| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0036/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/38 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/38
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
хохирогч Д.О, түүний өмгөөлөгч Г.Э,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Лийн Мд холбогдох эрүүгийн 2017000000035 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ээмдэй овогт Лхагвасүрэнгийн Мөнхсан /РД:ЕУ96070115/, Улаанбаатар хотод 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 3-38 тоотод оршин суух, Г аймгийн Эрүүл мэндийн газарт бичиг хэргийн ажилтнаар ажилладаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн С сумын 3 дугаар баг, Н хотхоны 1 дүгээр байр 3-36 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Д.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Л.М нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн С сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 1 дүгээр байр 3-36 тоотод Д.Отэй маргалдаж улмаар өөрийг нь хавирч унагаасны улмаас түүний нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад дүүтэйгээ уулзаад байж байтал А гээд манай ажлын ах ирээд бид 3 байрны гадаа 1 пиво уусан. Тэгээд үлдсэн пивоо А ахын гэр лүү авч ортол гэрт нь О, С ах нар байсан. Бид 4 пиво хувааж уугаад О ахтай бөх ярьж байгаад бид нарын хоорондын яриа зөрөөд муудсан. О ах би барилддаг та хоёр яах гээд байгаа юм гэсэн зүйл ярьж байгаад О ах босч ирээд намайг хавирч унагаад манай дүү Л руу дайрахад С гэдэг залуу салгасан. Намайг босоод ирэхэд дахин хавирч унагасан. Тэгээд л би шилэн аягаар түүний нүүр лүү нь цохисон. Х зуурын хугацаанд ийм зүйл болсон. Одоо О ахаас уучлалт гуйж байна. Хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, би өөрийгөө удирдах чадвар байсан. Хохирогчид эмчилгээний зардал 819 420 төгрөг төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд О ах болон эхнэртэй нь цуг хэд хэдэн эмнэлгийн төлбөрийн баримтын талаар харахад лазер эмчилгээг 3-5 удаагийн давтамжтай хийдэг. Нэг хийхдээ хэмжээ харгалзахгүйгээр 60 000-150 000 төгрөгийн хооронд хийнэ гэсэн. Шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг төлнө. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
1.2. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажил тараад гэртээ орохоосоо өмнө найзуудтайгаа юм ярьж суухаар Аын гэр лүү нь орсон. Намайг гэрт ороод удаагүй байхад араас М, А, Л нар пивотой орж ирсэн. Би пивоноос нь 3 аяга уусан байх. Тэгээд сууж байхад Л гэдэг залуу би Увс аймгийн Баруун түрүүн сумынх гэж хэлэхээр нь би ч бас Увсын гаралтай Говьсүмбэр аймагт ирээд жил гаран болж байгаа гэж хэлсэн. Л гэдэг залуу их том биетэй, чих нь хулгар байхаар нь чи барилддаг уу, сайхан залуу харагдаж байна гэхэд М босож ирээд над руу дайраад яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм гэсэн. М, Л хоёр над руу хандаж энэ юу юм, хаанаас ирсэн хэн юм гэх байдлаар яриад байсан. Тэгэхээр би босож очоод та 2 айлд орж ирчихээд ингээд байх шаардлага байхгүй явцгаа, та 2 жаахан хүүхдүүд байна гэж хэлтэл М босож ирээд нүүр лүү тулаад зогсоод байхаар нь хавираад унагасан. Дахин босож ирэхээр нь одоо явцгаа гэж хэлээд хавирч унагачихаад эргээд хартал Л гэдэг залуу шилэн стакан барьсан байдалтай зогсож байхаар нь би 2 гараас бариад унагааж байгаад стаканаа өг хүн цохих гэж байгаа юм уу гэсэн чинь зүгээр барьж байсан гэж хэлсэн. Тэгээд стаканыг аваад та 2 одоо явцгаа айлд орж ирчихээд олон юм яриад байх юм гэж хэлээд эргээд хартал цохисон. Энэ 2 хүний яриа над руу чиглэж яриа байсан болохоор би өөртөө тусгаж хүлээж авсан. Харин үйлдлийн хувьд хавирч унагасан нь миний буруу. Нэхэмжлэлийн тал дээр би Улаанбаатар хотод нэр хүндтэй гэсэн 4-5 эмнэлгээр ороход бүгд 4 000 000 төгрөгөөс дээш үнэтэй сорив арилгах эмчилгээ хийнэ гэсэн. Мөн 100 хувь эдгэхгүй гэсэн. Мийн хэлж байгаа газраар ороход баталгаагүй, эмчийн хуудас өгөхгүй газрууд байсан. Одоо эмчилгээ эхлээд хийлгэсэн эмчилгээнийхээ мөнгийг өгөөд явж байгаа гэв.
1.3. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад М, түүний найз Л нартай уулзаад пивонууд аваад 1 дүгээр байрны гадна машин дотор ууж байгаад авсан 3 пивоныхоо нэгийг ууж дуусгаад, нэгийг нь талд нь оруулаад үлдсэн пивоо аваад манай гэрт орж уухаар болсон. Манай гэрт ороход надтай хамт байдаг Солонгоо гэх залуу байсан. Мөн манай найз О манайд ирсэн зурагт үзээд сууж байсан. Тэгээд Л, М, С, О нар хоорондоо танилцаад ярилцангаа үлдсэн пиво ууж дуусгасан. Л, О нар хоорондоо нутаг ярьж байгаад бие биеийгээ барилддаг байхаа гээд тэр хоёр барилдахаар болсон. О Лийг хавсарч унагаад, мөн Мг хавсарч унагаахад М ширээн дээр байсан тунгалаг шилэн стаканыг аваад Оийн нүүр лүү цохисон. Тэгтэл манай дээд айлын цагдаа орж ирсэн. Араас нь 2 цагдаа орж ирсэн. Оийн нүүрэнд учирсан шарханд нийт 4 оёдол тавиулсан. М О нар сүртэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. М Од хавсаруулаад унасандаа шарлахсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
1.4. Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой найз Аийн гэрт байж байтал 19 цагийн үед О орж ирсэн. Удалгүй А, Л, М 3 согтуу орж ирсэн. Тэр гурав 1 савтай 2,5 литрийн Сэнгүр пиво авч орж ирээд хувааж ууцгаасан. Би пиво уугаагүй. Юм ярьцгааж байсанаа Л О хоёр муудалцаад О босч ирээд М, Л хоёрыг дэгээдээд унагаагаад байсан. А бид хоёр тэр хэдийг салгах гэж байх зуур М ширээн дээр байсан шилэн аягыг аваад Оийн нүүр лүү цохьчихсон. Тэгээд л цагдаа нар удалгүй орж ирсэн. А, Л, М, О нар согтуу байсан. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй. Л, О хоёр нэг нутаг гээд л юм ярьцгааж байсанаа гэнэт л муудалцсан. Юунаас болж муудсаныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
1.5. Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын14-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би М, А ахтай хамт 3 ширхэг 2,5 литрийн пиво аваад 1 дүгээр байрны гадаа зогсож байгаад миний машин дотор уусан. Тэгээд үлдсэн 2 тал пиво аваад А ахын гэрт орж уухаар болоод ортол А ахын гэрт танихгүй хоёр залуу байсан. Тэр хоёр залуугийн нэг залуутай би нутаг юм байна гээд ярьж байгаад барилдахаар болсон. Би барилдаж яах юм бэ гэтэл тэр залуу босч ирээд барилдая гаръя гээд байсан. Би ч эхэндээ тоглож байна гэж бодтол тэр залуу М ахыг хоёр удаа хавирч унагаасан. Тэгтэл М ах ширээн дээр байсан шилэн стаканыг аваад яах ийхийн зуургүй тэр залуугийн нүүр лүү нэг удаа цохитол тэр залуугийн нүүрнээс цус гарсан. Удаагүй цагдаа ороод ирсэн. М, О нар дандаа пиво уусан учраас согтолт гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
1.6. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4743 дугаар дүгнэлтэнд: Д.Оийн биед дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/
1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6 хуудас/
1.8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-10 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Л.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Л.Мийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.М нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тус тус дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Нийт 819 420 төгрөгийг төлсөн. Одоо 4 320 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд 20 000 төгрөг нь Улаанбаатар хот руу явсан зардал, 4 300 000 төгрөгийн сорив арилгах эмчилгээ хийлгэх эмнэлгийн эмчилгээний нэхэмжлэх. Үүнээс 250 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт өгсөн гэв.
2.2. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь төлөв даруу, тайван зантай. Ажил дээрээ нийтэч, архи дарсыг тэр болгон уугаад байдаггүй, юманд их хичээнгүй залуу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
2.3. Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М ахын хувьд хүнтэй муудалцаад байдаггүй даруухан зан чанартай, хүнтэй эвсэг харицаатай. Ер нь үг дуу цөөтэй хүн байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
2.4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь дуугүй, дөлгөөхөн зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, элдэв янзын муухай ааш зан байхгүй хүн. Гэр бүлийн хүмүүжлийн хувьд ах захаа хүндэлдэг суурь хүмүүжил сайтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
2.5. Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь даруу төлөв зантай, хүнтэй эвсэг харицаатай, хүнтэй яаран зодоон хийгээд байх хүн биш. Ямар ч хүнтэй эв зүйгээ олоод харьцдаг, урлаг спортод авъяастай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
2.7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 50 хуудас/
2.8. Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын даргын тодорхойлолт, Л.Мөнхсангийн бакалаврын дипломны хуулбар /х.х-ийн 64, 66 хуудас/
2.9. Хохирогч Д.Оээс хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтууд /х.х-ийн 67-73/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Мг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,
хохирогчийн өмгөөлөгч Г.Э нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч Л.М нь торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь тодорхой хэмжээгээр бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогчид учирсан гэмтлийн хэмжээг, хор уршгийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирлын тооцоо: хохирогч Д.О нь эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад 947 420 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 4 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.М нь хохирогчид 819 420 төгрөгийн хохирол шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн ба хохирогч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан болохыг мэдүүлсэн болно.
Харин хохирогч Д.О “DermaEsthetic” гэх эмнэлэгт сорив арилгах эмчилгээ хийлгэхэд 4 300 000 төгрөг нэхэмжилж тус эмнэлгийн эмчилгээ бичсэн зөвлөгөөний хуудсыг, 250 000 төгрөгөөр эхний эмчилгээг хийлгэсэн төлбөр төлсөн баримт, унааны зардал 20 000 төгрөгийн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс эмчилгээний 250 000 төгрөг, унааны зардал 20 000 төгрөг нь тус тус нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, бусад сорив арилгах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Учир нь: “DermaEsthetic” эмнэлэгт 4 300 000 төгрөгийн сорив арилгах эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.О нь хаана, ямар эмнэлэг, эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнүүдийг хийлгэсний үндсэн дээр өөрт учирсан гэмтэлд зайлшгүй хийгдэх шаардлагатай эмчилгээнүүдийг тогтоолгосон болох нь тодорхойгүй байна. Зөвлөгөөний хуудас гэх баримтад бичигдсэн эмчилгээнүүдийг үндэслэж шүүхээс хохирлыг гаргуулах боломжгүй болно.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Э нь шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 270 000 төгрөгийг 14 хоногийн дотор төлүүлэхээр Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: үүрэг хүлээлгэх арга хэмжээнд шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг хугацаа зааж шүүгдэгчээс гаргуулахаар зохицуулаагүй. Энэхүү асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлэгдэнэ.
Шүүгдэгч Л.М нь хохирогч Д.Од 819 420 төгрөгийн хохирол төлснийг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Лийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.М нь хохирогч Д.Од 819 420 төгрөгийн хохирол төлснийг, цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Л.Маас 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-115 тоотод оршин суух хохирогч Д.Од олгож, сорив арилгахтай холбоотой гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА