Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хийн Гд холбогдох эрүүгийн 2017000760049 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Хийн Г /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1975 оны 09 дүгээр сарын  08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ...... тоотод оршин суух, хөлсөөр мал малладаг, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Х.Г нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэгийн орчим иргэн Д.Оийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн алиманд цус харвалт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар цэцэрлэгийн орчим  Д.Оийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн алиманд цус харвалт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гэрээс гараад хойд гэрт ирэхэд манай нэг ах гэнэт өнгөрсөн гэсэн. Түүнийг эхнэрт хэлэх гээд эхнэртэй уулзахад надад хамаагүй, тэр чигээрээ зайлахгүй юу гэхээр нь би нэгнийх нь хамаатан нас барсан байхад тоохгүй ямар сонин юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд хажуугаас О эгч чи дандаа архи уухаараа олон юм ярьж байдаг гэхээр нь би миний гэр бүлийн амьдрал танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд толгой хэсэгт нь цохисон. Хохирогчид 5 сард 200 000 төгрөг, 1 хонь өгсөн. Би хохирогчийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэв.

 

1.2. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай хажуу саахалт айлын хүүхэн Д хамт ханилаад эмнэлэг яваад хүн эргээд ирье гэхээр нь Дийн хамт эмнэлэг рүү очихоор 5 дугаар цэцэрлэгийн урд талд явж байтал Дийн нөхөр гэх Г согтуу хүрээд ирсэн. Г Дт хандаад ах минь үхчихлээ гээд уйлаад Дгээ хайраа гээд байсан. Д мөрөөрөө яв битгий хүнд гай болоод бай гэж хэлтэл Г газраас том чулуу аваад Дийг цохих гээд далайж байснаа чулуугаа хаяад толгойгоор миний зүүн нүд рүү мөргөсөн. Би манараад газар унаад босож ирээд шууд цагдаа дуудсан. Би ямар нэгэн зүйл өөдөөс нь хэлээгүй. Зүгээр зогсож байхад Дтэй маргалдаж байгаад шууд ирээд намайг мөргөөд унагаасан. Тухайн үед Гтай муудсан асуудал байхгүй. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Мөн чих шуугиад байна. Би Гтай тухайн өдөр 5 дугаар цэцэрлэгийн гадаа уулзаад зодуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.3. Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлэг орж хүн эргэхээр саахалт айлын О эгчийг хань татаад хамт яваад ирье гэж гуйгаад эмнэлэг орохоор О эгчтэй хамт хонхорын 5 дугаар цэцэрлэгийн урд талд явж байтал Гтай тааралдсан. Г архи уусан согтуу байсан. Г ах минь өнгөрчихлөө гээд уйлаад байсан. О эгч бид хоёр юм дугараагүй. Г буцаад явж байснаа газраас чулуу аваад над руу шидэх гэж байгаа юм шиг дөхөхөөр нь би зугтаасан чинь чулуугаа хаясан. Тэгээд О эгч рүү очоод толгойгоороо нэг удаа нүүр лүү нь мөргөчихөөд яваад өгсөн. О эгч цагдаа дуудсан. О эгчийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Тухайн үед тэр хоёр маргалдаагүй. О эгчийг зүгээр зогсож байхад шууд очоод толгойгоороо мөргөсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

1.4. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр О саахалт айлын Дийн хамт эмнэлэг яваад ирье гээд гарсан. Орой гэртээ ирэхдээ зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, зүүн хацар нь хавдсан байсан. Би яасан талаар нь асуухад Дийн нөхөр Г эхнэрийгээ зодох гэхээр нь хажуунаас нь боль гэсэн чинь шууд ирээд толгойгоороо мөргөсөн гэж хэлсэн. Эхнэрээ зодуулсан өдөр би Гтай архи уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 117 дугаар дүгнэлтэнд: Д.Оийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэх шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.6. Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /х.х-ийн 23 хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/ зэрэг болно.

 

   Иймд шүүгдэгч Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Х.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Х.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Г надад нэг хонь, 200 000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гтай сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

2.2. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Х.Г нь цагаан цайлган зантай, хүнд их тусархуу, эвсэг нөхөрсөг харьцаатай, хар бор ажилд сайн хүн. Ямар ч ажил голохгүй хийдэг, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/

 

2.3. Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Гын хувьд мөрөөрөө хүний үгэнд оромтгой, уян зөөлөн сэтгэлтэй, ажил төрөлд хөнгөн хөдөлгөөнтэй, хүнтэй эвсэг харьцаатай, хүнд их тусархуу, мал маллах ажилд сайн хүн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

 

2.4. Х.Гын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / х.х-ийн 39, 40 хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /х.х-ийн 43, 48-49 хуудас/

 

2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан Х.Гын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ял оногдуулах тухай прокурорын санал /х.х-ийн 64-65, 70 хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Х.Гын бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Г нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Халзангийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА