамгаалах яамны зүгээс Б.М-ийн нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар ирүүлсэн бөгөөд тус хариу тайлбарт “Б.М-ээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн, нэг удаагийн тэтгэмж олгохдоо Батлан хамгаалах сайдаас холбогдох төсвийн хөрөнгийг төсвийн төвлөрүүлэн захирагч болох Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлсэн” талаар дурдаж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.М нь “Батлан хамгаалах яам Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан нэг удаагийн тэтгэмж олгох төсвийг Зэвсэгт хүчин Жанжин штабт шилжүүлсэн” гэх үйл баримтыг мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан харьяаллын дагуу Батлан хамгаалах яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдох төсвийн хөрөнгийг шилжүүлсэн гэх үйл баримтыг мэдэх бололцоогүй тул Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрт “... хэмээн татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэртэй холбогдуулан Б.М-ээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээд болох Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хандаж гомдол гаргаагүй болох нь ... тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Б.М нь “цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт хандан гаргасан боловч Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр “нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй” гэх хариуг ирүүлсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь Батлан хамгаалах яамны харьяа агентлаг /Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн хариу тайлбараар тогтоогддог/ тул Б.М-ийн зүгээс тус хариуг эс зөвшөөрч Батлан хамгаалах яаманд хандан гомдол гарган шийдвэрлүүлсэн. /Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй/

Гэтэл анхан шатны шүүх “2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16/305 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуг Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн бус тус газрын хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн тул Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хандан гомдол гаргах ёстой” хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэв нэхэмжлэгч Б.М-г урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд анхан шатны шүүх дараах нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой байсан.

Учир нь нэхэмжлэгч Б.М нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үед Батлан хамгаалах яам “холбогдох төсвийн хөрөнгөө Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй байсан тул анхан шатны шүүхээс шаардаад буй ажиллагааг хийх хууль зүйн боломж, бололцоогүй.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн хариу тайлбар болон холбогдох баримтуудыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5624 дүгээр захирамжаар Зэвсэгт хүчний Жанжин штабыг хамтран хариуцагчаар татсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй болно.

Нэхэмжлэгч Б.М нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2014 оноос 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 жил ажилласан цэргийн бэлтгэл ахлагч бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргадаггүй.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна”, мөн зүйлийн 3-д “нэг удаагийн тэтгэмж”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, ахлагч, түрүүч, байлдагч” цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй хэмээн тус тус хуульчилсан.

Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар “биеийн эрүүл мэндийн шалтгаан”-аар цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн албан хаагч ..., биеийн эрүүл мэндээр болон ... халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч ..., биеийн эрүүл мэндээр, ... халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Монгол Улсын Батлан хамгаалах яаманд тус тус гаргасан.

Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх заалтыг буруу тайлбарлаж, Б.М намайг цэргийн жинхэнэ албыг 6 жил хаасан тул нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй хэмээн хууль зүйн үндэслэлгүй хариуг өгсөн.

Учир нь “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4 дэх заалт нь “10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх бүхий цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг зохицуулсан” зохицуулалт юм.

Харин Б.М нь “эрүүл мэндийн шалтгаанаар” цэргийн албанаас халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасны дагуу зөвхөн нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтийг л гаргасан болно.

Нөгөөтэйгүүр, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохоор хуульчилсан атал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг үндэслэн нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах эрхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “цэргийн албанд ажилласан жилийн талаарх хязгаарлалт”-ыг тогтоогоогүй бөгөөд цэргийн албан хаагч “эрүүл мэндийн шалтгаанаар” цэргийн албанаас халагдсан тохиолдолд хуульд заасан тэтгэмж авах эрхтэй.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.М-ээс “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Батлан хамгаалах яаманд даалгах, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, мөн хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдуулан гаргасан “Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16/305 дугаар албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, мөн хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч маргаж байгаа асуудлаар тухайн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий, эсхүл дээд шатны байгууллагад огт хандаагүй, эсхүл хандаж шийдвэрлүүлэх боломжтой тохиолдолд энэхүү хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой.

Уг маргааны хувьд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу шүүх Зэвсэгт хүчний Жанжин штабыг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан, тус байгууллагаас “... 16/305 дугаар албан бичгээр 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох үндэслэлгүй тухай хариуг өгсөн” гэх тайлбарыг ирүүлж, уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “...18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох эсэх асуудлаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хандаж шийдвэрлүүлсний дараагаар шүүхэд дахин хандах эрхтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах үед хэрэв шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой гэж үзсэн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр  байжээ. 

Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, энэ талаарх баримтыг цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.

2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэж заасан, хариуцагч Батлан хамгаалах яамны зүгээс “... Б.М-д тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлтэй, ... бодит байдалд цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо Батлан хамгаалахын сайдаас холбогдох төсвийн хөрөнгийг төсвийн төвлөрүүлэн захирагч болох Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлж, тус штаб нь харьяа цэргийн анги, нэгжүүдэд холбогдох төсвийг хуваарилан олгох дарааллын хүрээнд тэтгэмжийг олгож байна” гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх “... Батлан хамгаалах яам маргаан бүхий үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон зөрчсөн ямар нэгэн акт гаргаагүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн “Б.М-д цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй Батлан хамгаалах яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг Б.М-д олгохыг Батлан хамгаалах яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. 

Уг маргааныг хянан шийдвэрлэхэд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Б.М-д 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлтэй эсэх, тийм бол уг тэтгэмжийг ямар байгууллага олгохоор хуульчилсан, Батлан хамгаалах яамны төсөвт батлагдсан төсвөөс Б.М-д олгох тэтгэмжийн мөнгийг Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлсэн эсэх, хариуцагч тус бүрийн буруутай үйл ажиллагаа, хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, хөндөгдсөн бол хэрхэн сэргэх боломжтой талаар дүгнэлт хийж хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит байдалд биелэгдэх  боломжтой байх зарчимд нийцэх болно.  

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулалгүй, маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН