| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Бын Бд холбогдох эрүүгийн 2017000880052 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Бын Б /РД:УХ90082873/, Улаанбаатар хотод 1990 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ....... тоотод оршин суух, “Санжат” ХХК-д жолооч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн 13-3 тоот хашаанд иргэн Д.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи болон салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн 13-3 тоот хашаанд Д.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи болон салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр А, М, Л ах, Ш бид 5 машин дотор нэг шил архи ууж байтал манайд ажилладаг М ахыг таньдаг Б ах ирсэн. Тэгээд бид нар Б ахынд очоод хоёр шил архи уусан. Би юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Сүүлд Б ахын эхнэрээс асуухад А ах куртикээ мартаад би авах гэж буцаад ороход Б ах хажуудаа хувин тавиад шээж байхаар нь эхнэрээрээ хувин тосуулаад шээж байна гэж ойлгоод муудсан гэж хэлсэн. Нэг санахад намайг хүн боож байхаар нь би тэр хүнийг 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Хэнтэй зодолдоод байгаагаа мэдэхгүй байсан. А ах, Ш хоёр салгасан. Хохирогчид 3 000 000 төгрөг төлсөн. Б гэдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа ойлгосон, дахин архи уухгүй гэв.
1.2. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед гэртээ харихаар явж байтал манай гудамжны урд талын гудамжны баруун үзүүрт цэвэр усны шугам тавьж байгаа хэдэн залуучууд жижиг суудлын машин дотор архи уугаад сууж байсан. Би энэ хэдэн залуучуудын нэг болох М гэдэг залуутай урд танилцаж байсан учир машинд ороод М тэй ойр зуурын зүйл яриад хамт байсан залуучуудтай танилцсан. Тэр хэдийн архи дуусахаар нь би манайд очъё гээд замаараа дэлгүүр ороод 0,75 литр, 0,5 литрийн Хараа нэртэй 2 шил архи аваад манайд уусан. Тэгээд тэд нар хоёр шил архиа уугаад хоол идээд явсан. Би согтсон учир эхнэрээрээ түшүүлээд шээж байтал Б гэдэг залуу нь хашааны хаалгаар орж ирж байсан. Б намайг яасан даварсан пизда вэ гэж хэлэхээр нь би өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь миний толгойн зүүн тал руу гараараа цохиод авахад би газар унаад өгсөн. Тэгээд намайг газар өнхөрүүлээд байсан. Би согтуу байсан учраас хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Сүүлдээ манараад юу болоод байгааг мэдэхгүй болсон. Нэг мэдсэн эмнэлэг дээр байж байсан. Миний зүүн талын нүд хавдаад тагларсан байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад чамтай архи уусан залуучуудын нэг нь куртика мартсан гээд буцаж орж ирээд чамайг зодсон гэж хэлсэн. Миний биед урд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Батжаргалд зодуулсаны улмаас зүүн нүд хавдаж хөхөрсөн, дээд уруулын дотор талд цус хурсан, баруун мөр, баруун буглага, нуруунд цус хурсан байсан. Мөн эмчид үзүүлэхэд зүүн нүдний ухархайн дотор доор хана цөмөрсөн хугаралтай байна гэсэн. Одоо нүдний ухархайн яс хугарсан гэмтэлд хагалгаа хийх асуудлыг шийднэ гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/
1.3. Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед манай нөхөр Б гаднаас 5 эрэгтэй хүн дагуулаад орж ирсэн. Манай нөхөр болон хамт ирсэн 5 залуу нь архи уусан байсан. Манайд тэд нар орж ирэхдээ 0,75 литр, 0,5 литрийн хоёр шил Хараа нэртэй архи авчирч ирээд зургуулаа ярьж хөөрөөд архи ууж дуусгаад 5 залуу харих гээд гарцгаасан. Нэг нь гадуур хувцасаа мартсан байна гээд хашааны хаалгаар орж ирээд Быг гэртээ шээлээ гэсэн үү, хувинд шээлээ гэсэн үү шууд дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Би голоор нь ороод салгах гэсэн дийлэхгүй байсан. Гаднаас хоёр нь орж ирээд салгаад байгаа, зодолдоод байгааг нь мэдэхгүй холилдсон зууралдсан хүмүүс байсан. Быг тэр жижигхэн биетэй залуутай зодолдоод эхлэнгүүт нь би нөгөө хүмүүсийнх нь араас нь хүнээ аваарай гээд хашгирсан юм. Би цагдаа дуудлаа шүү гэсэн салцгаагаад явсан. Быг гэртээ оруулаад харахад зүүн нүд нь хавдсан ам, хамраас нь нилээн цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-19 хуудас/
1.4. Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дэнжийн Андууд дэлгүүрээс хойш хийж байгаа ажлынхаа хажууд техник хэрэгслээ хараад жижиг машин дотор Б, М, А, Л бид нар хөзөр тоглоод сууж байтал Б гэх залуу ганцаараа архи уусан байдалтай ирсэн. Б бид нарын ууж байсан архинаас уугаад дэлгүүр ороод 0,75 литр, 0,5 литрийн Хараа нэртэй 2 шил архи авсан. Тэгээд манай гэрт очъё гээд Б, А, Л, М бид нар Бны гэрт очоод 2 шил архийг хувааж уугаад 22 цагийн үед гэрээс гарцгаасан. А ах гадуур хувцасаа орхисон байна гэсэн Б куртикийг нь авахаар буцаад Бны хашаа руу орсон. Удаагүй байж байтал Бны хашаанд хүмүүс чанга чанга дугараад байхаар нь хашаа руу нь яваад ортол Б Бтай дээр доороо ороод ноцолдож байсан. Би салгах гэсэн дийлдэхгүй байсан. А ах салгах гээд оролдож байсан согтуу байсан болохоор газар өнхөрч унаад байсан. Би арай гэж Быг салгаж аваад Кемпрүү явсан. Тэгтэл араас цагдаа ирсэн. Б гараа нүүр лүү нь цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Б мөн Быг зөрүүлээд цохиод байсан. Дараа нь сонсож байхад Б гадаа гэрийнхээ үүдэнд түмпэн тавиулсан шээгээд зогсож байхад нь Б чи түмпэнд шээлээ гээд хэлтэл Б зуураад авсан. Тэгээд зодолдсон гэсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-22 хуудас/
1.5. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Л Улаанбаатар хотоос 0,75 литрийн 1 шил Эдэн нэртэй архи авчирсан. Тэр архийг дэнжийн гэр хороололд хийж байгаа ажлынхаа жижиг машин дотор хөзөр тоглонгоо Б А, Ш, Л бид нар хувааж ууцгаасан. Тэгтэл миний танил Б хүрч ирээд дэлгүүр ороод 0,75, 0,5 литрийн 2 шил Хараа нэртэй архи аваад манай гэрт очъё гэсэн. Бны гэрт 2 шил архи уугаад Л бид хоёр түрүүлээд кемп рүүгээ алхсан. Бид хоёр замдаа эксковаторынхоо хажууд зогсож байтал Ш, А, Б нар араас ирээд Б айлын хүнтэй маргалдаад гэж хэлж байсан. Кемп дээр дөнгөж очоод байж байтал цагдаа хүрээд ирсэн. Цагдаа дээр ирээд гэрэлд харахад Бын нүүр хүзүү нь цус болсон байгаа харагдсан. Сүүлд сонсоход Б А ахын гадуур хувцасыг авах гээд буцаад ороход Б эхнэрээрээ түмпэн тосуулаад шээж байхад нь Б чи эхнэрээрээ хувин тосуулж шээлээ гээд зууралдаад зодолдсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.6. Гэрч Д.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Андууд дэлгүүрийн хойд талын техник хэрэгсэл дээрээ Б, Л, М, Ш бид нар ирээд техник хэрэглээ харах далимаар жижиг машин дотор хөзөр тоглоод Лийн авчирсан Эдэн нэртэй архийг хувааж уусан. Тухайн өдөр гадаа шороон шуургатай байсан учир ажил зогссон байсан. Бид нарыг машинд хөзөр тоглоод сууж байтал Мийн танил Б гээд байгаа залуу орж ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Бид нарын архи дуусаад Б дэлгүүр ороод 0,5, 0,75 литрийн 2 шил архи авч ирээд манай гэрт очъё гэсэн. Б, Л, М, Ш, Б бид нар Бны гэрт очиход гэрт нь эхнэр охин хоёр нь байсан. Тэгээд авч очсон 2 шил архиа ууж байгаад Бны гэрээс яаж гарсанаа мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаа дээр ирсэн байсан. Маргааш нь сонсож байхад би гадуур хувцасаа Бны гэрт орхиод гараад Б авах гээд ороход Б түмпэнд шээгээд зогсож байсан гэсэн. Тэгээд муудалцсан гэсэн. Би мөн араас нь ороод Б, Б нарыг салгах гээд өнхөрч унаад байсан гэсэн. Би өөрөө санахгүй байгаа юм. Архи ууж байхад хоорондоо маргалдаж муудалцсан хүмүүс байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-27 хуудас/
1.7. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр дүгнэлтэнд: Д.Бны биед зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи болон салстын, дээд уруулын дотор салстын цус хуралт, баруун мөрөнд, баруун бугалганд, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи болон салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Баруун мөр, баруун бугалганы зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Нурууны зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 31-32 хуудас/
1.8. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2899 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д.Б 42/эр” гэж хаягласан цусанд 1,9 пхомилли спирт илэрсэн. Цусан дэхь 1,9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэжээ. /х.х-ийн 36-37 хуудас/
1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-7 хуудас/
1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 11 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд зориулан 3 000 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
2.2. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь нээлттэй, хүнд тусархуу, цайлган цагаахан зантай залуу. Ажил төрөлдөө сайн, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
2.3. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь хүнтэй сайхан харилцаад ярьчихдаг, ажилдаа сайн, хүнд тусархуу, цайлган цагаахан зантай залуу байдаг. Бид нарыг хүндэлдэг, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 66 хуудас/
2.5. “Санжат” ХХК-ны захирал Ж.Тийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /х.х-ийн 65, 76 /
2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан Б.Бын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ял оногдуулах тухай прокурорын тогтоол /х.х-ийн 81-82, 88 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Быг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА